
Хүүхэд эхээс төрөөд гурван нас хүртлэх хугацаанд “гэгээнтэн” байдаг. Зургаан нас хүрэх хугацаанд “суутан” байдаг. Арван нэгэн нас хүрмэгц “жирийн хүн болчихдог” гэсэн мэргэдийн гаргалга байдаг. Учир нь аливаа хүүхэд эхээс төрөхдөө хүн төрлөхтөнд заяадаг бүхий л авьяас чадвар, ухааны үндсэн өгөгдөхүүнтэй гарч ирдэг.
Эхийнхээ хэвлийд арван cap тээгдэхдээ төрсөн хойноо туулах ёстой бүх амьдралынх нь хөтөлбөрийн ул эх бүрэлддэг байна. Эхээсээ удамшлын сайн юмыг бас саар юмыг ч тэрхүү арван сард “өмчлөн” авдагаар барахгүй жирэмсэн хугацаандаа эх нь тамхи, архи, зохимжгүй хоол, эм тан хэрэглэсэн байваас тэрнийг нь мөн л ураг нь хүлээн авч хожим гажиг болж мэдэх “дагавартайгаар” төрдөг байна.
Дээр цагт хутагт, хувилгаад, гэгээнтэнгийн хойт дүрийг тодруулах зан үйлийг гурван насанд нь юм уу зургаан наснаас нь хэтрүүлэхгүй хугацаанд шинжин тодруулдаг байсан нь ерийн явдал биш байжээ. Учир нь хүүхэд хоёр насандаа урьдах амьдралаа санаж эхлээд долоон насандаа мартчихдаг. Гэхдээ хүүхэд болгоныг ч тийнхүү шинжин тодруулдаггүй байснаас маш олон хутагт, хувилгаадын өгөгдөхүүн илрэх 3-6 насанд нь эцэг эх, ахмад хүмүүс анзааралгүй байсаар арван нэгэн нас хүргэчихдэг байсан тул хувилгаан, гэгээнтний нь өгөгдөхүүн орхигдож, “ерийн хүний” хэв шинжинд орчихдог нь түгээмэл хандлага байсаар ирэв.
Гэтэл үүнийг шинжлэх ухааны үүднээс ойлгосон барууныхан, ялангуяа Америк улсад саяхнаас “арван нэг хагасын” шалгалтыг хүүхдүүд дунд явуулдаг болжээ. Арван нэгэн нас хагастайд нь хүүхдийн авьяасыг шалгадаг болсон байна. Тэгээд юунд авьяастай, ямар чадвартай, ямар сонирхолтойг нь тогтоож ирээдүйн мэргэжлийг нь сонгуулдаг болжээ. (Энэ тухай би нэг бус удаа бичсэн, хамгийн сүүлд “Арван нэгийн эргүүлэг” гэсэн нийтлэл “Дал” сонинд гарсан тул үл нуршму) Арван нэгэн нас бол аливаа хүний насны анхны мөчлөгийн хугацаа юм. Нарны идэвхжилийн хугацаа ч бас 11 жилийн мөчлөгтэй байдаг. Хүний бие арван нэгэн жил дутамд өөрчлөлт үздэгийн учир тэр. Энэ нь хүний амьдралын онцгой үзэгдэл. Гэхдээ “хувилгаан”, “суутан” болох өгөгдөхүүнийг 3-6 насанд илрүүлж болох атал үүнийг анхаарч, тоодог эцэг эх бараг байдаггүй нь хүн төрлөхтний “сэтгэлгээний нийтлэг цоорхой” юм. “Нялх юм, балчир юм” гэж “хөөрхийлсөөр” байгаад хутагт, хувилгаад, суутан болох үр хүүхдээ “танилгүй” явуулсаар зүгээр л “ердийн хүн” болгочихдог нь их алдас мөн.
Түүгээр барахгүй хүүхэд төрүүлсэн эхийн “ангир шар уургийг” нь хөхүүлдэггүй болсон. Ялангуяа өнгөрсөн зууны тавиад оноос хойш төв, суурин газрын эмнэлэгт төрсөн хүүхэд нялхасыг шууд ангир уургаар нь амлуулж болохгүй гэдэг орос эмч нарын мухар сүжгийг манай эмч нар уулгамч юм шиг баримталдаг болсноос хойш төрөлхийн дархлаажилт султай хүүхэд олширсон юм. Нялхас эхээс төрмөгц ангир уургаараа амлавал дархлаажилт болон бусад гарвал зүйн (генетик) байгалиас буй болгодог жам ёс, хөтөлбөр эвдэрч хожим муу нөлөө нь илэрдэг аюулаас сэрэмжлэгддэг байна.
Лодонгийн Түдэв
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.