Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг иргэд мэдэж байх хэрэгтэй

Twitter Print
2021 оны 04-р сар 28-нд 14:47 цагт
Мэдээний зураг,

Иргэд цагдаагийн алба хаагчидтай тэр бүр харилцаад байдаггүй. Гэхдээ сүүлийн үед хөл хорионы улмаас төдийлөн цагдаатай харьцаад байдаггүй иргэн хүртэл цагдаагийн алба хаагчтай нүүр тулан харилцах хэрэг гарч байгаа билээ.

Иймд иргэн таныг мэдэж байхад илүүдэхгүй болов уу гээд цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн онцлох заалтуудыг хураангуйлан хүргэж байна.

Мэдээлэл болгон хэлэхэд Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг 2017 оны 06 сарын 23-нд, Цагдаагийн Ерөнхий газрын даргын А/129 тоот тушаалын хавсралтаар баталсан байдаг. Ингээд дүрмийн заалтаас онцлон хүргэе.

1. Цагдаагийн алба хаагч нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг даган мөрдөж байх ёстой. Энэ нь товчхондоо бол хүнтэй хүн ёсоор хүнлэг харилцаж байх ёстой гэсэн үг юм.

2. Цагдаагийн алба хаагч нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн хувь хүний хувийн нууцыг бусдад задруулж болохгүй, бас тэрхүү нууцыг хувийн зорилгодоо ашиглаж болохгүй байдаг.

3. Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн чиг хандлагаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хэнтэй ч тэгш харилцаж байх ёстой гэсэн үг юм.

4. Цагдаагийн алба хаагч нь ажлаа хийх явцдаа бусдын эрхэнд хууль бусаар халдах, чирэгдүүлэх, дарамтлах, хүнд суртал гаргахгүй байх ёстой.

5. Мөн цагдаагийн ажилтан иргэнтэй тэгш бөгөөд хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, тэдний нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх ёстой.

6. Цагдаагийн ажилтан өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой, хүнлэг, хүлээцтэй харьцах, үл тоох, шаардлагагүй баримт бичиг нэхэх, гаргасан гомдол, хүсэлтийн талаар маргахгүй байх дүрэмтэй.

7. Мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, ялгаварлан гадуурхах, эрхшээлдээ байлгах, басамжлан доромжлох, сүрдүүлэхгүй байх ёстой байдаг.

8. Цагдаагийн алба хаагч нь иргэдтэй маргалдах, хэл амаар доромжлох, зохисгүй үг хэллэг хэрэглэх, шивнэлдэх, инээлдэх, залхсан, эсвэл уцаарласан өнгөөр харьцах зэргээр зан харьцааны дутагдал гаргахыг цээрлэх ёстой.

9. Мөн цагдаагийн албаны соёл, дэг журмыг баримтлан иргэдтэй төлөв төвшин харьцах гэж заасан байдаг.

Ёс зүйн дүрэмд, хамт мөр зэрэгцэн ажилладаг нөхөдтэйгээ хэрхэн харилцах, авлига, хээл хахуулиас ангид байх, цахим орчинд биеэ хэрхэн авч явах зэрэг өөр маш олон заалт байдаг бөгөөд энд зөвхөн иргэдтэй харилцах үед баримтлах ёстой заалтуудыг товчлон оруулахыг хичээлээ.

Иргэн та ч гэсэн өөрийн үүргийг биелүүлж, цагдаа нарынхаа хууль ёсны шаардлагыг биелүүлж байгаарай хэмээн захья.

Хуульч О.Анхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.2) 2014-03-13 12:24
      • 0
      • 0

      энэ телевизийг татан буулгаж хувьчлах нь зүйтэй, үзэх юм байхгүй шүү дээ, салбайдаг л урж шиддэг нэвтрүүлэгтэй өөр юу ч байхгүй, залуу зохион бүтээгч ч гэх шиг жинхэнэ тэнэг инээдтэй, заримдаа бүр уур хүрмээр байдаг юм мэдээ мэдээлэл бол бүр таг болсон шүү дээ, овоо шуурхай мэдээтэй байсан даа, одоо бүр өнгөрсөндөө

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.235) 2013-11-22 12:14
      • 0
      • 0

      He he onigootoi yum. Uneheer dotoitchihoj dee.

      Хариулах