
АНУ-ыг хэрвээ байр зүй судлал (картограф), далбаа, тэмдэгт судлал буюу вексиллологи, хүн амынх нь хэмжээгээр нэгтгэн үзвэл маш сонирхолтой зураг гарч ирэх ажээ. Тус улсын нийт муж улсуудын ДНБ, хүн амных нь тоог дэлхийн бусад улс орнуудтай харьцуулан үзэхэд ийм зураг гарч байна.
Жеймс Ричардс гэх хүний бүтээсэн уг зургаар бол Монгол улс хүн амынхаа тоогоор Юта муж улстай дүйцэж байгаа бололтой. Тус муж улс 2011 оны тооллогоор 2,817,222 хүн амтай, холбооны эдийн засгийн товчооноос гаргасан статистик мэдээллээр ДНБ нь 114,5 тэрбум доллар буюу АНУ-ын ДНБ-ний 0,78 хувийг эзэлдэг байна. 2011 оны дүн мэдээллээр хүн амын дундаж орлого 24 977 доллар, ажилгүйдэл 6,8 хувьтай гарсан аж.
АНУ-ын баруун хэсэгт байрлах, зүүн хойд талаасаа Вайоминг, зүүн хэсгээрээ Колорадо, өмнө талаасаа Аризона, баруун талаасаа Невада, хойд талаасаа Айдахо муж улсуудтай хиллэдэг тус муж улс бүхэлдээ уулсын орон гэгддэг.
Индианчуудын хэлээр Юта гэдэг нь “уулын хүмүүс” гэх утгатай аж. 1896 оны нэгдүгээр сарын 4-нд АНУ-ын 45 дахь муж улс болсон тус мужийн төв нь Солт Лейк сити билээ.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505