А.Навальный буруутай нь тогтоогдвол дахин 10 гаруй жил хоригдоно

Twitter Print
2022 оны 02-р сар 16-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн мягмар гарагт Покров дахь Засан хүмүүжүүлэх төвд Алексей Навальныйг шүүх хурал болжээ. Прокурорын зүгээс Оросын сөрөг хүчний тэргүүн А.Навальныйг залилангийн хэрэгт буюу төрийн бус байгууллагуудад нь хандивласан мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж байгаа юм.

Тодруулбал А.Навальныйг нийт 4.7 сая ам. доллар хувьдаа завшиж, ОХУ болон гадаадын улс орнуудад кафе, зоогийн газруудад тооцоо хийх, онгоцны тасалбар худалдан авах, зочид буудлын өрөө захиалах, автомашин түрээслэх, бараа бүтээгдэхүүн худалдан авах зэрэгт зарцуулсан хэмээн онцолжээ.

А.Навальныйгийн хувьд тэнсэн харгалзах ял эдэлж байх хугацаандаа зөрчил гаргасан хэргээр хоригдож байгаа ба түүнийг ХБНГУ-д эмчилгээ хийлгээд эх орондоо ирснийх нь дараа буюу 2021 оны 1-р сард нисэх онгоцны буудлаас баривчилсан билээ.

А.Навальный залилангийн хэрэгт буруутай нь тогтоогдвол түүний хорих ял 10 гаруй жилээр нэмэгдэх юм. Түүнээс гадна А.Навальныйг давхар шүүгч Вера Акимоваг доромжилсон хэрэгт буруутгаж байгаа аж.

ОХУ-д айлчилж буй ХБНГУ-ын канцлер Олаф Шольц А.Навальныйг залилангийн хэрэгт буруутгаж буй явдлыг буруушааж байгаагаа илэрхийлсэн бол Эмнэсти Интернэшнл Оросын эрх баригчид А.Навальныйг шоронд аль болох удаан хорих зорилготой байгаа нь илт байгааг онцолжээ.

А.Навальныйгийн Авлигатай тэмцэх сангийн хэдэн арван ажилчид шүүгдэгчээр татагдаж, Оросын сөрөг хүчний төлөөллүүдийн ихэнх нь гадаад руу дүрвээд байгаа билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.