Пазырыкийн соёл буюу Түрүү төмрийн үеийн Алтайн нурууны археологийн соёл

Twitter Print
2022 оны 04-р сар 26-нд 09:33 цагт
Мэдээний зураг,

Пазырыкийн соёл буюу түрүү төмрийн үеийн Алтайн нурууны археологийн соёл.

Монгол Алтайтай хил залгаа Орос, Хятад, Казахстаны Алтайд МЭӨ VI-II зуунд холбогдох Пазырыкийн соёл бий. Мөнх цэвдэгт Алтайн нуруунд амьдарч байсан нүүдэлчдийн дурсгалыг Оросын нутагт XIX зуунаас малтаж эхэлсэн бөгөөд анхны малтлага хийсэн “Пазырык” хэмээх газрынх нь нэрээр нэрийдсэн байдаг. Монголын тува-мончогууд булшийг “бажираг” гэж нэрлэдэг.

Пазырыкийн соёлыг тээгч нүүдэлчдийн булшийг ертөнцийн зүгээр урдаас хойш чигтэйгээр нэг эгнээнд цувуулан, овгор дугуй дараастайгаар хийдэг бөгөөд баруун талд нь тахилгын байгууламж зүүн талд нь хамгийн том булшинд зэл чулуу босгодог. Дотоод зохион байгуулалтын хувьд үхэгсдээ модон бунхан, чулуун хайрцаг, ухмал модон авсанд оршуулсан хэмээн ангилна. Мөн адууг ихэвчлэн оршуулсан хүний тоогоор нь дагалдуулдаг. Нас барагсдыг ертөнцийн зүгээр баруун болон зүүн тийш толгойгоор нь хандуулан баруун, зүүн талаар нь хажуулдуулан өвдгөөр нугалж хэвтүүлдэг бөгөөд цөөн тохиолдолд тэнэгэр байдлаар оршуулсан байдаг.

Пазырыкчууд булшаа үйлдэхдээ бунхан, ховд, чулуун хайрцгийнхаа хойд буланд тахилга тайлгаа хийдэг. Үүнд: модон царан дээр хонины ууц, хутга, түүний зэрэгцээ шавар ваар сав зэргийг эмх цэгцтэйгээр дэс дараалан байрлуулдаг байжээ. Ялангуяа шавар ваарыг хүний толгойн харалдаа тавьдаг. Эдгээр ваар саванд ихэвчлэн шингэн эд зүйлс хийх зориулалттай байжээ. Харин бүсэлхийд нь байлдааны зээтүү, чичлүүр хутга, бүсний модон арал, цээжин хэсэгт толь зэргийг тус тус дагалдуулдаг. Харин нуруун талд нумыг модон сумын хамт дагалдуулдаг байжээ. Мөн толгойн талаас малгайн чимэглэл болох модон сийлбэр дүрсүүд, хуудас алтны хэсгүүд гардаг. Дагалдуулсан эд өлгийн зүйлс болон өмссөн хувцас хэрэглэл, адуу малын зүс болон хүний биен дээрхи шивээс зэрэг нь Алтайн нурууны мөнх цэвдгийн тусламжтай үлдэж хоцорсон байдаг.

Пазырыкчууд бол хагас нүүдлийн мал аж ахуйг эрхэлдэг байсан бөгөөд газар тариалан, загас агнуур тодорхой үүрэгтэй байсныг үгүйсгэх аргагүй. Мөн өндөр хөгжсөн гар урлалтай байсныг булшнаас гардаг урлагийн бүтээлүүд гэрчилдэг. Тэд антропологийн хэв шинжийн хувьд монгол, европ төрхтний холимог бөгөөд жирийн иргэдийн хувьд европжуу төрх давамгайлдаг бол язгууртны дунд монголжуу төрх давамгайлдаг байжээ. Нийгмийн зохион байгуулалтын хувьд нарийн бүтэцтэй давхраажсан болох нь “хаадын булш” ба жирийн иргэдийн булшны хэмжээ хэлбэр, дагалдуулсан эд өлгийн зүйлийн хувьд эрс ялгаатай байдгаас харагдаж байдаг.

Түрүү төмрийн үе буюу НТӨ VI-II зууны үед хамрагдахыг эрдэмтэд тогтоогоод байна.

Д.Батсүх

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.