
Өчигдөр орой тв-гээр суваг сольж суутал оросын зөн билгийн тулаан гарч байна. Нилээд өндөр ургасан хятад сарнай \ийвс\ тэр гэрт үйлдэгдсэн гэмт хэргийн эзэн болж таарч, зөнчийн хэлснээр түүнээс ялгарах үнэр хүмүүст таагүй нөлөө үзүүлснээр барахгүй хэргийг үйлдсэн эмэгтэйг удирдсан болж таарав. Дараачийн удаа дахин ийм зүйл болохоос сэрэмжилж, мөнөөх алуурчин цэцгийг шатааж устгалаа. Би ч улаан өнгийн үзэсгэлэнт дэлбээт хятад сарнайгаа нэвтрүүлгийн үеэр хэд хэдэн удаа хараад авлаа. Хөөрхий минь нялх юм даа, сайхан гэр бүлд ургаж байгаа болохоор сайхан л энергитэй байж таарна гэж цэцгээ өмөөрөн бодлоо. Өмнө нь бас сөрөг энергитэй цэцэг байдаг, хэрвээ тухайн гэрт амьдардаг хэн нэгэн нь түүнийг ад үзэх ч юм уу, арчилж тордохгүй бол түүнийг зайлуулж дөнгөдөг тухай уншиж байсан болохоор цэцэг бүрийн араншин өөр өөр байдаг юм байна гэсэн ойлголттой болсон байсан юм. Ингээд уншсан дуулснаа өөрийн бодолтойгоо нийлүүлээд та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо.
Зарим цэцэг зөвхөн өөрийгөө халамжлуулахыг хүсдэг тул өөр хэн нэгнийг хайрлаж халамжлахад дургүйцэн, өнөөх өрсөлдөгчөө хөөн зайлуулахаар арга сүвэгчилдэг гэнэ. Ингээд өөрөөсөө ялгаруулах энергийн тусламжтай тухайн байтайгаа дайтдаг байна. Үүний дүнд хохирогч нь өвдөх, эсвэл цэцгийн эзнээс салах гэх мэтээр аяндаа холддог гэнэ.
- Тааралдсан ямар ч хамаагүй цэцгийг сонгох бас буруу бололтой. Ялангуяа хүчтэй химийн бордоогоор бордсон дэлгүүрийн цэцэгс түүнийгээ нэхэж улмаар арчилгаа тордлого, бордоо тохирохгүйгээс үхэхдээ танд гомдон уурлаж ямар л олигтой энерги үлдээх вэ дээ. Тэгэхээр тийм цэцгийг бүү ав гэж байгаа юм биш, худалдагчаас сайн асууж тухайн цэцгийн арчилгаа тордолтыг зөв хийх хэрэгтэй. Нэгэнт та түүнийг хайрлая, амьдруулъя гэж авч байгаа болохоор зөв мэдлэгтэй байх хэрэгтэй байх.
- Өөрийн эрхгүй дур татах цэцгийг сонгохдоо та түүнд татагдаж, түүнд дурласан байдаг. Цэцэгс бидний хооронд амьд харьцаа үүсч харилцан хайрлалцан нэгэндээ хүч, энергийг өгснөөр ажил төрөл минь бүтэмжтэй байх, аз жаргалтай байхад бас нөлөөлдөг байх. Цэцэгс хүний хайрын халамжийг маш нарийн мэдэрдэг гэж би үздэг. Тэд хүнийг баясгах гэж дэлбээлдэг. Муу ургалттай, арчилгаа дутсан цэцгийн эзэн бас хараалгах ч магадлалтай бололтой.
- Хүнд бас тохирдог тохирдоггүй цэцэг гэж байдаг гэсэн. Ордоор нь хүртэл ялгаад тийм цэцэг та ургуулбал ээлтэй гэх мэт зүйл бас уншиж байсан. Үнэн худлыг нь мэдэхгүй ч ач холбогдол өгөөгүй. Би таалагдсан цэцгээ л ургуулдаг. Гэхдээ үнэндээ өрөвдмөөр амьтай голтой төдий ургалттай цэцгийг харахаараа өөрийн эрхгүй өрөвддөг, ядахдаа эзэнд нь зөвлөгөө өгч тусалдаг. Ялангуяа зарим албан газрын цэцэгс тийм харагддаг. Миний зарим цэцэг бэлгэнд ирсэн, зарим нь энд тэндээс гологдож хаягдах үхэх шахсан хөөрхийсийг арчилж авдаг юм. Гэтэл одоо би хамаагүй янз бүрийн орчноос гарал үүсэл нь тодорхойгүй цэцэг авахгүй байхаар шийдлээ. Энэ бодол минь буруу ч юм болов уу?
П.Хандаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.