Халед Хуссейн "Цаасан шувуу наадуулагч" романыг заавал уншаарай

Twitter Print
2021 оны 09-р сар 10-нд 08:55 цагт
Мэдээний зураг,

Халед Хуссейн "Цаасан шувуу наадуулагч" романыг заавал уншаарай.

“Цаасан шувуу наадуулагч”-аас миний олсон хамгийн эхний чагт бол “Гэмтэн өөрийнхөө гэмийг хэтэрхий тодорхой мэдэж, өөртөө байнга сануулж амьдардаг нь л тэдний хамгийн том амьдын шийтгэл”.

Номны эхэнд шахуу “Түүнээс гадна бид хоёр нэгэн дээврийн дор хамт өсөж мөн л дор бүрнээ нэг нэг ондоо үг хэлж хэлд орсон билээ. Тэр нь юу гэвээс, миний хувьд <<Аав>> гэсэн үг байсан бол Хассан харин <<Амир>> буюу миний нэрийг хэлж анх хэлд оржээ. Одоо эргээд бодож байхад 1975 оны өвөл болсон тэр хэрэг болон түүнээс хожим хойно өрнөсөн явдлууд чухам л энэ хоёр үгнээс үүдэлтэй болохыг би сая ухаарч билээ” гэж Амирын ярьж буй хэсэг гардаг. Амир нь Кабулын баяны хүүхэд, Афган, харин Хассан нь тэдний гэрийн зарц Алигийн хүү, Хазара үндэстэн юм.

Нээрээ л Амир амьдрал туршдаа эцгийнхээ хайрыг татахын төлөөнөө аргаа барсан бол Хассан Амирын дэргэд бодьтой бодьгүйгээр байнга л оршин байж, дэмнэн тусалдаг байжээ.

Дээр өгүүлсэнчлэн Хассан болон Али нар Хазара үндэстэн бөгөөд номны турш Хазарачууд Афганид ямархан их зовлон амссан ч, тулж ирснээ даваад ард нь гараад амьдардаг тухай, хичнээн их гомдмоор, хатуужиж сөрмөөр, тэгэх тусмаа эвдэрч араатанлаг шинж рүү дөхмөөр хэрэг явдал гарсан ч туйлгүй үнэнч зангаа гээлгүй, харин ч бүр тэнгэр шиг уужим дотроо хэзээ ч алдахгүй урагшилж байгаа тухай гарна. Хазарачуудыг Афганыхан хулганаар хооллогч, навшгар хамартан, ачааны илжиг гэж нэрлэдэг байгаа юм.

1973 онд Афганд дайн дэгдэнэ. Амар тайван байсан Кабул хот үүнээс хойш амрын заяа үзээгүй юм гэнэ.

Афганд өвөл бүр хүүхдүүдийн дунд багийн цаасан шувууны тулаан болдог, нэг баг хоёр хүүхдийн бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд энэ үеэр тухайн хотын иргэд байшингийнхаа дээвэр дээр гарч ирж оролцогчдыг дэмждэг тун хөл хөөртэй баяр-тулаан ажээ.

1975 оны өвөл Амир, Хассан хоёр баг болон хотын тэмцээнд оролцлоо. Хамгийн сүүлд тайрагдаж үлдсэн цаасан шувууг түрүүлж олж ирвэл хамгийн том ялалт болдог байсан бөгөөд Хассан ч цаасан шувууг эцэстээ хаа хүрч унахыг төвөггүй мэддэг тул Амир агьтаа “Таны төлөө бол мянга түмэн удаа ч байсан хамаа алга” гээд гүйчихдэг... Гэвч цаасан шувуугаа олоод гэрээдээ харих замдаа урьдын өшөөтөн гурван баяны хүүхдүүдтэй таарчих нь тэр. Ингээд намайг уйлуулж, нүд нулимсаар дүүрснээс болж цааш уншиж чадахгүйд хүргэсэн хэсэг ирдэг. Хассан үнэнч сэтгэлээ үзүүлэх гэсэндээ биш, зүгээр л өөртэй нь хамт төрчихсөн тэгээд хэзээ ч балрахааргүй үнэнч зангаасаа болж цаасан шувуугаа өгөхгүй гэсэндээ зэрлэг балмадаар доромжлуулсан. Хамгийн харамсалтай нь, Амир Хассаныг жигшүүртэйгээр доромжлуулж байхад хөлдсөн горхины хажууд, хашааны булангаас харсаар байж туслаагүйгээр барахгүй мэдээгүй царайлж, хамгаа зориулж авч үлдсэн цаасан шувууг нь аваад гэртээ харина. Энэ муухай хэрэг боловч, зөвхөн аав нь өөрийг нь тоогоосой гэсэн хангагдаагүй хүслээс нь үүдэлтэй юм. Ингэж нэг хэсэгтээ л аавынхаа хайрыг татсан хүү болно доо. Бусдын нүдээр бол Амир хүний үнэргүй, хуншгүй зан гаргаж, ажиггүй явах мэт боловч үнэн хэрэг дээрээ гэмийн хажуугаар дуугүй өнгөрч, өөрийг нь гагц өмөөрөгч Хассанаа доромжлуулсандаа өөрийгөө байнга буруутгасан сэтгэлийн зовиуртай нэгэн болж хувирна. Энэ хэргийг мэдсэн хоёр хүнээс бусад нь бүгд л Амирийг магтан сайшаана. Гэвч Амир өөрийнхөө бурууг гэрчилж санаа амармаар л байгаад байсан юм.

Энэ цаг мөчөөс хойш Амирын зүрхэнд тэр хоёрын хоорондын харилцаанд нүдэнд үл үзэгдэх ан цав үүсчих шиг болно. Ерөөс гэм нүгэл гэдэг хүнийг тайван амгалан байлгах эд биш юм. Өөрөөр хэлбэл, гэмтэн өөрийнхөө гэмийг хэтэрхий тодорхой мэдэж, өөртөө байнга сануулж амьдардаг нь л тэдний хамгийн том амьдын шийтгэл.

Ямар ч байсан сэтгэл нь ийн тавгүйтсэн Амир арга саам сэдэж байж Али, Хассан хоёрыг гэрээсээ явуулна. Ингээд ч гүйцэд сайхан амар тайван болсон зүйл үгүй.

Тэр хоёрыг явуулснаас хэдэн жилийн хойно дайны хөлөөс болж хотод байх аргагүй болсон тул бусад олон арван гэр бүлийн адилаар Али аавтайгаа нутгаа орхин Америк зүг зүтгэв.

<<Би нүдний харцаа буцаагаад гар тээшиндээ тусгах үед аавыгаа өөрийн эрхгүй ихэд өрөвдөж билээ. Тэр насан туршдаа бүтээж, төлөвлөж, тэмцэж, үймрэн шаналж мөрөөдсөний эцэст үлдсэн зүйлс гэвэл: Ганц бүтэлгүй хөвгүүн болон хоёр гар тээш төдийхөн л хоцорч дээ>> гэсэн хэсэг Америк явах замдаа Амирын бодсон бодол. Бид насаараа ямар нэг хөрөнгө зоорийн төлөө амьдарч болох боловч, эцэстээ нэг л салхинаар юу ч үгүй болох хялбар эд юм шүү дээ.

Амирын аав гэж нэг сайхан хүн бий. Баян хүн бүр муу хүн байдаггүй гэдгийг тэр биеэрээ үзүүлнэ. Афганы нэг баярын заншил ёсоор бол сүсэгтнүүд мал нядлаад, гурван хэсэг болгон хувааж, нэг хувийг нь өөрсдөө хэрэглэн, үлдсэнийг нь хөрш зэргэлдээ айл хунарынханд амсуулаад, гуравдахь хувийг ядуу зүдүү хүмүүст өглөг болгон хүртээх учиртай юм. Харин Амирын аав гаргасан махаа бүгдийг нь ядууст тараан өгнө. Тэгэхдээ <<Баячуудын өөх язрах дөхөөд байна>> гэж хэлэх дуртай. Америк явах замдаа хамт явж байсан Афган эмэгтэйг Орос халамцуу цэрэгт доромжлуулахгүй гэхдээ бууны амны өөдөөс цэх зогсож байсан зоригтон. Түүнийг баавгайтай ноцолдож явсныг гэрчлэх гурван хумсны ор нуруун дээр нь байдаг. Гэхдээ энэ тухай Амир өөрийнх нь амнаас биш аавынхаа дотны сайн найз Рахим Ханаас сонсдог. Ер нь аав нь түүнтэй тийм ч их юм ярьдаггүй, хайрлаж байгаа нь илэрхий харагдахгүй тун зовооно. Угаас тэр хоёрт адил төстэй зүйл бараг үгүй болохоор тэр. Эрэмгий, хийсэн бүхэн нь амжилт олох сайхан залуугийн хүү гэхэд Амир хэтэрхий нунж дорой, үргэлж л айлын хүүхдүүдээс Хассанаар хамгаалуулна, тэгэх мөртөө номноос сална гэж үгүй. Хажуугаар нь бас аав нь Хассаныг үргэлж тоож, анхаарч, заримдаа ганцаар эдлэх гэсэн аавын хайрыг түүнтэй хуваах гэнэ. Гэхдээ л уруул дордойвч, элэг дордойхгүй гэгчээр аав нь 18 хүрсэн том залуу түүнийг дайны хөлөөс зайлуулж, Америк авч яваа нь энэ...

Амир агь Америкт очоод Сорояа нэртэй Афган охинтой танилцаж, гэр бүл болох үед Сорояа охин өөрийнхөө урьдын гэм нүглийг уйлан хайлан ярихад нь Амир өөрийнхөө гэмийг ч гэсэн ингээд ярих юмсан гэж бодсон ч тэнхэл үл хүрнэ... Гэх мэтчилэнгээр Амир хичнээн удаа сэтгэлээ онгойтол хамаг юмаа ярьчихмаар байсан ч, ингэж улайх нь тэнцүүгүй зоригтой хүний л хийдэг ажил болохоор чадалгүй их удна.

Ном энэ хүрэхэд ердөө тал нь болж байгаа хэрэг. Хойшдоо улам ч сонирхолтой үйл явдлууд гарах бөгөөд сэтгэлийн эрх чөлөө рүү тэмүүлэх тэр нэг аюултай, мөн сайхан аялалын тухай уншихдаа та огт харамсахгүй...

Батжаргалын Заяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.