Мөөеө аваргатай уулзсан алтан агшнууд

Twitter Print
2022 оны 07-р сар 10-нд 10:05 цагт
Мэдээний зураг,

Мөөеө аваргатай уулзсан алтан агшнууд

Утга зохиолын сургуулийн нэгдүгээр курсын оюутан товарищ “Гурван эрдэнэ”-ийн (Нацагдорж судлалын нэрт эрдэмтэн Жачингийн сургууль) дугуйлангаар ороод буцахдаа траллейбусанд суучихлаа. Гэтэл өнөө траллейбусны чинь хойд талын чөлөөнд Мөөеө аварга цүнх сугавчилчихсан, зангиа зүүчихсэн, нэг хүнтэй сүрхий яриад тэр яриаг нь хүмүүс сонирхож байгаа бололтой тойрчихсон байна. Тэр чинь 2001 оны өвөл. Энэ их аварга ингээд явж байдаг юм байхдаа гэсэн бодол эрхгүй төрсөн юм. Учир нь тэр үед траллейбус автобуснаас ч хямд үнэтэй, ихэвчлэн оюутнууд суудаг байсан. Сүүлд бодох нь ээ, Мөөеө аварга “Их шавь” сургуулиасаа гараад явж байж. Ингэж Монголын домогт их аваргатай анх траллейбусанд таарсан юм. Бид хоёрын дараагийн “учраа” Хакухо Даваажаргал мэргэжлийн сумогийн дээд зиндаанд дэвшсэн хоёр мянга дөрвөн оны хавар байлаа.

Миний бие 3 дугаар курсээ төгсөх оюутан, “Монгол түмэн” гэж 10 хоног тутмын сонинд ажилладаг байсан үе. Энэхүү “Монгол түмэн” сонин өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн оролцоотой байсан санагдана. Сонины эрхлэгч нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын ах Сод-Эрдэнийн гэргий Сарантуяа гэж нүүр дүүрэн инээмсэглэсэн эгч байв. Сараа эгч, Содоо ах хоёрт би хүндэтгэлтэй явдаг юм. Оюутан хүү намайг хоолны мөнгөтэй, бүр болоогүй цалинтай анх золгуулсан хүмүүс. Яруу найрагч, сэтгүүлч, нийслэлийн онцгойн хариуцлагатай хурандаа Гомбо-Очирын Нэргүй намайг тус сонинд авсан билээ. Нэргүй ах бид Мөөеө аварга болоод гэргий Тамир нартай хүү Даваажаргалыг нь тосохоор онгоцны буудал явлаа.

Би аваргыг сугадчихсан МИАТ-ын хоёр давхрын шат руу өгсөж явахдаа “За Мөөеө аварга аа, одоо ингээд хүү чинь гарч ирж байна. Мэргэжлийн сумогийн дээд зиндааны бөх болоод ирж байна. Таны сэтгэл их хөдөлж байна уу” гэтэл, аварга миний гараас гараа шувт татаад, нэг их эвгүй харснаа “Юу гээд хуцаад байгаа юм бэ” гэдэг юм. Би айх ч болох шиг. “Үхсэнийх нь сэтгэл хөдлөх. Даваа (Хакухо) ирдгээрээ л ирж байна. Тэр дээд доод зиндаа нь надад ямар ч хамаагүй” гэлээ. Би буруу юм асуугаад аваргын гэдэнг хөдөлгөчихжээ. Хакухог аав ээжээс нь гадна Өсөхөө аварга, Цэвээнжавын Ванчигцэрэн начин гээд багагүй олон хүн угтаж авсан санагдана. “Би энэ зиндааг зүүдэндээ мөрөөддөг байсан” гэж Хакухо анх ярилцлага өгөхдөө хэлж билээ. Японы мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 45 удаа түрүүлж түүхэн дээд амжилт тогтоосон их аваргатай тэртээ 18 жилийн өмнө, дээд зиндаанд анх дэвшсэн баярт мөчид нь ижий аавтай нь хамт тосон уулзаж байснаа бодоход сайхан санагддаг.

***

2008 оны наадмаар би гэдэг хүн төв цэнгэлдэхэд дархан эрхтэй суусан юм. Сайндаа юу байхав, Данзан ахын маань буян. Бөхийн холбооны дэд тэргүүн, Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооны нарийн бичгийн дарга Довдонгийн Данзан бээр надад “Баяр наадмыг ногоон талбайд сурвалжлах эрх” бүхий хэн хүний хүсээд авч чаддаггүй мандатыг “арын хаалга”-аар өгсөн юм. Тийм мандат гардсан хүн чинь бөөн баяр очно биз дээ. “Нарантуул” захаас худалдаж авсан нэг их гоё товчтой цагаан саарал тэрлэгээ өмсөөд гарч өглөө. Цэнгэлдэхийн зүүн жигүүрийн аварга арслангууд суудаг, яагаав Сүхбат зодог тайлахдаа Баянаа аварга дээр очоод цурхирч уйлдаг тэрхүү модон саравчинд суугаад авлаа. Баянаа аварга тод шар торгон дээлтэй, за тэгээд Мөөеө, Цэрэнтогтох аварга бүгд заларлаа. Монголын домогт их аваргуудтай суудал зэрэгцэн тэр жилийн наадмыг үзсэндээ би бахархдаг. Наадмын нээлтийн дараа өнөө аваргууд чинь яваад өглөө. Нэгийн даваа шувтрах тал руугаа хандчихсан бөх сонирхож байгаа хүн ч алга. Цэнгэлдэх эзгүйрээд ирлээ.

Тэгтэл Эрдэнэ-Очир арслан зүлгэн дээр хөлөө жийгээд суучихсан, Завханы “азарга” Лхагваа начин, “мангар” Санжаа буюу том Санжаа заан бид гурвыг дуудлаа. Бид гурав л сууж байгаа харагдсан байх. “Хүүхдүүд наадмын хуушуур аваад иржээ. Хэдүүлээ хуушуурын амт үзнээ” л гэж байна. Тэр даруй Лхагва начин “Манай хүү бас хуушуур авчирч өгнө гээд байсан” хэмээн тостой хуушуур идэнгээ ярьж байна. Хүү гэдэг нь Монгол Улсын гавьяат жүжигчин Дэмидбаатарыг хэлсэн болов уу. Тэрээр Дэмидбаатар гавьяатын аав. Ерэн онд шиг санагдана, Дэмидээ ах Кёкүшюзан Батбаяртай 120-ийн үйлчилгээний төвд мах цавчигч хийж байхдаа аавынхаа далбааг өмсөөд хүүхдийн барилдаанд зодоглож байснаа инээд наргиан болгон хэлдэг сэн. Ингэж Эрдэнэ-Очир арслан, Санжаа заан, Лхагваа начин гуравтай хуушуурдаж, улмаар цэнгэлдэх тойрон баахан алхаж наадмын тоосонд даруулаад хоёрын даваа дундаа орох үед өнөө саравчиндаа ирж суулаа. Мөөеө аварга ганцаараа ирээд суучихсан байна. Аварга хоёрын давааны төгсгөлийн аймгийн цолтнуудын барилдааныг үзэхээр ирж дээ гэж бодов. Тэгтэл үгүй байсан юм билээ. Ерөөсөө л Хадаагийнхаа хүү Даваажавыг харах гэж ирсэн юм билээ. Даваажав нь хоёрын даваанд тахимаа өгчихөөд элэг бүсээ тайлчихсан таахага таахага алхаад ирлээ. Мөөеө аваргыг зориод ирж байгаа юм биш л дээ. Бидний сууж байсан саравчны урд талын асарт бөхийн бай өгч байсан юм. Нэг давсан учир бөхийн байгаа авахаар ирж байгаа нь тэр.

Мөөеө аваргыг гэнэт харангуутаа толгойгоо маажаад, хүүхэд шиг инээд алдаад, ядахад элэг бүснийх нь уяа газар сул унжчихсаныг хэлэх үү, нэг л базаахгүй амьтан ирлээ. Мөөеө нь дуугарахгүй чимээгүй духайгаад сууж байснаа “Даваажав аа, яав аа” гэв. Өнөөх бага Хадаа чинь урам муутайхан нэг л болж өгсөнгүй ээ. Ядахад энэ гуян дээр гарчихсан хатиг хөндүүрлээд гээд давааныхаа мөнгийг авахаар цааш явлаа. Тэрхэн хоромд Мөөеө чимээгүй суугаад л байх юм. Аварга яагаад чимээгүй болчихов гээд хартал мэлмэрүүлж байдаг байгаа. Хадаагаа боджээ. Төрсөн үр шигээ сэтгэлдээ хайрлаж явсан Хадаа нь Баянаад юм уу, Цэрэнтогтох, Мөнгөн, Ганбаатар...өөр хэнд ч юм уначихаад Мөөеө аваргын өмнө гэм хийсэн хүүхэд шиг үсээ илбэсээр яг л ингээд ирдэг байсан байх. Он жилүүдийн өмнөх тэр л дурсамж дуртгал цээжинд нь бууж, хүний хайлан, гэнэн томоогүй Хадаа нь сэтгэлд бодогдож аварга маань нулимсаа барьж чадаагүй, бас нулимсаа арчихыг хүсээгүй сууж байгаа нь тэр байх. Ер нь бөхчүүд гэдэг чинь өр зөөлөн хүмүүс байдаг юм гэж олон хүний дуртгалд гардаг. Сүүеэ(Шаравын Сүрэнжав)-гийн “Гарьд магнай” кинонд ч тэгж гардаг. “Буур Жамъян гуай их уяхан хүн байсан болов уу. Нас нэлээн ахисан хойноо улсын наадамд ирж зодоглохдоо нэгийн давааны өмнө уйлж байгаа харагдсан” гэж Гялдангийн Цоодол арслан дурссан байдаг. Мөөеө аварга монгол төрийн наадмын өглөө, наадмынхаа ногоон дэвжээнд хичнээн удаа мэлмэрснийг мэдэхгүй. Ямар чиг байсан 2008 оны наадмаар Хадаагийнхаа хүүг хараад миний хажууд асгартал уйлсан юм.

***

Мөөеө аварга нэг удаа манай ажлаар ороод ирлээ. Жижүүрээс Оюунтуяа даргыг асуусан юм билээ. “Байхгүй байна” гэхэд “Тэгвэл тэр Гантулга гэж нохой байна уу” гэсэн гэж байгаа. Мань хүнийг ороод ирэхэд би жаахан эвгүйцсэн. Учир нь тухайн жилийн наадмын дараахан “Өдрийн сонин”-д “Шанаган тав”-ыг гурав давах бөхгүй болгосон буруутан нь Мөнхбат, Сүхбат хоёр мөн биз дээ гэж бичсэн юм. Мөөеө аварга, Сүхбат хоёрыг нутгийнхныгаа тэгтлээ дэмжээгүй, Мөөеө “Миний ёндгор аварга” гээд Өсөхөө аваргыг ерөнхийдөө дэмжсэн, өвөө(Буур аварга)-гийнх нь захиасыг ч санасан байх, Сүхбат болохоор “хазгар хүргэн хадамсаг” гэгчээр Увс руу явчихсан. Үүний гороор “шанаган тав” өнөөдөр гурав давах бөхгүй боллоо гэж “чимхсэн” нийтлэл байв. Түүнийг уншаад ирлээ гэж бодохгүй юу. Тэгтэл тэр тухай еөр дурссангүй, хоёулаа бөх тэх ч нээх ярьсангүй, цаг үеийн инээд наргиантай юм ярьж, сүүлдээ жаал улстөржиж аваад салсан.

Аварга намайг тэр үед яагаад нэр устай сүрхий мэдэж байсан бэ гэхээр Цоодол багшийн найрнаас улбаатай юм. 2009 онд багш минь Ардын уран зохиолч цол хүртээд наадмын дараа, наймдугаар сарын эхээр Улаанбаатар ресторанд ёстой нэг дүнжгэр найр хийсэн. Дөнгөтийн Цоодол аваргын найрын хоймрыг олон хүндтэй зочид эзэгнэн байсны нэг нь Жигжидийн Мөнхбат аварга байлаа. Багш маань найрын зочдодоо хандаж үг хэлээд эхний хундагыг өргөхдөө “Би Ардын цолныхоо найрыг өөрийнхөө шавиар хөтлүүлж байгаа юм” гэж намайгаа жаахан дөвийлгөж олонд танилцуулсан. Түүний дараахан Мөөеө аварга үг хэлэхдээ “Юу л даа, манай Зоригт вангийн хошууныхан бол хэзээнээсээ жудагтай эрчүүдтэй л дээ. Сая Цоодол Гантулгыгаа магтлаа. Бусдыг ингэж хүндэтгэх ухааныг бидний өвөг дээдэс өгсөн. Гэхдээ багш шавь хоёрын ухааныг би бол гүйцэхгүй л дээ” ч билүү төгсгөлд нь нэг тийм “нохой” үг хавчуулж олныг хөгжөөж байсан. Түүнээс хойш их аваргатай мэндтэй устай явсан.

Хэзээний наадмаар ч билээ, өнөө алдарт Наранхүүгийн шарга азарга түрүүлээд цэнгэлдэхэд ороод ирчихсэн, төв асрын урд цоллуулахын өмнөхөн, хийморьтой сайхан ажнайн алтан цулбуурыг атгаад Мөөеө аваргатай бид зураг хөргөө авахуулж гангарч л байлаа. Энд нэг зүйлийг шигтгэхэд 2000 оны наадмаар Мөөеө аварга нэгийн даваанд унаж, өнөө дүлий цэрэг гэсэн алдарт онигоо гарсан даа. Агуу их Мөөеө-гөө нэгийн даваанд өдөг шороодоход гэртээ зурагт харж суусан Цоодол найрагч шуудхан үзгээ шүүрч

“Мөн ч их юм үзэх юмаа хүн

Мөнхбат аварга нэгийн даваанд ойчихыг хардаг байна

Цэнгэлдэх хүрээлэн цочсон юм шиг сэрхийж

Цэнхэр торгон шуудаг нь шороотой босохыг үздэг байна

Хэтэрхий жавхлант аварга зүүний магнайд тэлүүлж

Хэн нэгний нь өвдөг чичирч зогсдог байсан

Мөнхбат гэдэг чинь зөвхөн дийлэхийн нэр

Мөрөнд нь хүрээд ойчсон хүн залбирч буцдаг байсан” гээд “Энгүй хүчит аварга байдаг байдаг гэлээ ч эргэх хорвоогийн жам гэдэг бүүр их аварга байх юм даа” хэмээн бичсэн байдаг. Багшийнхаа энэ шүлгэнд би дуртай. Он цаг гэдэг хамгийн том аварга юм даа гэх мөр нь тархинд ён хийтэл буудаг.

***

Түвдэнням гуай Мөөеө аварга хоёрын “Хаях би яараагүй байхад...” ном бий. Уг номыг уншаагүй хүн ер нь ховор байх. Бөх гэхээр л амиа тавьдаг, гэрийнхээ жаазаар дүүрэн бөхийн зураг хийгээд эхнэртээ загнуулж суудаг, манай сум(Булганы Хишиг-Өндөр)-ын Задгай ах. Өөрөө ч барилдаад гавиагүй л дээ, тэр жил дөрөвт үлдэхэд нь сумын удирдлагууд урмыг нь бодоод сумын начин өгсөн юм. Харин Задгай ах бөхийн номыг бол үнэхээр цуглуулдаг байлаа. Тэднийд очин “Хаях би яараагүй”-г уншиж агуу их Мөөеө Баянаа, Дарийн Дамдинг биширч байлаа. Мөөеө аварга улсын наадамд түрүүлчихсэн ид үедээ “цахилгаан” Мөнхөөд унасан гэдэг юм. Унах унахдаа Дамдин аварга тэр хоёр хоёулаа дараалаад унасан гэдэг. Жаран дөрвөн оны наадмын өмнөхөн морин тойруулгад барилдаан болжээ. Гурвын даваанд Дамдин аварга цахилгаан Мөнхөөг амлаж аваад дэгээдүүлээд уначихаж гэнэ. Дараагийн даваанд Мөөеө амлах нь мэдээж. Өнөө Мөнхөө нь “Би сая Дамдинг үнэхээр хаясан. Чи надад бууж өг” гэжээ. “Наадам болох гэж байхад чам шиг юманд бууж өгөх нь азанд муу” гэж хэлэхтэй зэрэгцэн хоёр хөл рүү нь дайрч ороод хаячихаж. Босоод иртэл нүүрнээс нь гал бутраад явчихав гэнэ. Айхтар хүчтэй унасандаа биш гол нь “цахилгаан” Мөнхөөд олны өмнө унасандаа тэр. “Хүмүүс Мөнхбат буугаад өгчихлөө гэх нь дуулдлаа. Олны тэр үг сэтгэлд сайхан санагдаж байгаа хэдий ч би үнэхээр ойчсондоо гутаж өөрөөсөө ичиж байлаа” гэж дурссан нь бий.

“Үнээ саалгадаггүй хоёр Мөнх” буюу Мөөеө нь Баянаатайгаа хэрхэн барилдах, Баянаа нь Мөөеөтэй л барилдахаа бодож байснаас бусдын тухай бодож байгаагүй гэж санахаар агуу. Уул нь жараад оны дунд, далаад оны эхэн үеийн наадам чинь Түвдэндорж, Батсуурь, Чимид-Очир, Дамдин, Цэрэн, Мөнхбат, Баянмөнх, Бээжин гээд арваад аварга, Чойжилсүрэн, том Жамц, Мижиддорж, Эрдэнэ-Очир, Сосорбарам, тэмээ өргөдөг Жамъяндорж, Дэмүүл, Хайдав, Дагвасүрэн гээд мөн 10 гаруй хүчит арслангууд зодоглож байсан монгол бөхийн бас нэг оргил үе байв. Гэвчиг Баянаа Мөөеө хоёр бие биенээ л бодож, хэн нэгнээ давахын төлөө тэмцэж байсан нь домог болон үлджээ. Жаран таван оны наадмын бэлтгэлд Мөөеө аварга Эрдэнэ-Очир, Адъяа заан нартай гарчээ. Тэдний хажууханд хужаа Чүлтэмсүрэн арслан морио уяад байж байсан гэнэ. Мөөеө хужаа арслан дээр очиж бөх яриулна. Түвдэн, Чимид-Очир, Цэвээнравдан аваргууд, Дорнодын гулзгай Дамчаа, Завханы Идэрийн “урт гарт” Лхагваа, Сэлэнгийн боохой Данзан, Арвайхээрийн Банди, эрээн хавиргат Төрбат, алдарт Ванчинхүү, аат Лувсанжамц, Хасын Өлзийсайхан, Гялдангийн Цоодол, дэрэн бор Самданжигмэд гээд домогт арслангуудтай нэгэн үед зодоглож явсан Чүлтэмсүрэн гуай Мөөеөд юу эсийг хэлэх билээ. “Хүний хөлийг аваад элдэж байгаа бөхийн өрөөсөн нүдийг таглавал зогтусдаг, тэгэхээр нь дагуулаад хаяна” гэж хэлжээ.

Наадмын үзүүр түрүүнд Баянаа Мөөеө хоёр үлдэж, Баянаад хөлөө алдан дэгэж явахдаа “За ингээд Эрдэнэсант руугаа хараад ойчдог юм байжээ” хэмээн ихэд сандарснаа гэнэт хужаа арслангийн хэлснийг шурхийн санаж Баянаагийнхаа нүдийг таглаад зогтусахад нь ачиж орхисон гэдэг. Ингэж гурав дахиа түрүүлж өнөө өгдөггүй аваргаа авсан гуйж биш гуядаж авсан удаатай. 1939 оны дайны жил Түвдэндорж гэж цэргийг хаяж төрийн наадамд хоёр дахиа түрүүлсэн ч Чойбалсан Түвдэндорж түрүүллээ, цэргийн хүү түрүүллээ, бид дайнд ялах нь гэж мундаглахад нь “Маршалын маань нүд цийчихээ юу даа” гэж хэлээд долоон жил шоронд суусан “урт гарт” Лхагва арслан жаран таван оны наадмын дараа Мөөеө аваргатай зориуд уулзжээ. “Чи Самбуу дарга, Цэдэнбал хоёрт өгдөггүй аваргаа өг гэж төрийн наадмын индэр дээрээс айхтар хэлсэн байна. Тэгж болдоггүй юм. Ах нь амнаасаа болж айхтар юм амссан хүн” хэмээн аминчлан захисан байдаг. Жаран зургаан оны үерийн жил. Үерийн улмаас наадам хэд хоногоор хойшилж бүр сүүлдээ Спортын төв ордон руу шилжжээ. Түрүү үзүүрт Дамдин Мөөеөтэй үлдэхэд Мөөеө нь алга болчихов гэнэ. Удаж удаж ирэхэд нь Даньдгай айхтар уурласан юм байх. Яг энэ үед Мөөеө шазуур зууж “Хаях би яараагүй байхад унах чи юундаа яардаг юм” гэх утга бүхий үгээ хэлсэн юм билээ. Даньдгайгийнх нь уур улам бүр шатна биз дээ. “Шатааж” байгаад Мөөеө давсан гэдэг, ээ мөн зальтай нохой шүү гэдэг нь тийм учиртай. Ерэн дөрвөн онд Мөөеө Хөдөлмөрийн баатар болоод Даньдгай дээрээ очиход “За Мөнхбатаа, надад чиний баатрыг мялаах бэлэг алга. Энэ жилийн төрийн их наадмын зүүний магнайг өгье” гэж хэлсэн дуулддаг. Ингээд тэр жил Дамдин аварга зодоглолгүй өнжиж, цолны эрэмбээр зүүний магнайд Мөнхбат аварга Хөдөлмөрийн баатар хэмээн цоллуулан гарч 53 насандаа зургаа давж шөвгөрч байсан түүхтэй. Их аваргуудын яриа хөөрөө, үүх түүх гэдэг үнэндээ аварга. Аварга аваргаараа төрдөг гэдэг тэр байх даа.

***

2018 оны 4 сарын 13-ны цас будагнасан хаврын өглөө. Улсын “Хүрэл тулга” найргийн наадмын шүүгчээр суух байсан миний бие урьд өдөр нь байрныхаа шатан дээрээс унаж хөлөө гэмтээсний улмаас гэртээ хэвтэж байлаа. Зурагтаар Монголын домогт их аварга, Монголын тамирчдаас анх олимпийн их наадмын мөнгөн медалийг эх орондоо авчирсан дэлхийн цуут их хүчтэн Жигжидийн Мөнхбатыг сүүлчийн замд нь үдэх ёслол гарч байлаа. Агуу их Мөөеөгийнхөө алтан шарилын өмнө Баянаа аварга асгаран уйлж зогсохыг хараад элэг зүрх өмрөөд явчих шиг болсон. Их аваргынхаа алтан шарилын өмнө Баянаа, Бат-Эрдэнэ, Балжаа, Өсөхөө бүх л аваргууд тэргүүн гудайн зогсож, их аваргын хүү Хакүхо аавынхаа эрдэнэт тэргүүн дээр эмгэнэлийн үгээ хэлж Алтан-Өлгийд нутаглуулахад нь хаврын цас нүүр нүдгүй шуурч байв. Их аваргыг үдэх ёслолд Хөдөлмөрийн баатар, XX зууны манлай уяач Даваахүү, Базарбидарнаагийн Бадам-Очир начин тэргүүтэй ойрын хүмүүс оройлон оролцож, алтан шарилынх нь гантиг цагаан хөшөөг хаврын цас илбэж байлаа. Хүмүүний энэ орчлонд домог шиг амьдраад домог шиг буцсан агуу их Мөөеө минь. Мөнхийн алдар суу болсон их аварга минь. Мөнх тэнгэрийн дор Монгол минь мөнх оршсоор байх цагт Монголын их хүчтэн Мөнхбат Таны сүр сүлд хэзээ ч үл арилнам гэж бодохуйд цээж огшном. Тийм ээ, Мөнхбат аварга бол мөнх оршихуйн билгэдэлтэй хүмүүн билээ.

“Болор цом”-ын эзэн яруу найрагч Норовын Гантулга

2022.01.01

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR PRADHAN

      (102.89.39.179) 2022-07-21 16:16
      • 0
      • 0

      Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Үнэ 780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.www.drpradhanurologist.com

      Хариулах