Германд очсон КГБ-ын ажилтнууд бол хулгайчид

Twitter Print
2014 оны 10-р сар 03-нд 14:27 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн жилүүдэд Германд орон байрны хулгай ихэссэн явдал хуучин КГБ-ын офицеруудтай холбоотой аж. 2013 оны дүн мэдээллээр бол 150 мянган айлын орон сууцанд хулгай орж үнэ цэнэтэй эд зүйлс нь алдагдсан болохыг Германы эрүүгийн цагдаагийн газраас (BKA) мэдээлснийг Frankfurter Allgemeine сонин онцолжээ. Эдгээр бүх хэргүүд хуучин Зөвлөлт Холбоотын бүрэлдэхүүнд багтаж байсан улс орнуудаас эзэд нь удирддаг, зохион байгуулалттай "Орос-евроазийн гэмт хэргийн бүлэглэл"-тэй холбоотой болохыг мөрдөн шалгаж тогтоосон байна.

"Хуулийн хүрээний" тэдгээр хулгайчид Герман улсын нутаг дэвсгэрийг 22 хэсэгт хувааж, хэсэг тус бүрт мэргэшсэн тусгай "бригад" ажиллуулдаг аж. Тэдгээр бригадуудын зарим удирдагчид хуучин Зөвлөлтийн үеийн Аюулаас хамгаалах байгууллага болох КГБ болон өөр бусад чиглэлийн тусгай ажилтнууд байсан этгээдүүд болохыг BKA нотолсон байна. Германы цагдаагийн газраас өнгөрсөн жил гэмт хэргийн 30 бүлэглэлийн мөрөөр орж мөрдлөгө явуулсанаар тэдгээрийн есөн бүлэглэлийн толгойлогчид нь Оросууд, бусдынх нь Украинчууд болон үлдсэн цөөн бүлгийг Гүрж, Казахууд толгойлж байгааг тогтоосон аж.

"Зохион байгуулалттай эдгээр гэмт бүлэглэлүүдтэй амжилттай тэмцэхийн тулд Германы цагдаагийн газар гэмт этгээдүүд гаралтай тухайн улс орны засгийн газартай нягт хамтран ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Гэвч бид одоогоор тодорхой шалтгааны улмаас бэрхшээлтэй тулгараад байна” гэж BKA-ын мэдэгдэлд тэмдэглээд, ”Украины хямралын улмаас Москва, Берлин хоорондын харилцаа эрс муудаж, Германы талаас урьдын адил энэ тал дээр хамтран ажиллах хүсэлт тавих аргагүй болоод байна" гэжээ.

Германы шоронд одоогоор Оросоор ярьдаг таван мянган этгээд хоригдож байгаа бөгөөд тэдний дотор гэмт хэргийн бүлэглэлийн хэд хэдэн удирдагч байгааг сонин онцолжээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.