Мельбурн хотод барилгын ажилчид вакцины гэрчилгээг эсэргүүцэн жагслаа

Twitter Print
2021 оны 09-р сар 21-нд 10:14 цагт
Мэдээний зураг,

Австралийн Виктория мужид барилгын ажилчид коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан байх шаардлагыг эсэргүүцэж жагссантай холбоотойгоор тус мужид явагдаж буй бүх барилгын ажлуудыг зогсоожээ.

Энэ сарын 23-наас барилгын компаниуд ажилчдаасаа коронавирусын эсрэг вакцины эхний эсвэл хоёр дахь тундаа хамрагдсан байхыг шаардаж эхлэхийг эсэргүүцсэн ажилчид жагсаал цуглаан зохион байгуулж, нийтийн болон хувийн өмч хөрөнгүүдийг сүйтгэжээ.

Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар барилгын ажил явагдаж буй зарим талбайг 2 долоо хоног хүртэлх хугацаатай хаах аж.

Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд резинэн сум, перецийн цацлага зэргийг ашиглаж, хэд хэдэн хүнийг баривчилжээ. Жагсагчид Австралийн Барилгын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн Виктория муж дахь салбарын төв хаалганы шилийг хагалж, тус эвлэлийн гишүүд рүү лонх шидэж, шархдуулсан аж.

Австралийн Барилгын ажилчдын үйлдвэрчний эвлэл барилгын ажилчдаас коронавирусын эсрэг вакцинд хамрагдахыг шаардаж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ба гишүүдийнхээ аюулгүй ажиллах эрхийг хамгаалах болно гэжээ.

Барилгын салбарт коронавирусын халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор мөн Мельбурн хотод болсон эсэргүүцлийн жагсаал цуглааны улмаас эрх баригчид Виктория муж даяар бүх барилгын ажлуудыг зогсоожээ.

Нөгөөтэйгүүр хэрэв орон нутгийн удирдлагууд хөл хорионы дэглэмээ сулруулах юм бол барилгын ажил явагдаж буй газруудыг эрт нээх боломжтой аж.

Өнөөдрийн байдлаар Австралид коронавирусын халдварын 87 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн ба уг вирусын улмаас 1167 хүн нас барсан билээ.

Эх сурвалж: https://www.bbc.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.