Бидний мэдэхгүй нийслэл хот - 1

Twitter Print
2020 оны 10-р сар 29-нд 16:17 цагт
Мэдээний зураг,

Улсын нийслэл Улаанбаатар хот жилээс жилд өргөжин тэлж, их хотын түүхэн дурсгалт газрууд тэр хэрээр арчигдан алга болсоор байна. Хүүхэд залуучуудад танин мэдэхүйн мэдлэг олгох үүднээс www.mongolcom.mn сайт та бүхэнд нийслэл хотын түүх, түүхэн дурсгалт газар, нийслэл хотын уугуул иргэд, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудын талаар цуврал нийтлэлийг хүргэж байна. 

Нэг. Өргөө хотын хөгжлийн үе. 1639-1691

1636 онд Өвөр Монгол Манжид дагаар орсны дараа Манж Чин гүрний улс төрийн санаархал Халх Монгол руу чиглэх нь тодорхой байлаа. Тиймээс халхын ноёд халх монголчуудыг нэгтгэн нягтруулах арга сүвэгчилж эхлэв. Ингээд 1639 онд Ширээт цагаан нуурын орчимд халхын ноёд чуулж, Түшээт хан Гомбодоржийн таван настай хөвгүүн

Занабазарыг Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилж, Өргөө барьж өгчээ. Энэ нь өнөөгийн Улаанбаатар хотын үүсэл болсон юм.

Занабазарын орд өргөө нь “… сүм хийдийн гэхээсээ ордны шинж чанартай байв”. Өргөө байгуулагдсан явдал нь тухайн үеийн монголын улс терийн ороо бусгаа байдалтай шууд холбоотой юм.

1640 онд Өндөр гэгээнд зориулж Бат оршил өргөх Даншиг наадмыг анх удаа долоо хошуу даяар хийв. Энэхүү наадам нь нэг талаас өндөр тэргүүнд өргөмжилсөнтэй холбоотой ч нөгөө талаас баяр наадмаар дамжуулж монголчуудыг нэгтгэн нягтруулах гэсэн улс төрийн бас нэгэн оролдлого байв.

1650 онд Өндөр гэгээн Занабазар Төвдийн V Далай лам Лувсанжамцаас Жавзандамба хутагт хэмээх цол авав.

1651 онд "Өргөө"-д анхны долоон аймгийг байгуулав. Эдгээр аймаг нь хожим 30 аймаг болж нэмэгдсэн билээ. Анхны долоон хутагтын хөрөнгийг хадгалах, хүнс бэлтгэх, бурхан засах зэрэг аж ахуйн үүрэгтэй байсан бол XX зууны эхэн үеийн 30 аймаг нь шашны захиргааны нэгжийн үүргийг гүйцэтгэж байв.

1691 онд халх монголчууд Манжид дагаар оров.

Дүгнэлт: Энэ үе нь манжийн эрхшээлд орохоос өмнөх үе буюу халх монголчуудыг улс төрийн хүрээнд нэгтгэх оролдлоын үе байв. Өргөө нь Халх Монголчуудыг нэгэн үзэл санаа, шашны тугийн дор нэгтгэх гэсэн улс улс төрийн зорилгоор байгуулагдсан газар юм.

Хоёр. Манжийн эрхшээлийн үеийн шашны төв. Их Хүрээ. 1691-1778

1706 онд Өндөр Гэгээн Занабазар одоогийн Архангай аймгийн Түвшрүүлэх сумын нутаг Эрдэнэтолгой хэмээх газар “Батцагаан” цогчин дуганыг барьснаар Өргөөг Их Хүрээ болгон өргөжүүлжээ.

1719-1747 оны хооронд Их Хүрээ 20 орчим удаа нүүжээ.

1747 онд Богд хан уулын өвөрт Манзуширыг хийдийг байгуулав.

1758 онд Их Хүрээний сайдын газрыг байгуулав.

1761-1765 онд Алтан тэвшийн хөндийд боссон анхны хий Дамбадаржаалин буюу Шашныг бадруулагч хийдийг II Богд Жавзандамба хутагтын дурсгалд зориулан байгуулжээ.

Их Хүрээ Орос, Хятадыг холбосон худалдааны замын дагуу нүүдэллэх болсноор хүрээн дэх гадны худалдаачны тоо олшров.

1778 онд Их Хүрээ дөрвөн уулын дундах Алтан тэвшийн хөндий, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхор хэмээх газар нүүн ирснээс хойш суурьшиж эхэлжээ. Их Хүрээний нүүдлийн хамгийн урд тал нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ширээт цагаан нуур, баруун тал нь Архангай аймгийн Түвшрүүлэх сумын Эрдэнэтолгой, хойд тал нь Сэлэнгэ аймгийн Ерөө сум, зүүн тийш Туул Тэрэлжийн бэлчирт хүрнэ. Хүрээнд сүм дуган, гэр, хашаа, байшин олширч байнга аж төрөх лам, хар, урчууд, үйлчин эмэгтэйчүүд, яам тамгын газрын бичээч, түшмэл, галч, зарлага, шар хар ноёдын шавь хамжлага, хүрээ хийд, худалдаачдыг бараадсан амь зуух хэрмэл цагаачдын тоо өсч, цаашид байнга нүүдэллэх боломжгүй болсон тул Их хүрээ суурьшиж, нүүдэл зогссон байна.

Дүгнэлт: Энэ үед Халх Монгол нь манжийн эзэнт гүрний хамгийн хойд талын алслагдмал хязгаар газар болсон төдийгүй Өргөө нь Манжийн хааны шашын бодлогыг хэрэгжүүлэх газар болон хувирав. Мөн энэ үед Өргөө Их хүрээ болон өргөжиж, Халх Монголын шарын шашны төв, гадаад, дотоодын худалдааны чухал зангилаа газар болсон юм. Ийнхүү Их хүрээ нүүдлийн байдлаас суурьшилд шилжих үйл явц дуусав.

Бидний мэдэхгүй нийслэл хот-2 http://mongolcom.mn/like/14602

Бидний мэдэхгүй нийслэл хот-3 http://mongolcom.mn/read/14904

Бидний мэдэхгүй нийслэл хот-4 http://mongolcom.mn/read/15365

Бэлтгэсэн: Сэтгүүлч Г.Ганчимэг

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.