Энэтхэг улс нийгмийг бохирдлоос цэвэрлэх кампанит ажил өрнүүлж байна

Twitter Print
2014 оны 10-р сар 03-нд 10:56 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгт олон нийтийн газар, гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдээ цэвэр цэмцгэр байлгах бүх нийтийн кампанит ажил эхэлжээ. Тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди, сая сая энгийн иргэд, төрийн албан хаагч, сургуулийн сурагчдыг нэгтгэсэн уг арга хэмжээнд гартаа шүүр барин нэгдсэн байна.

Тэрээр Энэтхэг улсын тусгаар тогтнолыг тунхагласан тэмцэгч Махатма Гандийн мэндэлсэний 145 жилийн ойн тэмдэглэлт ёслолд зориулж Эх орноо цэвэрлэх үйлс Clean India Mission (Swachh Bharat Abhiyan) өрнүүлэх санаачилга гаргасан бөгөөд өчигдөр нийслэл Нью-Дели хотын хамгийн ядуу буурай дүүрэгт ажиллажээ. Мөн тэрээр төрийн албан хаагчид, түшмэдүүдийг тэмдэглэлт энэ баярын өдөр яам тамгын газрууд, тэр дундаа ариун цэврийн өрөөг сайтар цэвэрлэх захирамж өгсөн байна.

Энэ үйлсийн дагуу Энэтхэг улс дэлхийн хамгийн бохир улс орнуудын нэг гэгддэг дүр төрхөө өөрчлөх зорилт тавьсан бөгөөд сайд нарын танхим, цагдаагийн газар, үйлдвэр худалдааны салбарт тэргүүлэгчдийн хамтын хүчээр олон нийт, үйлчилгээний бүх газруудыг нэгэн долоо хоногийн хугацаанд цэвэрлэж цэгцлэх зорилт  тавиад байгаагийн дээр тус улсын ерөнхий боловсролын сургуулиудад шинээр 50 000 жорлон барьж байгуулах захирамж гараад байгаа аж. 2015 оны нйамдугаар сар хүртэл төлөвлөсөн энэ ажлын зэрэгцээ олон муж дүүргүүдэд ариун цэврийн 1001 ширхэг жорлон нэмж байгуулах барилгын ажил эхлэх аж.

Энэтхэгийн олонхи томоохон хотууд, тэр дундаа Нью-Дели, Мумбаи хот эдийн азсгийн эрчимтэй хөгжил, хүн амын шигүү сууршилт, хот төлөвлөлтийн алдаатай бодлогын улмаас хур их хогонд дарагдсан явдал олон нийтийг дайчилсан энэ төрлийн кампанит үйлс өрнүүлэх шалтгаан болж байгаа аж.

Тус улсад олон нийтийн хэрэгцээний ариун цэврийн газар асар их дутагдаж байгаагийн улмаас халдварт өвчин газар авч, хүн амын нас баралт өндөрсөж жил тутам 50 тэрбум долларын хохирол учруулж байгаа Дэлхийн банк судалгаагаар тогтоосон байна.

Энэтхэг улс Британий колончлолоос чөлөөлөгдөхийн төлөө тэмцлийн он жилүүдэд Махатма Ганди хүн бүрийн хувийн ариун цэврийг сайжруулахыг хүсэж "ариун цэвэр бол тусгаар тогтнолоос үнэтэй" хэмээн үздэг байсан аж. Гандийн сургаал ёсоор түүний хамтран зүтгэгчид ч ариун цэврийг эрхэмлэж, нийгмийн доод давхаргын хүмүүсийн уламжлалт зан заншлийг өөрчилж хувийн ариун цэврийг дээдлэх ёс, журам тогтоохыг чухалчилж байжээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди албан тушаалаа авсан цагаасаа эхлэн Гандигийн сургаалаас иш татан тус улсын нийгмийн ариун цэвэрт онцгойлон анхаарч ирсэн байна. Тэрээр Гандигийн 150 насны ойн тэмдэглэлт өдрийг угтан  2019 он гэхэд Ганга мөрнийг бохирдлоос цэвэрлэх амлалт өгсөн байна.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.