З.Энхболд: Засгийн газрын бүтэц өөрчлөхтөй холбогдуулан ажил цалгардуулж болохгүйг анхааруулж байна

Twitter Print
2014 оны 10-р сар 01-нд 13:17 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын дарга З.Энхболдын намрын чуулганыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэж байна.

 

Монгол Улсын Ерөнхий сайд аа,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид оо,

Өнөөдөр Улсын Их Хурлын 2014 оны намрын чуулган эхэлж байна. Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд Монгол Улсын гадаад харилцаа томоохон үйл явдлаар дүүрэн байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар манай хөрш хоёр орны тэргүүн БНХАУ-ын дарга ноён Си Зиньпин, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч ноён Владимир Владимирович Путин нар Монгол Улсад айлчлал хийлээ.

БНХАУ-ын дарга ноён Си Зиньпин Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд элэгсэг дотно үг хэлж, төрийн айлчлалын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал гаргаж, хоёр орны Засгийн газар болон аж ахуйн нэгжүүдийн хооронд Төмөр замын дамжин өнгөрөх тээвэр, далайн боомтыг ашиглах, худалдаа эдийн засаг, нийгмийн салбарыг хөгжүүлэх 24 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн ажлын айлчлалын хүрээнд хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудал бүрэн шийдэгдэж, “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаж, төмөр замыг цахилгаанжуулах, хос болгох ажлыг цаг алдалгүй эхлүүлэхээр боллоо. Халхын голын ялалтын 75 жилийн ойг хамтран тэмдэглэлээ. Олон салбарыг хамарсан Засгийн газар хоорондын нийт 15 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Эдгээр айлчлалууд нь манай орны хөрш хоёр оронтой харилцах харилцаанд шинэ үе шатыг эхлүүлсэн түүхэн үйл явдал болсныг онцлон тэмдэглэж байна.

Хоёр том гүрний дунд оршиж байгаа манай орны хувьд газар зүйн байршлын давуу талаа ашиглан төмөр замын, авто замын, нефтийн болон хийн хоолойн, эрчим хүчний, интернетийн шилэн кабелийн дамжин өнгөрөх стратегийн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй, санаачлагатай ажиллах цаг хугацаа тохиож байна.

Энэ сарын сүүлчээр УИХ-ын даргын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын хүрээнд хоёр орны парламент хоорондын харилцааны байнгын ажиллагааг бэхжүүлэх баримт бичигт гарын үсэг зурахын зэрэгцээ бусад асуудлаар Засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн хооронд хамтран ажиллах гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах ажлыг амжуулахаар хоёр тал идэвхтэй хамтран ажиллаж байна. Цаашид төрийн тэргүүнүүдийн айлчлалын хүрээнд гарын үсэг зурсан баримт бичгүүдийг ажил хэрэг болгохын төлөө Засгийн газар цаг алдалгүй шуурхай ажиллаж, үр дүнд хүргэх хэрэгтэй байна.

Монгол Улсын хоёр хөрштэйгээ харьцах харилцаанд гарсан сүүлийн үеийн ололт амжилт нь манай улсад Гурав дахь хөршийн бодлогоо эрчимтэй хэрэгжүүлэх боломжийг олгож байна. Гурав дахь хөршийн холбоогоо бэхжүүлэхэд энэ удаагийн чуулганаар хэлэлцэх Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах нь чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын гишүүд хөдөө орон нутагт ажиллахын зэрэгцээ ХБНГУ, Бельги, Англи, АНУ, Канад, Швед, Турк, Франц, Австри зэрэг улсад олон улсын хурал, чуулганд оролцож тухайн орнуудын хууль эрх зүйн орчинг судалж, парламентын үйл ажиллагаатай танилцсан байна.

Миний бие чуулганы завсарлагааны хугацаанд Баян-Өлгий, Говь-Алтай, Орхон, Булган аймгуудад ажиллаж, нийслэлийн эрчим хүчний бүтээн байгуулалт, Дөргөн, Тайшир, Эгийн голын усан цахилгаан станцын үйл ажиллагаа, төслийн явцтай танилцаж, Орхон аймгийн Молибдены баяжмал боловсруулах үйлдвэрийн нээлтэд оролцлоо.

Монголд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчим хүчний дэд бүтцийг өргөтгөх ажил эрчимтэй явагдаж байна. Өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд ТЭЦ-3,ТЭЦ-4 станцын хүчин чадлыг 50 мВт болон 128 мВт-аар нэмэгдүүлж өргөтгөсөн нь цаг хугацаа хожсон зөв бодлого байсныг харуулж байна. Улаанбаатар хотын зүүн хэсгийг дулаанаар хангах “Амгалангийн дулааны станц” хугацаандаа ашиглалтад орох боломжтой болжээ. Үүний үр дүнд нийслэлийн эрчим хүчний хангамж сайжрах нөхцөл бүрдэж байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын энэ удаагийн намрын чуулган Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны хоёр дахь хагасын эхлэлтэй давхцаж буйгаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын эрхэм гишүүд Та бид ард түмнээрээ ажлаа дүгнүүлэхэд хоёр хүрэхгүй жилийн хугацаа үлдээд байна. Улсын Их Хурлаас өнгөрсөн хоёр жилд Монгол Улсын хөгжил, эдийн засгийг эрчимжүүлэх ач холбогдолтой хууль, тогтоол, шийдвэр олныг гаргасан нь зохих үр дүнгээ өгсөн гэж үзэж байна. Тухайлбал, Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсноос хойш гишүүн орны хувьд хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор энэ удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хууль хяналтын байгууллагын эрх зүйн шинэтгэлтэй холбоотой багц хуулиудыг батлан гаргаж мөрдүүлсэн. Олон улсын “Транспарэнси интернэшнл” байгууллагаас жил бүр гаргадаг Авлигын төсөөллийн индексийн судалгааны дүнгээр Монгол Улс 124 дүгээр байрнаас 83 дугаар байрт шилжсэн нь авлигатай тэмцэх талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны үр дүн юм. Гэсэн хэдий ч эдийн засаг, нийгэм, хууль хяналтын салбарын олон эмзэг асуудлыг шийдвэрлэх үүднээс цаг алдалгүй хэлэлцүүлж, батлуулах шаардлагатай хууль, тогтоолын төслүүд цөөнгүй байна.

Намрын чуулганаар 2015 оны Монгол Улсын төсөв, хүний хөгжил сангийн болон нийгмийн даатгалын сангийн төсөв, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж батална. 2014 оны эхний 8 сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 13.6 хувиар буюу 605.8 тэрбум төгрөгөөр тасарч, Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 3,798,0 тэрбум, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 3,951,0 тэрбум төгрөгт хүрч улсын нэгдсэн тэнцвэржүүлсэн тэнцэл 153 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Сүүлийн жилүүдэд манай эдийн засаг дахь төгрөгийн ханшийн савлагаа, инфляцийн өсөлт, экспортын бүтээгдэхүүний үнийн уналт зэргээс хамаарч ард иргэдийн зарим хэсгийн амьжиргааны түвшин буурч байна.

Эдийн засагт үүссэн эдгээр нөхцөл байдлыг болон удахгүй төлбөр нь нэхэгдэж эхлэх Хөгжлийн банкны, Чингис, Самурай бондын төлбөрийг хэрхэн төлөх талаар одооноос сайтар тооцож, 2015 оны төсөв, мөнгөний бодлогыг үндэслэл сайтай баталж мөрдүүлэх шаардлага УИХ-ын эрхэм зорилт болж байна. Өнгөрсөн хаврын чуулганаар баталж амжаагүй Өрийн удирдлагын тухай хуулийг яаралтай батлан гаргах шаардлагатай байна.

Энэ удаагийн чуулганаар Татварын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Худалдааны тухай зэрэг олон чухал хуулиудыг хэлэлцэнэ. Мөн Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай, авто зам, боловсрол, эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслүүд болон хаврын чуулганаар хэлэлцэж эхэлсэн бусад хууль тогтоомжийг үргэлжлүүлэн хэлэлцэж батлах болно.

Улс төрийн намууд сонгуульд зориулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас их хэмжээний хандив авдаг, намын санхүүжилт ил тод биш байгаа талаар ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Үүнтэй холбоотойгоор Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг энэ чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байна. Улс орныхоо эдийн засагт суурь чанартай томоохон өөрчлөлтүүдийг хийж, улсынхаа хөгжлийг дунд, урт хугацаанд төлөвлөх талаар бид олон удаа ярьж байна. Харамсалтай нь бодитой ажил хийгдсэнгүй өнөөдрийг хүрч байна. Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн стратеги, бодлого боловсруулах чиглэлээр байгуулагдсан УИХ-ын ажлын хэсэг ажилдаа яаравчлан орохыг сануулж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулна гэдгээ ард түмэндээ зарласан нь нийгмийн сэтгэл зүйд ихээхэн хүлээлт бий болгоод байна. Тийм учраас бүтцийн өөрчлөлтийг УИХ-ын гишүүд, олон нийтийн дунд өрнөж байгаа санал шүүмжлэл, салбаруудын уялдаа холбоог нарийвчлан тооцож, оновчтой хувилбараар боловсруулж ойрын хугацаанд УИХ-д өргөн барих хэрэгтэй. Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ дагуу цаг хугацаа, дараалал харгалзахгүйгээр яаралтай хэлэлцэж батлах болно. Энэ нь засаглалын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх алхам гэж үзэж байна. Харин Засгийн газрын бүтэц өөрчлөхтөй холбоотойгоор засаглалын аль ч шатанд ажил цалгардуулж болохгүй гэдгийг төрийн албан хаагчид, албан тушаалтнуудад анхааруулж байна.

Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын гишүүдийн ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран БНСУ-ын Засгийн газрын 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Цахим парламент” төслийг амжилттай хэрэгжүүлж, хуралдааны танхимуудад иж бүрэн цахим системийг шинээр суурилууллаа.

Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны цагийг долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт өглөө 09 цагаас эхэлж, үдээс хойш 14 цагаас үргэлжлүүлж байхаар өөрчилж захирамж гаргалаа.

Намрын чуулган дараа жилийн төсөв, мөнгөний бодлогыг тусгай дэгээр хэлэлцдэг учраас цаг хугацааг үр ашигтай, бүтээлчээр ашиглаж, төлөвлөгдсөн олон чухал хууль тогтоолыг батлахын тулд эрхэм гишүүд Та бүхнийг чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй, санаачлагатай оролцохыг уриалж байна.

Та бүхэнд ажлын амжилт хүсч, Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы ажиллагааг нээснийг мэдэгдье.

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.