"Союз-39" сансрын хөлгийн командлагч сансрын нисэгч Владимир Жанибековын дурсамжаас...

Twitter Print
2023 оны 03-р сар 22-нд 12:41 цагт
Мэдээний зураг,

Монгол хүн сансрын уудамд ниссэний түүхт ойн өдөрт: 

"Союз-39" сансрын хөлгийн командлагч сансрын нисэгч Владимир Жанибековын дурсамжаас:

"Монголын сансрын нисгэгч бусдаас юугаараа онцлог байсан гэвэл, дорны хүний юманд буурь суурьтай ханддаг шинж байсан. Тэр тухайн байдлыг дүгнэж чаддаг сайн талтай. .Нөхцөл байдалдаа гайхалтай дасан зохицож чаддаг. Тэр хэзээ ч илүү юманд сэтгэл зовдоггүй, хэзээ ч сандарч, яардаггүй. Бүх юмыг яг таг хийдэг. Яг л цагны механизм шиг. Өөрийн цагийн хуваарийг яг таг биелүүлж, хөтөлбөрөө хянаж байсан. Долоо хоног хамт сансарт нисэхэд ямарч өө сэв гаргаагүй.

Биднийг Монгол дээгүүр нисэж байхад тэр хөлгийн цонхноос салдаггүй байсан нь л тийм юм даа. Гүр цонхоор эх нутгаа хараад нүдээ салгаж чадахгүй ширтэж маш их баярлаж байсан." гэж дурссан нь бий. Ж.Гүррагчаа гуайн овог, нэрийг тухайн үеийн гадаадын сэтгүүлч, нэвтрүүлэгч нар хэлэх гэж бараг л хэлээ хугалах шахдаг байсан гэнэ. Нэг үе бүр радио, телевизэд нэвтрүүлэгч сонгохдоо Монголын сансарын нисгэгчийн овог, нэрийг анхны уншилтаараа нэг ч түгдэрч, бүдрэлгүй зөв уншиж чадсан тэр хүн ямарч үгийг уншина гэж үзэн шууд авдаг болсон байж.. Харин сансрын ахан дүүс нь сансрын нисгэгч Ж.Гүррагчааг "Гүр" гэж дуудна.

1981 оны 3 сарын 22-нд Байконурын сансрын станцаас БНМАУ-ын сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогджээ. Тэд сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрч, 5.226 сая км зайг туулан, сансарт аялж, эх дэлхийдээ амжилттай газардсан байна. Зөвлөлт-Монголын багийнхан шинжлэх ухааны хөтөлбөрөө бүрэн гүйцэд биелүүлж 25 туршилт сансарт амжилттай хийжээ Цогцоор нь тэдгээр туршилтуудыг “Эрдэм” гэж нэрлэсэн байдаг..Тэдний ажил Монгол улсын газар тариалангийн талбайн газар зүйн зураглал хийхэд болон тэдгээрийн бүтээмжийг урьдчилан тогтооход чухал ач холбогдолтой болсон байна. Мөн анх удаа Монгол улсын нутаг дэвсгэрийн цэнгэг усны нөөцийг данслах зорилгоор Монголын уулархаг нутгийн мөсжилтийн зургийг авч, судалгаа явуулсан байдаг аж.

В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар бол ОУ-ын сансар судлалын хөгжилд хувь нэмэр оруулсан оддын баатарууд билээ. 1981 оны энэ сарын энэ өдөр Монгол улс сансарт хүнээ нисгэсэн 10дах улсаар дэлхийд бүртгэгдсэн бол Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь Монгол улсаас сансарт ниссэн анхны, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь хүн болсон юм.

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой-Монгол цэргийн өдөр, Монгол хүн сансрын уудамд ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг сансрын нисгэгч, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаад хүртээсэн билээ.

Э.Сарнай

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.