Б. Халиунгэрэл: Тод өнгө дөрвөн улирлын алинд ч тохирно

Twitter Print
2014 оны 10-р сар 11-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

“Хамгийн энгийн зүйлээр л эрхэмсэг оршихуйг бүтээдэг” гэдэг. Хурц тод өнгөөр нүд гялбуулж, сонин содон загвараар хараа булаах, энгийн өнгүүдээр ч гайхамшгийг бүтээгчид бол дизайнерууд. Залуу хүний эрч хүч, хөдөлмөрч зан, хийсэн бүтээснээрээ залууст үлгэр жишээ болж яваа залуу дизайнер Б.Халиунгэрэл бүсгүйн ертөнцөөр та бүхнийг аялуулах гэсэн юм. 

Тэрээр хувцасны загвар хэмээх хүн төрөлхтөн үүссэн цагаас одоо хүртэл хөгжиж ирсэн агуу баялгийг монголчууддаа болон гадныханд сурталчлах, таниулах зорилгоор ажиллаж байгаа Монголын дизайнеруудын нэг.

Хэн ч, хаана ч өмсөж болохуйц хийц маяг, донж нь дээд зэргээр зохицсон эгэл мөртлөө эрхэмсэг загваруудыг Монголдоо үйлдвэрлэгч “Swansea” хувцас загварын салон үйлдвэрлэдэг. Нэртэйгээ дүйцэхүйц чамин тансаг зэрэглэлийн тэдний үйлдвэрлэсэн хувцас боломжийн үнээр үйлчлүүлэгчиддээ хүрдэг нь олны талархалыг хэдийнээ хүлээгээд амжжээ. Өөрийн үүсгэн байгуулсан салондоо моделоос гадна дизайнераар ажилладаг Б.Халиунгэрэлтэй өнөөгийн загварын чиг хандлагын талаар халуун дотно яриа өрнүүллээ.

-Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа.

-Юуны өмнө танай сайтын хамт олонд болон уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.

​-“Swansea” гэдэг өөрийн брэндтэй болчихлоо. Дуудахад хүртэл чихэнд уянгатай сонсогдох юм. Таны хувьд хүсэл мөрөөдлийн чинь нэгээхэн хэсэг байх?

-Хүсэл минь бага багаар биелж байна. Өмнөө маш том зорилго тавьж, түүнийхээ үзүүрээс барьчихсан болоод ч тэр үү багын мөрөөдөл минь биеллээ олсон гэхэд болно. Ерөнхийдөө загварын талдаа маш сонирхолтой хүүхэд байсан. Дэлгүүр хэсч, өөрт таалагдсан хувцсаа авъя гэж бодоход сонголтоос эхлээд загвар хийцний хувьд давтагдах асуудал бол энгийн үзэгдэл. Тиймээс залуу хүний хувьд үүнийг эвдэж, загвар болоод өнгө дизайны хувьд дахин давтагдашгүй хийц загвараар Монголдоо яагаад үйлдвэрлэж болохгүй гэж их бодсон.

Нью-Йоркт гарч буй загварын хувцсыг ч мөн адил Монголд нэвтрүүлж гадны брэнд хөөхөөс илүүтэй дотооддоо чанартай хувцас үйлдвэрлэснээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжвэл эх оронд маань ч хэрэгтэй, гадагшаа урсч буй мөнгөний урсгал ч дотооддоо үлдэх сайн талтай. Өнөөдөр манай улсад брэнд бүтээгдэхүүн худалдаалдаг гэх дэлгүүрийн хувцас маш өндөр үнэтэй зарагддаг. Хийц, дизайн, чанарын хувьд байдаг л нэг, эдэлж хэрэглээд дуусдаг хувцас шүү дээ. Зөвхөн нэрний төлөө асар өндөр үнэ төлж байна гэхэд болно. Ийм үнэтэй хувцас авч өмсөх хүн ард олны маань хэдэн хувь нь билээ.

Яг үнэндээ ганц оймсыг 50 доллараар авах хүн ховор. Иймд үнэтэй тансаг брэндээс илүү материалын хувьд биед эвтэйхэн, эрүүл, ямар нэгэн харшил өгөхгүй, загвар хийцийн хувьд шинэлэг, чанар сайтай хувцсыг боломжийн үнээр авч өмсөх бололцоог манай “Swansea” хувцас загварын салон олгохыг хүсч байгаа юм. Гол нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн байдлыг харгалзан, зөвхөн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн гаргадаг.

-“Swansea” брэндийн нэрний тухайд?

- Нэрний тухайд их утга учиртай. “Swansea” гэдэг нь далайн хун гэсэн үг. Манай дэлгүүрээр үйлчлүүлсэн бүсгүйчүүд маань яг л хун шиг болоод гоо үзэсгэлэнтэй, сэтгэл ханамжтай, эмэгтэй хүн гэдгээ мэдрээд гараасай гэдэг утгаар энэ нэрийг өгсөн. 

-Хятад бараанаас хямд үнэтэй байж “үндэсний үйлдвэрлэл” хөгжинө гэдэгтэй санал нийлэх үү?

-Монголд бараа бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар болоод амжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж, нэг ёсондоо үнийн дарамтанд орж худалдан авах чадваргүйд хүрч байна. Тэгэхээр иргэд хямд барааг сонгохоос өөр гарцгүй. Брэнд үйлдвэрлэгч улс орнууддаа манайхаас бараг 2-3 дахин хямд байдаг. Тийм болохоор Монгол брэнд бүтээгдэхүүн төрүүлснээр үйлдвэрлэгчид ч хамтдаа хөгжих боломжтой юм.

-“Swansea” бүтээгдэхүүнээ гаргаад хэдий хугацааг өнгөрөв?

-Манай “Swansea” хувцас загварын салон байгуулагдаад нэг жилийн нүүрийг үзэх гэж байна. Байнгын үйлчлүүлэгчдийн тоо ч өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа. Анх каталогидаа ажил хэрэгч, оффис загварын хувцасны чиг хандлагыг гаргасан. Ажил хэрэгч хувцаслалт цаанаа л нэг тансаг, басхүү дэгжин байх ёстой. Энэ төрлийн хувцаслалтаас сонголтоо хийдэг бүсгүйчүүд цөөнгүй учраас өнгөний хувьд тод өнгийг сонгож, каталогидоо оруулж өгсөн.

Мөн үндэсний загварын дээл, гоёлын даашинз, хавар намрын пальто, савхи зэрэг үйлчлүүлэгчдийнхээ хүссэн загвараар оёж, үйлдвэрлэж байгаа. Дээрээс нь манайх хийсэн костюм, пиджакаа Солонгос руу экспортолдог. 

-Дизайнертай ярилцаж байгаа болохоор таны дотоод ертөнц илүү сонирхол татаж байна. Тэгэхээр Б.Халиунгэрэл гэж чухам хэн юм бол. Юу бодож сэтгэж явдаг талаар яриагаа үргэлжлүүлье?

-Хүн өөрөө өөртөө л таалагдах ёстой. Зүгээр гудамжинд алхахдаа ч тэр өөрийгөө загвар өмсөгч шиг санаж, биеэ зөв авч явах хэрэгтэй. Наанадаж гудамжны соёл. Заавал тоос тортогтой орчинд явлаа гээд толгой бөхийх утгагүй. Миний хамгийн их бодож явдаг зүйл гэвэл би хэн нэгнийг дуурайх биш өөрийн гэсэн нэг зүйлийг хийж бүтээх юмсан гэсэн чин хүсэлтэй явдаг. Би чинь залуу хүн шүү дээ. Цаашдаа “Swansea” хувцас загварын салоноо өргөтгөж хэд хэдэн салбар дэлгүүрээ Улаанбаатарт нээхийг хүсдэг. Энэ ч утгаараа хийх ёстой ажлынхаа нэн тэргүүнд тавьчихсан ажиллаж байгаа.

Би тэмдэглэл хөтлөх дуртай. Хийх ёстой ажил болоод ирээдүйд хийнэ гэсэн зүйлээ төлөвлөн биччихээр их амар байдаг. “Зорилготой хүн хэчнээн бартаатай замаар явсан ч ажил нь бүтдэг. Зорилгогүй хүн хэчнээн дардан замаар явсан ч ажил нь бүтэхгүй” гэдэг сайхан үг бий. Үүнтэй адил зорилгоо тодорхойлон бичдэг гэх үү дээ.  

-Тэгэхээр таны хувьд анх загварын тайзнаа гарч байсан дурсамжаа хуваалцвал?

-Анх “Шилмэл загвар” агентлагийн сургалтанд суралцаж, загварын тайзнаа гарч байсан. Цаашлаад гэрээтэй ажиллах саналыг надад тавьсан. Тухайн үед хувийн компанид менежерийн ажил давхар хийдэг байсан болохоор цаг зав ч амжихгүйн улмаар “Шилмэл загвар” агентлагаасаа гарсан даа.

 

-Загвар өмсөгчөөс гадна дизайнер гэсэн мэргэжлээр хэзээнээс ажиллах болсон бэ?

-Хувцас загварын чиглэлээр 2010 оноос эхэлж хувиараа загвар гаргаж эхэлсэн. Багын мөрөөдөл загвартай холбоотой учраас яг энэ чиглэлээр явна гэдэгтээ яагаад ч юм эргэлздэггүй байсан. Өөрийн гэсэн бүтээгдэхүүнээ гаргалаа. Эргээд харахад хүсэл маань баг багаар боловч биелж байгаа болохоор ажил ч урагштай сайхан санагдаж байна.

-Алдартай дизейнеруудын загварыг хэр судлах уу?

-Судлалгүй яахав. Залуу хүний хувьд зайлшгүй чухал зүйл бол судалгаа, уран сэтгэмж. Хувцас загварын хувьд жил жилээр мода хөөнө гэж ярьдаг шүү дээ. Тухайлбал, энэ жил трапезан өмд моданд орлоо гэхэд аваад л өмсчихнө. Гэхдээ заавал тухайн чиг хандлагыг дуурайх албагүй. Сүүлийн үед Монголчууд Ази стилийг илүүд үзэх болсон. Миний хувьд эсрэгээрээ, Европын чиг хандлага, загваруудыг илүүд сонирхон судалдаг.

-Нэгэнт дизайнер хүнтэй уулзсаных, энэ намрын загварын чиг хандлагыг асуулгүй өнгөрөөж болохгүй нь? 

-Дизайнер хүн бүрт өөрийн гэсэн өнгө төрх байх ёстой. Миний хувьд хувцас загварын сонголтондоо тод өнгийг илүү тусгаж харуулахыг хичээдэг. Тод өнгө бол дөрвөн улирлын алинд ч тохирох өнгө. Хүмүүс өвлийн улирал гэхээр хар бараан өнгийг илүүд үздэг. Харин ч эсрэгээрээ өвөл тод өнгийн хувцас өмссөнөөр таны төрхийг тод гэрэлтүүлж харагдуулна. Хар, цагаан өнгө моданаас хэзээ ч гарахгүй.

-“Булган шуба өмсөөгүй бол хүний тооноос хасагдчих" гээд байгаа бачимхан бодолтой хүмүүс цөөнгүй. Гол нь даарахгүй өнтэй өвөлжихөд үслэг эдлэл хэрэгтэй байх л даа?

-Монголчууд эртнээс үслэг эдлэл хэрэглэж ирсэн. Манай орны хувьд Ази, баруун Европ шиг дулаан уур амьсгалтай биш. Тиймээс үслэг эдлэл хэрэглэх нь тансаглал бус, хэрэглээ. Гэхдээ заавал булга өмсөж хэн нэгэнтэй адилхан болох гэж хичээх хэрэггүй. Суусар, минж, үнэг, шиншила гээд олон үслэг эдлэл бий. Гагцхүү эрүүл мэнд, дулаан явахын төлөөнөө зөв сонголт хий. Залуу хүн үслэг эдлэл өмсөх нас болоогүй гээд даараад өвлийн хүйтэнд жиндэж явах хэрэггүй. Дан ганц шуба биш хантааз болон бусад төрлийн хувцсыг үслэг эдлэлээр хийж болно.

-Загварын пиджакаа Солонгос улс руу гаргадаг гэлээ. Чанар дагаад үнэ гэдэг. Материал нь ямар байдаг бол гэж хүмүүс эргэлзэж болох юм?

-Манайх пиджакны материалаа Солонгос улсаас оруулж ирдэг. Үндэсний дээл, гоёлын даашинзны материалаа дотооддоо худалдаалагдаж байгаа аль болох чанартай материалыг сонгодог. Хүмүүсийн дунд ийм нэг буруу ойлголт явдаг. Хятад материал бүгд чанар муутай байдаггүй. Манайхан аль хямдыг нь авчихаад муу гэж голдог.

-Өмнөө том зорилго тавьсан бүсгүйн ард түшиж тулах найз залуу байдаг байх?

-Найз залуутай. Одоохондоо хол байгаа болохоор хоёр талд ажлаа хийсэн хүмүүс л байна. Ямар ч байсан үе тэнгийн, чин сэтгэлээсээ учирсан залуу бий. Ажил төрлийн хувьд хамгийн сайн зөвлөх, бас хамтран ажиллахад гар нийлдэг мундаг оёдолчин эгчтэй. Миний гаргасан загвар болгоныг санаанд минь нийцүүлэн яг эсгэж чаддаг. Мөнгө санхүүгийн хувьд 100 хувь бие даасан. Одоогоор Nexco XXK менежер хийдэг. Сургуулиа төгсөөд л ажилласан болохоор их түшигтэй компани.

-Уйлахад нулимсыг чинь арчдаг, уйтгарлахад гунигийг чинь хуваалцдаг найзуудын талаар ярилцъя. Та хэр олон найзтай вэ?

-Яг үнэндээ олон найзгүй. Дотны хэдхэн сайн найзтай. Би чинь өглөө гараад л орой харьдаг хүн. Найз нөхөддөө цаг зав гаргах талаар тун ч маруухан. Тийм болохоор найзуудыгаа гомдоочих гээд байдаг талтай.

-Монголд дизайнерууд хоорондоо өрсөлдөх нь их ховор санагддаг. Залуу хүний хувьд загварын шоунд оролцож өрсөлдөх бодол төрнө биз?

-Байлгүй яахав. Би чинь байнгын төлөвлөгөө гаргачихсан явдаг. Монголдоо часхийсэн загварын шоу магадгүй дараа жил гэхэд хийчихсэн байхыг үгүйсгэхгүй.

-Модель хүний хувьд таны хамгийн чухал гоёл юу вэ?

-Эмэгтэй хүн залуу сайхан насаараа гоёж, цэцэг шиг өнгөлөг яв гэж ээж маань үргэлж захидаг. Хүн тарган, туранхай байна уу хамаагүй гол нь өөртөө итгэлтэй байх нь хамгийн том гоёл. Өнөөдөр хаана ч яваад очсон өөртөө итгэлтэй, харц дээгүүр алхах нь эмэгтэй хүнийг төгс сайхан харагдуулдаг. Зарим гутранги үзэлтэй, өөртөө байгаа зүйлдээ сэтгэл ханадаггүй хүн гаднаасаа мэдрэгддэг. Миний хувьд өөртөө итгэх итгэл, инээмсэглэл маань хамгийн том гоёл гэж боддог. Чин сэтгэлийн инээмсэглэл цаанаасаа л гэрэлтдэг дээ.

-Өөрийгөө голох, шантрах үе тохиолдож байсан уу?

-Өөрийгөө голох үе зөндөө л байсан. Гол нь надад бололцоо байх ёстой, яагаад чадахгүй, болохгүй байна гэж өөрийгөө үргэлж хурцалдаг. Миний хэлэх дуртай үг бий. “Таны хүсч байгаа бүхэн таныг ч гэсэн хүсч байгаа”. Энэ үгийг яагаад ч юм хэлэх дуртай. Магадгүй би Монголд загварын чиг хандлагыг тодорхойлох ёстой хүн ч юм шиг. Гол нь би өөрөө хүсч байгаа болохоор тэр байх.

-Бусад моделиос ялгарах, таны онцлог давуул тал?

-Аливаа ажлыг хийхдээ чин сэтгэлээсээ, өөриймсөг ханддаг. Нэр хүнд болоод мөнгөний төлөө захилгад даруулах дургүй. Модель хүн хувцсыг амилуулах, сурталчлах үүрэгтэй. Загвар зохион бүтээгчийн маш их хөдөлмөр  зарцуулсан хувцсыг өмсдөг болохоор гоё амилуулж, хувцасныхаа бүх талууд болон  онцлог шинжүүдийг харуулж, наад зах нь хувцастай зөв харьцдаг байх хэрэгтэй.

-Их гоё арьстай юм. Гоо сайхандаа хэр анхаардаг вэ?

-Бусад хүмүүсийн адил нэг их гоо сайхны салонд орж, массаж хийлгээд байдаггүй. Гэрийн нөхцөлд өөрийнхөө арьсанд тохирох гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Хүмүүс орой унтахдаа тос түрхэж унтдаг. Энэ нь буруу. Арьс амьсгалах агаар хэрэгтэй байдаг учраас дор хаяж 7 хоногийн 2-3 өдөр будахгүй явбал арьс эрүүл, сайхан харагдана. Мөн дээрээс нь бүсүйчүүд маань гоо сайхандаа мөнгө харамлалгүй өөртөө тохирсон сайн чанарын бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй.

-Өөрийнхөө зохион бүтээсэн хувцсаар гоёдог уу?

-Мэдээж. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж загварын салонаа нээсэн болохоор “Swansea”-ийнхээ хувцсыг өмсөлгүй яахав. Манай оёдолчид ч гэсэн өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээ илүүд үздэг.

-Захиалгад хэр дарагдаж байна?

-Байнгын үйлчлүүлэгчдээс маань гадна албан байгууллагуудаас санал, захиалга ихээр ирдэг. Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хувцаслалт ямар байх талаар манайх бас зохих зөвлөмж өгдөг. Хувцасны өнгийг царай зүсэндээ тохируулах нь хамгийн чухал. Хэрэв таны царай цайвар бол цэнхэр, улаан, ягаан, цайвар шар өнгө тохиромжтой гэх зэргээр тухайн үйлчлүүлэгчийн нүүр царай болоод биеийн онцлогт таарсан сонголтийг бүрдүүлж өгдөг.

-Ярилцсан танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.