Ерөнхий сайд Н.Алтанхуяг Өмнөговь аймагт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа

Twitter Print
2014 оны 10-р сар 01-нд 11:04 цагт
Мэдээний зураг,

Өмнөговь аймаг Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн 302,7 км хатуу хучилттай автозамын зураг төслийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар боловсруулан батлуулж, 2013 онд 10 км авто замыг орон нутгийн төсвийн 8,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтанд оруулжээ. Энэ онд 39 км авто замын ажлыг орон нутгийн төсвийн 50,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгүүлэхээр ажлыг нь эхлүүлж, эхний 13 км замыг ашиглалтад оруулсан байна. 

Энэ чиглэлийн автозамын үлдсэн 253,7 км-ыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гүйцэтгүүлэх саналтай байгаагаа Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа ­Ерөнхий сайдад хэллээ.

Дараа нь 2400 шахам айл өрх, 10 000 орчим хүн ам суурьшин амьдрах шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын ажилтай Ерөнхий сайд танилцлаа. Цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан эрчим хүч, хатуу хучилттай авто зам зэрэг дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдэхээр төлөвлөсөн шинэ суурьшлын бүсэд одоогоор 1200 хүүхдийн сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй, сумын ЗДТГ-ын барилга70 хувьтай, 48, 80 айлын орон сууцнууд 85 хувьтай, соёл, спортын цогцолборын барилга 90 хувийн гүйцэтгэлтэй баригдаж байна. Шинэ суурьшлын бүсэд орон сууцны хороолол, амины орон сууцны барилгуудын ажлыг эхлэхдээ дэд бүтцийг асуудлыг бүрэн шийдсэн байх шаардлагатай гэдгийг Ерөнхий сайд анхаарууллаа.

Өмнөговь аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа 1000 айлын орон сууц барих төслийн хүрээнд баригдаж байгаа орон сууцны барилгуудын ажлын явцтай Ерөнхий сайд танилцлаа. Орон нутгаас санаачлан хэрэгжүүлж байгаа орон сууц барих төслийн үр дүнд иргэдийн орон сууцны хангамж нэмэгдэж, орон сууцны 1 ам метр талбайн үнийг 950 мянгаас 1 сая 50 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр тогтвортой байлгаж, иргэдэд боломжийн талбайтай орон сууцыг тогтвортой үнээр худалдан авах нөхцлийг бүрдүүлэх нь чухал гэж Ерөнхий сайд хэллээ. 2013 онд 431 айлын орон сууц ашиглалтад орсон нь тус аймагт сүүлийн 20 гаруй жил хийгдээгүй бүтээн байгуулалт юм. Энэ онд 314 айлын орон сууц, 40 айлын амины орон сууцны хороолол ашиглалтад орох ажээ.       

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.