
Манай улсад аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ Монгол Улсын онгон байгаль, нүүдлийн соёл иргэншил, эзэн Чингис хааны түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнт газрыг үзэхээр манай улсыг зорин ирдэг жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна.
Монголын байгалийн гайхамшиг бүрдсэн, цогц үзэсгэлэнт газруудыг www.mongolcom.mn сайт эрхэм уншигч танд цуврал болгон хүргэхээр бэлтгэлээ. Монгол хүн болж төрсөн хүмүүн та Монгол орноо бүтэн тойрч, аялахыг мөрөөддөг л байлгүй. Зөвхөн зурган дээрээс хараад дараа нь харамсах бус өөрийн нүдээр очиж үзээсэй гэж та бүхэндээ Монгол орны заавал очиж үзэх байгалийн дурсгалт газруудыг нэрлэж байна.
Цуврал 10: Өвөрхангай аймгийн 8 гайхамшиг
1. Арц Богд Уул
Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт орших Арц богд уул нь Бага Богд уулын зүүн хоолойгоор зааглагдаж, баруун үзүүр нь Бага Богд уултай 20 гаруй километр газраар зөрсөн байдаг. Уулсын ар тал нь эгц, нилээд хадархаг говийн шинжтэй.
Ноён оргил нь далайн төвшнөөс дээш 2477 метр өндөр Их баян уул. Уулын өвөр тал нь нилээд налуу, олон салбар уулстай. Тухайлбал, Дулаан богд уул 2094 метр, Зост уул 1580 метр, салбар уулсын зүүн хэсэг нь Халзан хайрхан уулаар төгсдөг.
Ийнхүү Арц Богд уул нь салбар уулсын хамт 180 километр үргэлжилдэг. Зүүн өвөрт нь Их булаг, Бага булаг, Бумба, Сөөг, Туруухай, Цагаан хад, Баруун Зүүн хөөвөр гэх мэт задгай устай. Харин баруун өвөртөө Авдрантай, Зүүн баруун Ялаатай, Гэгээт, Ямаан ус, Харангад, Хөөвөр, Мансруй зэрэг задгай устай. Ийм их гол горхи булаг шандтай учраас Арц богд ууланд жилийн дөрвөн улиралд манан татаж, хур буун эдгээр усан сангуудаа эргээд усаар тэтгэж байдаг, алтан дуулгат хайрхан юм.
2. Хужирт рашаан
Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг, Орхон голын сав газарт, Хангайн нурууны салбар Шунхлай, Гуа, Шивээт уулсын дунд далайн төвшнөөс дээш 1600 метрт, Улаанбаатараас 390 км-т оршдог.
Карбонат-сульфат-натри-кальцийн найрлагатай, фторт азотын халуун рашаан бөгөөд үе мөч, арьсны өвчин, ясны гэмтэл, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед голдуу хэрэглэнэ. Мөн эмчилгээний хүчийн зүйлийн нэг бол лаг хар шавар бөгөөд үе мөч болон арьсны зарим өвчний үед хэрэглэнэ.
Эмчилгээг шавраар, усаар, зүүгээр, бариа заслаар, мөн физик эмчилгээний аргаар зохион байгуулдаг. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, дахилттай болон хүндрэлтэй явцтай өөрөөр хэлбэл, кардиогены шок, хүнд хэм алдагдал, зүрхний шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэлтийн өвчин IIБ түүнээс дээд шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Хужирт рашаан сувилал нь байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 350-600 хүн хүлээн авах хүчин чадалтай.
3. Монгол түмний морины их шүтээн
Монгол түмний морины их шүтээн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас 15 километр газарт буюу алдарт Арвайн талд байрладаг. Энэхүү цогцолборыг 2007 оны наймдугаар сард олны хүртээл болгосон байдаг. Шүтээнийг босгосон газрын нэр нь Баян толгой бөгөөд эрт дээр үеэс хурдан морь уядаг хүмүүс тахиж шүтэж ирсэн төдийгүй алдарт Аравгар хээр хэмээх хурдан хүлгийн төрж өссөн газар ажээ.
Их шүтээний төв хэсгийн талбайн диаметр нь 10 метр, хүндэтгэлийн хоёр багана нь таван метр өндөртэй бөгөөд түүн дээр их шүтээнийг босгоход хувь нэмэр, хандив туслалцаа өргөсөн байгууллага хүмүүсийн нэрсийг мөнхжүүлэн бичжээ.
Хагас тойрог хэсэгт 12 багана босгож, хойморт нь гурван метр өндөр Дамдинянсан буюу хурдан морины сахиус бурхан Хаянхярвааг бүтээж шилэн гуунд байрлуулжээ. Төв дунд нь газар газрын хурдан морины төлөөлөл болгон алдарт Аравгар хээрийн хөшөөг босгож, хүрд ба сангийн бойпор байрлуулсан аж.
4. Хархорум хот
Монгол нутагт өөрийн тер улсыг байгуулж ирсэн ард түмнүүд Хангай нурууны зүүн бие, Орхон голын сав нутагт төвлөрөхийг эрмэлзэж, зарим нь өөрийн нийслэл хотоо байгуулж ирсэн түүхэн уламжлалтай билээ. Энэ нутаг нь байгаль газар зүй, цаг уур тедийгүй нүүдэлчдийн төвлөрсөн улс байгуулахад эдийн засаг, зам харилцааны хувьд онц тохиромжтойн дээр нүүдлийн мал аж ахуй, газар тариалан хослон эрхэлж, томоохон хот байгуулахад шаардагдах бүхий л нөхцөл бүрдсэн нутаг юм.
Их Монгол улсын нийслэл Хархорум хотын суурь тавигдсан нь VIII зуунаас эхэлсэн бөгөөд түүнийг эхлээд “Тайгал Шивээ” хэмээн нэрлэж байв. Хожим нь XIII зууны үед Хэрэйдийн Ван хаан төвлөн сууж асан хийгээд дараа нь Монголын цэрэг зэвсгийн агуулах болж байсан Орхон гол, Хар Хүрэмт уул хоёрын завсрын эл сууринд Монгол улсын их эзэн Чингис хаан улсынхаа нийслэлийг төвлөрүүлэхээр шийджээ. Түүний хүү Өгөдэй хааны үед 1235 оноос хотыг өргөтгөн бариулж тойруулан хэрэм цогцлоон “Түмэн амгалант” хэмээх том орд бариулж эхэлсэн байна. Хотын хамгийн үзэсгэлэн төгөлдер хэсэг болох Өгөдэй хааны “Түмэн амгалант” ордыг хотын баруун өмнөд хэсэгт харшийн цогцолбор байдлаар тусгай дөрвөлжин хэрмэн дотор барьжээ.
1948-1949 онд С.В.Киселев, X.Пэрлээ нарын удирдаж хийсэн археологийн малтлагаар “Түмэн амгалант” ордны гол барилга нь тусгайлан зассан өндөр довжоон дээр барьсан чулуун суурьтай 64 багана бүхий их танхимтай байсныг тогтоожээ. Ордны их танхимыг ногоон паалантай тоосгоор шалалж, бүх барилгыг ногоон, улаан, шар өнгийн паалантай ваараар дээвэрлэж, ханын дотор талыг хөрөг зургаар чимсэн байжээ.
XIII зууны үед барилгыг ийнхүү хурц өнгийн паалангаар өнгөлж чимдэг байсан нь Монголын эзэнт гүрний үед байгуулсан Аварга орд, Мөнх хааны орд, Элэстэйн хот, Хархираагийн хот, Дунд эргийн хот зэрэг олон хотуудыг малтан шинжлэхэд давхар батлагдсан юм.
Хархорум хотод орд харшийн шат, баганы суурь, гоёл чимэглэл, гэрэлт хөшөө, түүний суурь яст мэлхий зэргийг чулуугаар урлаж хийх нь түгээмэл байжээ. Хотоос баруунтай 20 км-т Орхон голын Элстийн амнаа нарийн ширхэгтэй сайн чанарын боржин чулууны орд байдаг бөгөөд XIII зууны үед тэнд чулуу засаж бэлддэг томоохон дархны газар ажиллаж байсныг дутуу засаад үлдээсэн том чулуун яст мэлхий, засаж бэлдсэн чулуу зэрэг олон баримт гэрчилдэг.
Ордны үүдэн хэсэгт Францын дархан Вильгельм де Бушегийн урласан орой дээрээ бишгүүр үлээсэн далавчит Лха тэнгэрийн дүрстэй мөнгөн мод байсан бөгөөд найр наадмын үед бишгүүр нь аялгуулан дуугарч модны голоос дөрвөн зүг хандуулан байрлуулсан дөрвөн арслангийн амнаас дөрвөн зүйлийн тансаг амттан дарc, айраг, балын ундаа, таррацина будааны шар айраг гоожиж доор нь тоссон мөнгөн суулганд цутган ордог бөгөөд сүнчид ундаанаас ордны бүх хүнд барьдаг байсан тухай 1253 онд Хархорум хотод ирж, Мөнх хаанд бараалхан “Түмэн амгалант” ордонд зочлуулж байсан Францын IX Людовик эзэн хааны илч алдарт жуулчин Вильгельм де Рубрук “Дорно этгээдэд зорчсон минь” номондоо бичсэн байдаг.
Хархорум хот шавар хэрэм, дөрвөн хаалгатай, зүүн хаалган дээр шар будаа болон бусад үр тариа, баруун хаалган дээр хонь ямаа, өмнөд хаалган дээр үхэр тэрэг, умард хаалган дээр морь унаа худалддаг байсан тухай түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Хотод хятад, орос, франц, англи, мажаар зэрэг дэлхийн олон орны хүн суудаг өрнө, дорныг холбосон тэр үеийн дэлхийн улс төр, соёл, эдийн засаг, худалдааны том төв байсан юм.
Хархорум хотын туурь
Монголын их хаад аливаа шашныг ялгаварлалгүй адилхан дээдлэн үзэж эрхэмлэн хүндэтгэдэг байсан тул Хархорум хотод будда, христос, лалын шашны 12 сүм дуганд хурал хурж, мөргөл үйлддэг байжээ. Хотод Өгөдэй хаан анх суурийг нь тавьж Мөнх хааны үед барьж дуусгасан таван давхар өндөр суварга байсныг 1311 болон 1342-1346 онд дахин сэлбэн зассан тухай Эрдэнэ зуу хийдэд хадгалагдаж үлдсэн нэгэн хөшөөний бичээст тодорхой өгүүлсэн байдаг ажээ.
Хархорум хотыг малтан шинжлэхэд төмөр, ширмэн эдлэл, зэвсэг, тээврийн хэрэгсэл ба аж ахуйн хэрэгцээнии зүйлс зэс, мөнгөн сав суулга, хүрэл эдлэл, толь чулуу, үнэт чулуу, сувд, шүр, гоёл чимэг, яс модоор хийсэн зүйлс, шавар ваар, барилгын хэрэглэгдэхүүн зэрэг олон төрлийн олдворууд гарсан юм.
Хархорум хот монголын их гүрний засаг захиргаа, худалдаа, гар үйлдвэр, соёлын төв байсан бөгөөд тухайн үед өрнө дорнын олон орныг холбосон эдийн засаг соёлын чухал зангилаа газар болж байв. Түүнчлэн Хархорум хотод төмөрлөгийн үйлдвэр ихээхэн далайцтай хөгжиж байсныг археологийн судалгааны үр дүн харуулж байна.
Хархорум хотын дүүрэгт малтлагаас урьд өмнө олдож байгаагүй Египетийн фараоны баг, араб зоос, шаазан сав суулгас, барилгын гоёл чимэглэлийн зүйлс, бичигтэй том хөшөөний хагархай зэрэг Хархорум хотын эдийн засаг, соёл, гадаад харилцаа, гар урлалын хөгжил зэргийг судлахад чухал ач холбогдолтой эрдэм шинжилгээний хэрэглэгдэхүүнүүд олдсон билээ. 1260 онд Хубилай хаан монголын их гүрний нийслэлийг өөрийн байлдан дагуулсан Хятад-Нангиад оронд шилжүүлсэн хэдий боловч Хархорум хот үндсэн Монгол орны улс төрийн төв хэвээр байсан юм.
Харин XIV зууны сүүл үед Монголын нийслэл Хархорум хот хятадын Мин улсын цэргийн довтолгоо хийгээд феодал ноёдын дотоодын дажин самууны хөлд эвдэн сүйдэж, үүрэг нөлөө нь багасан орхигдоход хүрчээ. Туc хотын зохион байгуулалт, уран барилгын хэв загварт нүүдэлчин монголчуудын хот суурин цогцлон барих уламжлалт арга зонхилж байсны зэрэгцээ өрнө дорнын уран барилгын янз маяг хосолсон байжээ.
Эл хот зөвхөн Монголын төдийгүй дэлхий дахины, тодруулж хэлбэл Ази, Европын түүх, соёлын дурсгал билээ.
5. Эрдэнэ-Зуу хийд
Монгол улс дахь хамгийн эртний Буддын шашны хийд юм. Хархорин хотын туурин дээр үлдсэн чулуун ханыг зөөж авчраад одоогийн Эрдэнэзуу хийдийг босгосон түүхтэй. 1580 онд Автай сайн хаан, дүү Түмэнхэн ноёнтой хамт III Далай ламтай уулзаж, түүний зөвлөсөн дагуу Хархорум хотын нэгэн хуучин сүм болох Тахай балгасан дахь сүмийг сэргээснээр суурь нь тавигджээ.
Ийнхүү 1586-1674 онд Гурван зуу сүм, Ригсүм Гомбо сүмүүдийг, 1701-1705 онд Очирдарь сүм, Авид сүм, Их суварганы чуулбаруудыг, 1771-1792 онд Цогчин их дуган, Лаврин сүмүүдийг тус тус бариулжээ. 1796 онд Эрдэнэзуу хийд анх удаа их засварт орсон бөгөөд 7 дугаар ширээт лам Дагвадаржаа ламтан удирдаж хятадын Юн-да-а пүүс гүйцэтгэл хийжээ. Энэ засварын үеэр хуучин Тахай балгасны хэрмэн нурангийг суурь болгон 50 ширхэг суварга босгосон байна.
1802-1813 онд ноёд тайж, лам хувраг, сүсэгтэн ардын хөрөнгөөр өмнө барьсан суваргуудын завсар хооронд 56 суварга нэмж хэрмэн ханыг барьж дуусгасан байна. Өдгөө хийдийг тойрон хүрээлэх 108 суварга бүхий хэрмэн хашаа нь хааш хаашаа 420 метр юм. 1782 онд 50 хувраг сурагчтайгаар Бодь мөрийн сургуулийг байгуулжээ. Монголын ноёд, язгууртнууд хэрмийн дотор өөрийн дугантай байх нь нэр төрийн хэрэг гэж үздэг байсан учраас Түшээт ханы болон ноён Цэвээнжавын дуган, Очирдарийн дуган гэх мэт олон сүм дуган баригдан 1792 он гэхэд 62 сүм, 500-гаад барилга байшинтай, 10 мянган ламтай болж өргөжсөн байна.
Өдгөө 18 сүм дуган үлдсэн бөгөөд одоо тус хийдэд анхны барилгуудаас Гурванзуугийн сүмүүд, Зуугийн сүм, Их суварга, Сэрүүн Лаврин бий. Хийдийн хашаан дотор Хархорум хотын тууринаас олдсон чулуун хөшөөнүүд үлджээ. Түүний ард 1675 онд Түвдийн Далай ламд зориулан босгосон Далай ламын сүм байх бөгөөд Махгал бурхны 13 нагтан дүр, Далай ламын хувилсан 6 дүр, Өндөр гэгээн Занабазар нарын дүрүүдийг дэлгэн үзүүлжээ. Гадна хоёр талд Хүрдэн байрладаг.
Эдгээр сүмүүдийн ард тусгай туйпуугаар барьсан хэрмэн хашаанд хоёр бунхан бий. Нэгийг нь Автай сайн хаанд, нөгөөг нь түүний хүү Түшээт хан Гомбодоржийн шарилд зориулжээ. Хоёр бунхны ард талд Гурван зуугийн сүмүүд бий. Нэг ч хадаас оруулалгүй модон дээр зааж зангидан хийсэн бөгөөд давхар хана бүхий бүтэцтэй. Энэ нь нэгд халуун хүйтнийг тусгаарлах, хоёрт гороо мөргөл үйлдэх зориулалттай. Гурванзуу нь хурлын бус мөргөлийн сүм байжээ. Баруун зуугийн сүм Автай сайн хаан, түүний хүү Гомбодорж, Эрхий мэргэн хааны их хатан нар бүтээлгэжээ. Сүмийн хойморьт бурхан багшийн өмнөх дүр Одсэр, одоогийн бурхан багш Шагжамуни, ирээдүйн дүр Майдар бурхны өтөл дүрүүд заларсан байдаг.
Сүмийн баруун талын хананд Богд Зонховыг шавь нарын хамт, зүүн талын хананд Бурхан багшийг шавь нарынх нь хамт дүрсэлжээ. Гол зуугийн сүм Түшээт хан Зүнгэн, Цогт түшмэл нар бариулжээ. Хаалганы хоёр хажууд арван хангал бурхадыг нэг Лхам бурхан, Эрдэнэзуугийн гол шүтээн Гомбогүр бурхан байдаг. Хойморьт оточ Манал, Бурхан багшийн идэр залуугийн дүр, Авид бурханы баримал заларсан байдаг. Мөн бурхан багшийн хоёр шавь Модголжибуу Шаарибуу, нарны бурхан Ням, сарны бурхан Даваа, Найман мэргэн гэх зэрэг босоо суугаа баримал бурхад байдаг.
Голын ширээн дээр анхдугаар богд Занабазарын бүтээлүүд болох гууль, шармал, хөөмөл, цутгамал бурхад заларчээ. Энэ сүмийн 2 дугаар давхрыг огторгуйгаас буусан “Сайн цагийн мянган Богдын орон” гэдэг. Зүүн зуугийн сүм Эрхий мэргэн хаан, түүний хүү Гомбодорж, Түшээт ханы хатан Ханджамц нар бариулжээ. Сүмийн хойморьт Жанрайсаг бурхан, Будда багшийн багын дүр, Богд Зонхов нарын барималыг байрлуулжээ. Баруун хананд Бурхан багш, Манал, Дүншигийн 35 бурхан, зүүн талын хананд Богд Зонхов, түүний шавь нарыг тус тус зуржээ.
Мөн голын ширээн дээр хүрэн зандан модоор хийсэн зүүн сүмийн загвар болон алтан шармал, зэс хөөмөл, гууль цутгамал, модон сийлбэр бурхад, Бодисадва, Хангал бурхдын дүрийг залсан байдаг. Гурван зуугийн арай доор байрлах баруун талын сүмийг Цамбын сүм хэмээнэ. Энэ сүм 3 тасалгаатай, тасалгаа бүрд нь 4 лам суун ном номлодог байжээ. Эхний тасалгаанд Ганзай буюу хангагч эрдэнүүд, Дамдинсамдүв, Жигжид бурхадыг залж, хоёрдугаар тасалгаанд Жанрайсаг, Лусын бурхадын эзэн бурхан Лүвэнжалбуу, Жамсран, Лхам, Махгал, анчдын шүтээн бурхан Ванданшавараба, Гонгор бурхад, гуравдугаар тасалгаанд Эрлэг номун хаан, нууц тарнийн ёсны гол бурхан Дэмчиг, Гомбогүрийн Жинхор, Очирдарь, Шанболын шангод, Балданлхам бурхны нэг хор буюу нөхөр Сэндом, 75 Махгалын нэг Гомбогүр, Цамба бурхадыг залжээ. Монголчуудын дунд Цамба бурханыг шүтсэнээр үйл бүхэн зун цагийн булаг мэт ундарна хэмээн үзэж өргөл хүндэтгэл үзүүлдэг. Цамбын сүмийн эсрэг буюу зүүн талд Аюушийн сүм байдаг.
Эхний тасалгаанд Жигжид, Манал, Авид, Хаянхярваа, Дамдинсамдүв, Y Далай лам, Балданлхам бурхадыг дүрсэлсэн зээгт наамал болон шороон будгийн зураг байрлуулж, хананд нь бурхад болон диваажингийн өргөл болох ганзайнуудыг дүрслэн зуржээ. Энд хүний 5 мэдрэхүй, шашны найман тахил, хаан төрийн долоон эрдэнийг өргөл болгон дүрсэлжээ. Хоёрдугаар тасалгаанд мөн адил шашны өргөл барьц болох ганзайнууд, Оточ Манал, Дамдинсамдүв, Дамдиндорлиг бурхадыг байрлуулжээ. Гуравдугаар тасалгаанд улааны урсгалын тарнийн ёсны догшин бурхан Нархажид, Очирдарь, Аюуш, Насны гурван шүтээн зэрэг хүмүүст урт нас, эрүүл энхийг бэлэглэгч бурхдыг голдуу байрлуулжээ. Тусгай хэрэм бүхий гурван зуугийн сүмийн зүүн гар талд мөргөлийн Алтан суварга хэмээх том цагаан суварга бий.
Энэхүү суваргыг IY Богд гэгээнд зориулан 1799 онд бариулсан бөгөөд дотор нь 70 гаруй бодь суварга, 2500 гаруй цац, 100 мянган бурхад зэрэг шашны зан үйлд хамаарах зүйлүүдийг цуглуулан хийжээ. Суваргын өндөр нь 13 метр. Түүний хажууд 1969-1973 онд сэлбэн засаж босгосон гурван давхар сүм буюу Лаврин сүм байдаг. Энэ нь цэвэр Түвд маягийн уран барилгын дурсгал бөгөөд дотор нь бурхдын баримал, хөрөг, зээгт наамал, оёмол бурхан, цамын баг, бүрээ бишгүүр, хонх, очир, дамар зэргийг байрлуулжээ. Эрдэнэзуугийн төв дундах том зайг Өлзий хутагтын талбай гэх бөгөөд түүн дээр Автай сайн хааны гэр байсан гэдэг.
Хожим 1658 онд болсон Монголын ноёдын Халхын чуулганд зориулж барьсан Бат-Өлзийт хэмээх том гэр барьж байсан бөгөөд дугуй хүрээ нь 45 метр голчтой байсны ул мөр нь одоо үлджээ. 35 ханатай, 1700 уньтай, 15 метр өндөр гэр хэлбэртэй энэхүү барилгад 200 хүн багтдаг байсан гэдэг. Өргөөний гадна талд дөрвөн тугны сууринд дөрвөн аймгийн тугийг мандуулдаг байжээ. Гэрийн чулууны өмнөх хонхорт жижигхэн нуур байсан бөгөөд Орхон голоос нарийн сувгаар ус татаж Ариун нуур хэмээх хиймэл нуурыг тогтоож байжээ. Эрдэнэзуугийн хэрмэн хашаан дотор цам зэрэг буддын янз бүрийн ёслол үйлддэг талбай байв. Энэ талбайд дотроо 6 том аймагт хуваагдан байрласан 108 цамын бурхад бүжиглэдэг байжээ. Хийдийн хашаанд шөргөөгөн хашаа байх бөгөөд хар модоор нэг ч хадаас оруулалгүй хийжээ. Гадаад дотоодын дайснаас хамгаалахыг бэлэгдэхээс гадна бурхны шашны зан үйл гүйцэтгэх, цам харайх үед морь мал, олон хүн орохыг хориглох зориулалтаар хашлага болгодог байв.
Эрдэнэзуугийн сүм дуганууд XYII зууны үеийн Монголын уран барималч, зураач, дархчуулын хийсэн алдарт сайхан бүтээлүүд гар зураг, хээ угалз, сийлбэр, баримал, цутгамал бурхад, суварга, тогоо, сангийн бойпор, сав суулга, хонх, очир, ганжир, үнэт чулуун чимэгтэй хорол мандал, цамын баг, хувцас зэрэг соёл урлагийн үнэт өвийг хадгалсаар иржээ. Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Эрдэнэзуу хийдийн 18 бүтээлийг улсын эрдэнэсийн санд бүртгэж хосгүй үнэт зүйлийн зэрэглэлд хамааруулжээ.
Эрдэнэзуу хийд нь Монголын уламжлалт хот байгуулалтын дагуу баригдсан цорын ганц хийд бөгөөд Хархорум хотын ордны уран барилгатай ижил юм гэж ЮНЕСКО-гоос эрхлэн гаргасан “Монголын түүх соёлын өв” номонд бичжээ. Эрдэнэзуу хийд нь жилийн дөрвөн улиралд гадаад дотоодын жуулчин гийчин тасардаггүй олон хөлийн газар болсон бөгөөд жилд дунджаар 20 мянган гаруй хүн ирж сонирхдог байна.
6. Тэвш уул
Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг, сумын төвийн дэргэд зүүн хойд зүгт салбарлан тогтсон хар уулыг тэвш уул гэж нэрлэнэ. Тэвш уулын эргэн тойронд олон төрлийн хадны сүг зураг байхаас гадны булш хэрэгсүүрүүд ч олон байна. Сүүлийн жилүүдэд Хонгорын элсийг зорих аялагч жуулчид Тэвш ууланд саатан хадны сүг зураг дүрслэлийг үзэж сонирхох нь их болсон.
Тэвш уулын хадны зурагт элдэв ан амьтан, анчин гөрөөчин, мал аж ахуй, хүмүүсийн амдрал ахуйг харуулсан зургууд голлоно. Ан амьтдын дотроос буга, янгир, тэмээ, адуу, нохой зэргийг хаданд хонхойлон дүрслэсэн байдаг. Ахуй амьдралтай холбоотой зургууд үхэрт нуруу ачсан, ямар нэгэн зүйлийг чирүүлсэн, морь хөтөлсөн хүн, морьтой болон явган хүмүүс адуу малыг тууж яваагаар дүрслэсэн байна.
Мөн амьтдыг хашаа хороонд оруулж буй, морьтой хүмүүсийг гартаа сүх чийдэм барьснаар, янгирыг нум сумаар харваж байгаа зэрэг олонтааг үзүүлж болно. Тэвш уулын зураг дүрслэлээс судлаачдын анхаарлыг татдаг зураг нь дөрвөн дугуйтай, ганц гуятай тэргэнд дөрвөн морь хөлгөлсөн, мөн хигээсгүй хоёр дугуйтай, тэгш өнцөгт дөрвөлжин маягийн суудалтай, ганч аралтай дөрвөн морь хөлөглөх зориулалт бүхий тэрэг зэрэг хэд хэдэн зураг байна.
Эдгээр зургийг А.П.Окладников, П.И.Кожин, Д.Дорж, Э.А.Новгородва, Д.Цэвээндорж нар судалсан байдаг. Эдгээр тэрэгний дугуйн хигээс нь янз бүрийн тоотой байгаа нь тэрэгний хувьсал хөгжилийн түүхийг харуулж байгаа бөгөөд А.П.Окладников скиф үе буюу Х.Т.Ө VII-III зуунд, Д.Дорж Х.Т.Ө III-I зуунд хамруулан үзсэн байна. Д.Дорж нь уг дөрвөн дугуйтай тэргийг “гэр тэрэг” гэж үзсэнтэй олон судлаачид санал нийлдэг. Тэвш уулийн тэргэний болон тэргэтний зургийг судлах ажил үргэлжилж байгаа бөгөөд 1997 онд Г.Гонгоржав уг уулийн Ар элстийн амнаас гурвалсан морьтой, найман хигээст тэргэн дээр зогсож буй хоёр хүнийг дүрсэлсэн зургийг олсон байна. Энэ зургийг дайн байлдааны зориулалттай байж болох юм гэж үзсэн байна.
7. Төвхөн хийд
Өвөрхангай, Архангай аймгийн нутгийн заагт Хужирт сумын төвөөс баруун хойшоо 40 километр, Бат-Өлзийт сумын төвөөс 50 километр зайтай Өндөр-Овоот буюу Шивээт-Улаан хэмээх аглаг ой модоор хүрээлэгдсэн асга хадтай өндөр уулын оройн байц хадны багавтар дэвсэг дээр оршдог.
Уулын бэлээс хийд хүртэл 5 километр өгсөж хүрнэ. Монголын анхдугаар Богд Занабазар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн сонин сайхан өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон таалж, 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг байшин бариулсан бөгөөд түүнийг “дубхан” буюу бүтээх байр гэж нэрлэжээ. Энэ үг нь сунжирсаар өдгөө Төвхөн болсон байна. Өндөр гэгээн Занабазар тус хийдэд сууж байхдаа 1686 онд “Соёмбо” үсгээ зохиож, “Адистэдийн дээдийг хайрлагч” тэргүүтэй зохиолоо айлдахын сацуу “Тэргүүний нь үс ургаж байсан” гэгдэх гайхамшигт шүтээн дүрээ бүтээж, ур ухааны оргил болсон хосгүй нандин бүтээлүүдээ урлажээ.
Хийдийн дэргэд 2 худаг байдаг бөгөөд баруун худгийг амны ус, зүүн худгийг угаалгын ус гэнэ. Энэ 2 худгаас анхдугаар Богд цайны ус болон угаал үйлдэх усаа авч байжээ. Баруун хойд талын хаданд Өндөр гэгээний ажлын, түүний зүүн талд номын сангийн агуй нь байдаг. Түүний баруун хойд хадан дээр Өндөр гэгээний монгол гутлын мөр /38 сантиметр/, гарын алганы мөр үлдсэн хэмээдэг. Халх Ойрадын дайн самуунаас хойш тус хийд бараг эзгүйрэн орхигдож байгаад 1773 оноос хурал номын ажлыг тогтмол болгон сэргээжээ. Хожим Эрдэнэзуугийн цорж лам Балганшадбидоржоос хойш 1939 он хүртэл Сайн ноён хан аймгийн гол хүрээ болох Уянгын хүрээний лам нар ээлжлэн ирж хурал хурдаг байжээ.
Төвхөн хийд нь хурлын дуган, Очирдарь, Гомбогүр бурхадын сүм, Бүтээлийн сүм, Мөнх зулын сүм, хоёр суварга, хүрдний саравч бүхий 14 сүм дугантай байв. Тус хийд нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий хадан ууланд оршдог. Хийдийн арын 20-иод метр өндөр эгц хадны дээд талд “Эхийн хэвлий” нэртэй гулсаж ороод эргэж буцаж гардаг жижиг агуй бий. Энэ агуйд нэг удаа мөлхөж ороод дотор нь эрэгтэй хүн бол баруун тийш эмэгтэй хүн бол зүүн тийш эргэн буцаад толгойгоороо мөлхөн гарахад тэр хүн ариусан сая эхээс төрсөн мэт болдог гэнэ.
Түүний баруун гар талд “Өлгий” хэмээх босоо хүн зогсоогоороо таардаг ухмал хад бий. Дээш авиран гарахад нэг овоо байх бөгөөд эрэгтэй хүн тэр овоог эргэнэ. Эмэгтэй хүн зүүн талын овоог нь эргэн тойрдог ёстой ажээ. Түүнээс гадна хийдийн эргэн тойронд Өндөр гэгээний амарч суудаг байсан суудал, морины нь уяа гэгдэх холбоо хоёр мод, нүдний рашаан зэрэг дурсгалууд байдаг. 1967 онд хийдийн барилгад судалгаа, хэмжилт, зураглал хийж, өмнө талын нурсан чулууг засаж цэгцлэн явган хүн явах хуучин гарцыг сэргээжээ. Энэ хийдийн барилгыг Монгол мужааны аргаар углуургадан оньсны олон төрлийг ашиглан хийсэн угсармал барилгууд гэдгээрээ онцлог юм.
Төвхөн хийдийг 1992 оноос улсын хамгаалалтанд авч, хурал номын ажлыг нь сэргээжээ. 2001 онд улсын төсвөөс хөрөнгө гарган хийдийн 4 сүм, 2 суварга, асарт хаалгыг нь анхны байсан төрх байдлаар нь сэргээн босгосон юм.
8. Улаан цутгалан
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байрлах Улаан цутгалан хүрхрээ нь зуны дэлгэр цагт гадаад, дотоодын аялагч, жуулчдын үзэхийг хүсдэг хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг юм. Улаан цутгалангийн тухай домогт ийн өгүүлсэн байдаг. Дайны үед Монголын цэрэг гамингуудад хөөгдөж амь дүйж яваад хайрган дээгүүр гарсан гэнэ. Монгол цэргүүдийн нэг нь номтой гэх бөгөөд тэрээр "Улааны гол минь улаанаар урс" гэж дуу алдан орилоход, Улаан голын дагуу үер буун гамингийн цэргүүдийг аван одсон гэнэ. Хожим түүнээс хойш "Улаан цутгалан" гэж нэрлэх болжээ.Тэгээд тэр хүүрнүүд нэг хөндийд очин цугларсан бөгөөд тэр газрыг хүүртийн хөндий гэх бөгөөд олон жилийн явцад үүртийн хөндий болжээ.
Өвөрхангай аймгийн Орхон голын баруун биед цутгах Улаан голд үүссэн 20 гаруй метр өндрөөс буух 10 орчим метр өргөн хүрхрээ юм. Орхон гол нь Гятрууны нуруунаас Хархорин сум хүртэлх 130 километр газарт галт уулын хүрмэн чулуун дундуур урсдаг. Дөрөвдөгч галавын үед Хангайн нуруунаас эх авах Цагаан азарга голын эхэнд галт уул дэлбэрэн оргилж түүний халуун хайлмал бодис нь Орхоны хөндийг уруудан урсаж хэдэн арван км зузаан хүрмэн чулуун хучлага үүсгэжээ. Тэр хүрмэн чулуун хучлагыг Орхон гол хөрөөдөж урссаар таслан өнөөгийн энэ хавцлыг үүсгэсэн ажээ. Хүрхрээгээс баруун хойшоо Бага хүрхрээ гэж нэг боргио бий.
Архангай аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/12193
Баян-Өлгийн аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/12257
Баянхонгор аймгийн байгалийн 10 гайхамшигт газар http://mongolcom.mn/read/12393
Булган аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/12634
Говь-Алтай аймгийн 10 гайхамшиг http://mongolcom.mn/read/12755
Говьсүмбэр аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/24546
Дархан-Уул аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/23438
Дорнод аймгийн 10 гайхамшигhttp://mongolcom.mn/read/13221
Дорноговь аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/13007
Дундговь аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/13698
Завхан аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/14009
Өмнөговь аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/14550
Сүхбаатар аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/14862
Сэлэнгэ аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/15170
Төв аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/15844
Увс аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/16501
Ховд аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/21534
Хөвсгөл аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/22266
Хэнтий аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/22499
Эх сурвалж: www.mongolcom.mn
Бэлтгэсэн:
Зочин
(66.181.161.39) 2022-03-07 12:48psda min copy hiij bolku bn22
Хариулах
Зочин
(66.181.161.102) 2021-10-02 13:43Арц богд энэ биш их богд байн энэнэ бол өвөрангай аймгийн баруунбяан улаан сумын газар нутагд оршидог зураг нь их богд уулын зураг байн
Хариулах
Зочин
(202.21.105.174) 2021-04-09 08:17uwurhangain 10 gaihamshig saihan bn saihan potonuudiin zurag hereg bnaa
Хариулах