
Анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг коронавирусын эсрэг вакцин бүтээхэд онцгой хувь нэмэр оруулсан Унгарын эрдэмтэн Каталин Карико, АНУ-ын эрдэмтэн Дрю Уайсман нар хүртжээ.
Каталин Карико, Дрю Уайсман нар 2020 онд эхэлсэн коронавирусын цар тахлын үеэр коронавирусын эсрэг өндөр үр дүнтэй мРНХ вакцин бүтээхэд гол үүрэг гүйцэтгэсэн эсийн уураг нийлэгжилтийн үндсийг нээсэн тухай Стокгольмын Анагаах ухааны Каролинск Институт дэх Нобелийн зөвлөлөөс өнгөрсөн даваа гарагт мэдэгджээ.
Каролинск Институтын дэх Нобелийн зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд, "Каталин Карико, Дрю Уайсман нарын нээлтийн ачаар рибонуклейны хүчлийн нэг хэлхээт молекул дархлааны тогтолцоонд хэрхэн үйлчилдэг тухай бидний ойлголтыг үндсээр нь өөрчилж чадсан нээлтээрээ хүн төрөлхтний эрүүл мэндэд том аюул тулгарсан үед вакцин бүтээх ажилд онцгой хувь нэмэр оруулсан." хэмээн онцолжээ.
Каталин Карикогийн хувьд 1955 онд Унгарын Сольнок хотод төржээ. Тэрээр BioNTech RNA Pharmaceuticals компанийн дэд ерөнхийлөгч, ахлах лэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан ба 2021 оноос Унгарын Сегедын их сургууль, Пенсильваны их сургуулийн Перельманы Анагаах ухааны сургуульд профессороор ажиллаж байгаа аж.
Дрю Уайсман нь 1959 онд АНУ-ын Массачусетс мужийн Лексингтон хотод мэндэлжээ. Тэрээр Пенсильваны их сургуулийн Перельманы Анагаах ухааны сургуулийн профессор бөгөөд рибонуклейны хүчлийн судалгаа шинжилгээний ажлаараа алдартай нэгэн аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа