Эдийн засгийн өршөөл үзүүлье

Twitter Print
2014 оны 10-р сар 01-нд 13:26 цагт
Мэдээний зураг,

Уучлал гуйж чадсан шигээ өршөөл үзүүлж болохгүй юу, Ардчилдсан намынхаан!

Ардчиллын замаар арагшаа биш урагшаа тэмүүлсэн Монгол Улсад өнгөрсөн 23 жилийн хугацаанд олсон юм их бий. Алдсан юм ч бас байдаг. Гэхдээ алдсанаасаа олсон нь их гэхэд маргах хүн гарах уу? Гарахгүй байх.

Бид хэзээ хүрэх нь тодорхойгүй коммунизм байгуулах мөрөөдөл, хүн бүр адил тэгш амьдрах ёстой социализмын дүр төрх, хөрөнгө мөнгөтэй болохыг үзэн яддаг түүний үндсэн зарчим, хүчээр бүхнийг тулган хүлээлгэдэг үзэл суртлыг орхиод цоо шинэ, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийг сонгосон болохоор дутах туршлага, авах сургамж нэлээд байсан гэдэгтэй маргах хэрэггүй. Ялангуяа хувийн өмчийг хүлээн зөвшөөрдөггүй үзэл суртал, авир араншингаасаа салах гэж багагүй хугацаа тууллаа. Гэхдээ өнчин ишигний мэдэлгүй, өвдөж зовсон үедээ шөлний төлөг олгооч хэмээн сум, нэгдлийн даргадаа өргөдөл бичдэг байсан үеийг одоо л дөнгөж мартаж эхлээд байна. Тиймээс ч эдүгээ тав, зургаан мянгаар тоологдох хэмжээний малтай айлын тоо жилээс жилд өсч, жийп хөлөглөн, бизнес хийдэг хөдөөгийнхөн олширлоо. Мянгат малчин гэдэг ойлголт ерөнхийдөө моодноос гарчээ.

Үүнээс гадна үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний хөрөнгөтнүүд олноороо төрөн гарч байна. Хөрөнгөтөн гэдэг үгийг бузар муухай мэтээр сурталчилж, түүнийг нийтээрээ үзэн ядаж, жигшин зэвүүцдэг байсан үе ашгүй тээр ард хоцорлоо. Улс орныхоо хөгжлийг тодорхойлох, ард олныхоо амжиргааг дээшлүүлэх нүсэр ажлыг  өөрийнхөө сайн дураар нуруун дээрээ үүрсэн манай бизнесмэнүүд тив дэлхийн ажил хэрэгч хүмүүстэй эн тэнцүү харьцаж, 20 гаруйхан жилийн өмнө ганзагын наймаанд шогшин, нэг муу ТҮЦ ажиллуулан хөлсөө урсгаж явсанаа мартаж эхлэв. Тэд боломжийнхоо хэрээр аж ахуй эрхэлж, төсвийн мөнгийг татвар хэлбэрээр төрдөө тушааж явна. Мөн зах зээлийн жамаар “нүд анисан” үйлдвэрүүдээ ч захаас нь сэргээн, баялгийг бүтээж байна. Газар тариалан, уул уурхай, байшин үйлдвэрлэл, хүмүүнлэгийн салбарт маш амжилттай ажиллаж буй мянга мянган бизнесмэнүүд бий боллоо. Тэд тэртээх үеийн мухлагаа мартан, эдүгээ тэнгэр баганадсан барилга байшин босгож  эхэлсэнээр бахархахгүй байхын арга алга. Ер нь манай монголчууд энэ дэлхийн өнцөг булан бүрт ажиллах нь ажиллаж, сурах нь сурч, бизнес хийх нь бизнес хийж байна. Энэ бага юм гэж үү? Энэ мэтээр бидэнд сайн сайхнаа дурдъя гэвэл ярих зүйл их бий. Бахархах зүйл ч зөндөө. Олимпийн аваргууд төрлөө гээд л эхэлнэ шүү дээ.

Гэхдээ өнөөдөр энэ бүхнээрээ амьдрах, үүгээрээ үргэлж мөнхөд амьсгалах, үсрэлт хийж хөгжих боломжгүй цаг үе ирлээ. Энэн бол иргэддээ эдийн засгийн өршөөл үзүүлэх явдал. Ялтан хоригдлуудаа өршөөл үзүүлж чаддаг төр яагаад иргэддээ нэг удаа эдийн засгийн өршөөл үзүүлж болохгүй гэж. “Өнөөдрийг хожихын тулд маргааш хэмээн хойш тавих аргагүй Эдийн засгийн өршөөлийн хуулийг баталх хэрэгтэй байна” гэж Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев хууль тогтоочиддоо хэлу байгаад саяхан тавдахь өршөөлөө үзүүллээ. Иргэддээ шүү. Гэтэл манайд ийм өршөөлийн сураг дуулаад нөгөө хуучин коммунистууд шууд л улстөржүүлээд эхэлж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй.  

Ингэхэд өнөөдөр дэлхий нийтээрээ шинэ ертөнцийн тухай ярилцаж, эдийн засгийн нийтийг хамарсан хямралаас үүдэлтэй бэрхшээлийг хэрхэн туулах талаар тун нухацтай ярилцаж эхэллээ. Улс, улсын төрийн тэргүүнүүд ойр ойрхон уулзалдахдаа ухаанаа уралдуулдаг сэдэв ч энэ болов. Гарцаа олж байгаа нь ч бий, олохоор оролдож байгаа нэгэн ч байна. Гэхдээ ихэнх нь эдийн засгийн өршөөлийн ёстой гэж үздэгийг манайхны учир мэдэх хүмүүс дуулаа байлгүй. Сонсоо байлгүй. Мэдэх байлгүй. Одоо тэгээд болж өгвөл мэдэн будилахгүй л байх нь чухал л даа.

Тэд наад зах нь хэн нэгний нь хөрөнгө мөнгө дотоод, гадаадад нууцаар байршчихаад эх орондоо баялаг болон хувирахгүйгээр хэвтэж байдаг тухай ихээхэн ярьцгаасан юм. Банк хэрхэн найдвартай байх, хууль шүүхийнхэн нь  яаж шударга  ажиллах талаар ярилцаж байв. Мөн зах зээлийн нийгэмд алхаж орох явцдаа алдаж эндсэн иргэдийнхээ эдийн засгийн гэх тодотголтой хэргүүдийн талаар хамгийн их ярилаа. Ялангуяа бизнес хийж шудрагаар олсон мөнгийг нь төр хардаж сэрдэн шалгаад амар заяа үзүүлэхгүй болохоор үйлдвэр аж ахуйн газрынхаа үүдийг хаачихаад мөрөөрөө гэртээ сууж байя гэх бодолтой хүн олширсон юм. Мөн шоронгууд хүнээр дүүрч, мөнгө дагасан хардлага нийгмийг бүрхсэн байна. Энэ бүхэн шинэ нийгэмд алхан орсон улс бүхний зовлон байлаа. Энэ зовлон биднийг тойрсонгүй. Одоо ид дайрч байна. Энд хамгийн харамсалтай нь монголчууд бидний хуучин нийгмээсээ авч үлдсэн авир араншин сэргэж, бэлтэй нэгнээ ад үзэх, болж өгвөл ядуугийн туйлд тэднийгээ аваачих сэтгэлгээ нийт даяараа хавтгайрах хандлагатай байна. Үүнтэй зэрэгцээд айдас хүйдэст автсан гэр бүл ч цөөнгүй байна.

Бид цөөхүүлээ. Үнэн. Тэгж ч ярьдаг. Үүнийгээ ч мэддэг. Цөөхүүлээ учир ихэнх нь бие биенээ танидаг бас мэддэг. Ах дүүсийн ч өргөн харилцаа сүлжээтэй. Энэ талаараа хэн нэгэндээ тус дэм хүргээд, өөрсдөө айдаст автан хөрөнгө мөнгөө нуун дарж байгаа айл өрх ч цөөнгүй байна. Үүнд хувь хүн гэхээсээ хууль, төр нь буруутай хандсан явдал элбэг. Одоо эдийн засгийн эрх чөлөө л гэхэд улам бүр хумигдсаар. Далд эдийн засаг, авилга хээл хахуул, төрийн дарангуйлал улам газар авах боллоо. Тэр ч бүү хэл улсынхаа хөгжлийг үүрч яваа, үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, ажил хэрэгч хөрөнгөлөг хэсгээ нийгмээрээ хавчих, үзэн ядах, хөрөнгө орлогоо нуухад хүргэх хэмжээний нийгмийн сэтгэл зүй бүрэлдэн бий болоод хөрс суурь нь маш сайн тавигдаж байна. Хөрөнгөтэй болгоноо хулгайч, луйварчин болгох кампанит ажил ч өргөн хүрээнд өрнөж, үүнийг дэвэргэн хөөргөдөг хийрхүү хүмүүс ч олширсоор. Амьдралаа авч явахын зэрэгцээ татварын мөнгөө шудрагаар төлж, хүүхдүүдийн сурах боломж, хүмүүсийн эрүүл мэнд, хөгшдийн тэтгэвэр тэтгэмж зэргийг үүрч яваа ийм хүмүүсийнхээ итгэл, зүтгэл хоёрыг эцсийн эцэст манай төр хулгайлж байгаа явдалаа даруйхан зогсоох ёстой. Бид амьдралаа цоо шинээр харах шаардлага чухамхүү эндээс урган гарч байна гэдгийг хэлье. Монголчууд хамтдаа 90-ээд онд социализм баяртай хэмээн хэлж чадсан шигээ энэ цаг үеийг мөн баяртай гээд хөгжлийнхөө хүрдийг огт өөр зүг эргүүлэх торгон мөч иржээ. Үүний эхний алхам нь иргэддээ өрийн, татварын, хүмүүнлэгийн өршөөл үзүүлэх асуудал. Нийтийг хамарсан, нийгмээрээ адил тэгш хамрагдсан өршөөлийн хууль гаргах хэрэгтэй. Асар богино хугацаанд айхтар хөгжсөн улс орнууд шиг. Сайтар ярилцаж байгаад сайн хууль гаргах хэрэгтэй. Бусад орны жишгийг харвал чухамхүү иргэддээ өршөөл үзүүлэх асуудал дээр улстөрийн ямар нэг тоглолт хийдэггүй бололтой юм билээ. Иргэдийнхээ эрх ашиг гэдэг юманд сөрдөг, сөрдөггүй хүчнүүд нэгдэж байна гэсэн үг л дээ. Ялангуяа эдийн засгийн гэх тодотголтой хэрэгт өршөөл үзүүлж, үйлдвэрлэгчид, хөрөнгөлөг болсон хүмүүс, жирийн иргэдээ үл үзэгдэх айдасаас аврах нь чухал. Ингэснээр манайхан гадаад, дотоодод байгаа нуугдмал мөнгөө Монголдоо оруулж ирээд баялаг болгон хувиргана гэдэгт эргэлзэхгүй байна. Ер нь шударгаар хөрөнгөжсөн, хөрөнгөжих гэж байгаа нэгнээ хулгайч луйварчин болгон харж эхэлсэн энэ цаг үеийн байж болшгүй үзэгдлийг таслан зогсоохгүй бол үе дамжсан хор, хонзон болж хувирахыг огтхон ч үгүйсгэхгүй байна. Өдгөө монголчуудын нийт хөрөнгийн тал хувь нь нууц байдалд оршиж байна. Нийт мөнгөний 40 хувь нь мөн л нууц орчинд хадгалагдсаар. Бид эдийн засгийн өршөөлийн хууль гаргачихвал энэ мөнгө, хөрөнгө ил болно. Гэхдээ өршөөлийн хуульд хэрэгжих хугацаа, хамрагдах хүрээ гэж байх нь тодорхой. Ингэхэд ийм өршөөл үзүүлээд санхүүгийн системийнхээ хямралыг давсан, давж буй улс орон олон байна. Хоёр хөршөө хар. Эдийн засгийн өршөөл үзүүлээд жил боллоо. Үр дүнгээ маш сайн өгч буй талаар дэлхийн нэртэй эдийн засагчид шуугиж байна. Ингэхэд эдийн засгийн өршөөл үзүүлснээр хамгийн гол нь иргэдийнхээ төрдөө итгэх итгэлийг эргүүлэн өгч байгаа хэрэг юм. Мөн өөрийнхөө алдааг харах, өрөөлөөс санаа авах, шинэ боломжийг олгож байгаагаараа гайхамшигтай. Ингэснээр шинэ сэтгэлгээ, шинэ санаа, шинэ ажил, шинэ амьдрал, цоо шинэ итгэл үнэмшлийг ард түмэндээ бэлэглэж байгаа юм. Эдүгээ өрийн өршөөл үзүүлээгүй Грек сүйрч, өршөөл үзүүлсэн Турк амжилтанд хүрчээ. Бид өнөөдрөөрөө амьдарч, өөрсдийгөө иймэрхүү маягтай хуурсаар явах юм бол ажилгүйдэл, ядуурал дагуулсан эдийн засгийн болоод сэтгэлгээний хямрал улам газар авч, хөгжлийнхөө шинэ боломжийг алдах, өрийн боол болох ирээдүй тун ойрхон байна. Наад зах нь үйлдвэрүүд үр ашгаа өгөхөө больж, үүд хаалгаа эхнээсээ барих аюул тулгарлаа. Үүргээ ухамсарлаж, гэрээ биелүүлдэг газар улам ховордож байгаа тухай статистик тоо гарсныг харлаа. Тиймээс нийт иргэддээ бүхнийг хамарсан эдийн засгийн өршөөл яаралтай үзүүлэх хэрэгтэй. Ард иргэддээ итгэл хайрла, улстөрчид өө. Ардчилсан нам нэгэнтээ 1937 оны хэлмэгдлийн төлөө ард түмнээсээ уучлал гуйж чадсан юм. Зүрхээ дарж байгаад уучлал гуйсан. Энэ удаа тэгвэл өөрсдийнхөө гаргасан алдааг засахын тулд өршөөл үзүүлээч гэмээр байна. Түүнчлэн МАН, МАХН гээд бусад намууд ард иргэдийнхээ сайн сайхны төлөө явдаг юм бол энэ асуудлыг улстөржүүлэхгүйгээр шийдээсэй. Харъя.

Б.ХАЛИУН

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.