Ялагдагсад эвсэж эхэлжээ

Twitter Print
2014 оны 09-р сар 30-нд 11:04 цагт
Мэдээний зураг,

Монголын улстөрд 1992 оноос хойш чимээгүйхэн хүчээ авсан “хор” найруулах ажиллагаа дахин идэвхжиж эхлэв. Энэ удаа МАН-ын “гомдогсод” буюу М.Энхболдийн хотын фракцид шахагдагсад Зүүний Хүчний холбоо гээчийнхээ хурлыг хийж “бялуу хуваалт”-ын гадна хоцорсон С.Баяр, С.Батболд, У.Хүрэлсүх нарыг тойрон бүжиглэцгээж, 2016 оны УИХ-ын сонгуульд шазуур зуун орох бэлтгэлээ эхлүүлсэн нь тодорхой боллоо. Голдуу улстөрийн сонгуулиар ялагдал хүлээж, “бялуу хуваалт”-ын гадна хоцрогсод “нам нийлж, сэм хуйвалддаг” нь монголын улстөрийг олон удаа булингартуулж, өнөөдрийн гажиг тогтолцоог бүрэлдүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн гэдгийг захын хүн хэлээд өгнө. Хамгийн хорлонтой нь эрх мэдэл, албан тушаалын гадна үлдэгсэд хуйвалдаж улстөрийн бохир нэгдэл үүсгэснээр монгол төрийг хүчгүйдүүлж, улстөрийг тогтворгүйтүүлэн системийн хямралыг гүнзгийрүүлснээс өөр гавьяа байгуулсан түүхгүй.

Өнгөрсөн 20 гаруй жилийн түүхэнд ардчилсан хүчнийхний дотроос хамгийн амжилттай ажиллаж байсан М.Энхсайханы толгойлсон Засгийн газрыг өнөөдөр төрийн өндөр дээд албан тушаал хашиж буй нэр бүхий ардчилагчид хуйвалдан унагасан 1998 оны дөрөвдүгээр сараас хойш засагт хамтрагсад хийгээд нам нэгтнүүд нь сэм нийлж, нам хуйвалдан засгийн газартай тооцоо боддог хонзогнол түр намжиж байснаа дахин сэргэв бололтой.

УИХ-ын намрын чуулганы эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүний талаар боловсруулсан төлөвлөгөөгөө танилцуулна. Яг одоо яригдаж байгаа хувилбараар “Шударга ёс” эвслийн сайд нарыг засгаас шахаж, МАН-ынхан буюу М.Энхболдын фракц АН-ын нэр нэгтнээр удирдуулсан бас нэгэн фракцтай хүч хавсран Засгийн газрыг унагахаар хүчтэйхэн хөдөлж болзошгүй. Асуудал ингэж өрнөвөл Н.Алтанхуягийн толгойлсон Засгийн газар тэсч үлдэхэд тун хэцүү болно. Чухам тэр үед л саяхан хурлаа хийсэн МАН-ын доторх зүүнтнүүд хөдөлж эхлэхээр ярилцаж тохиролцсон дуулдана. 

2010 оны 8 дугаар сарын 21-нд тухайн үеийн МАХН-ын удирдлагууд болох Сү.Батболд, У.Хүрэлсүх тэргүүтнүүд нийт зургаан зүйлтэй "Тэрэлжийн тунхаг" гэгчийг гаргаж, улмаар намынхаа нэрийг сольж, өнөөгийн МАН буй болсон түүхтэй. Намын нэрийг солих их хурлын үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан У.Хүрэлсүх "Хэрвээ МАХН нэрээ МАН болгож солиод сонгуульд ялагдвал би хариуцлагыг нь хүлээнэ" гэж мэдэгдэж байсан.

Үүний дараа Ц.Шинэбаяр, Н.Удвал тэргүүтэй хэсэг улс төрчид МАХН-ын түр штаб гэгчийг санаачилж, улмаар МАХН нэртэй намыг дахин байгуулан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг даргаараа сонгосон. Ингээд уг нам М.Энхсайханы намтай эвсэл байгуулан  2012 оны УИХ-ын сонгуульд оролцсон ч угшил нэгтэй  ч шинэхэн  сөргөлдөгч МАН-аас олон санал авч чадаагүй. Сонгуулийн үр дүнд шаралхсан МАН-ын лидерүүд улстөрийн өрсөлдөгч АН-ынхантай далдуур тохиролцож, нэгэн цагт намынх нь дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын сүрт баривчилгааг зохион байгуулсаныг монголчууд их багагүй харцгаасан.     

Тэгвэл  нэгэн цагт гутлыг нь үдэж өгөхөөс наахнуур наалдаж явсан С.Батболд, У.Хүрэлсүх нар Н.Энхбаяртай хэзээнээс сөргөлдсөөр ирсэн С.Баяртай хүчээ нийлүүлж, шинээр байгуулагдах засгийг унагах, цаашлаад Н.Энхбаяр гэдэг хүнийг улстөрчийнх нь хувьд “амьд үхдэл” болгохоор ханцуй дотроо наймаалцаж, хамаг хүчээ нийлүүлцгээв

Өнөөдөртөө тэдэнд Н.Энхбаярыг улстөрийн тавцангаас бүрмөсөн арчин хаяхаас илүү чухал ажил байхгүй бололтой. Учир нь монголын улстөр зуныхаа амралтыг хараахан дуусаагүй байгаа. У.Хүрэлсүх Н.Энхбаярыг хамгийн муу хүн болж харагдуулах гэхдээ хорон үгийг харамгүй хэлсэн байна. Тэрээр Н.Энхбаярын талаар  “Бүтээсэн бүхнээ нураасан учраас МАН ч , МАХН ч ялагдсан. МАН -ын гишүүдийн итгэлээр төрийн бүх өндөр сэнтийд гарсан тэр хүн өөрөө бүтээснээ нурааж, өнөөдрийн энэ улс төрийн хямралыг  бий болгосон” хэмээн шулуухан агсарчээ. Н.Энхбаярын буруугаар 2012 оны сонгуульд ялагдсаны дараахан С.Батболд, У.Хүрэлсүх нар МАН-ын удирдлагаас огцорч, мөн л үүнээс гуравхан сарын дараа У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.
Олон нийт үүнийг У.Хүрэлсүх намынхаа нэрийг солиод ялагдсан тул өөртөө хариуцлага тооцож байна гэж үзэж байсан ч тэрээр өөр бодолтой явснаа хоёр жилийн дараа ийнхүү мэдэгдэж, цээжин дотроо агуулж явсан өш хонзонгоо тайлжээ. Тэгвэл С.Батболд, У.Хүрэлсүх нарыг монголын улстөрд хөтлөн оруулсан Н.Энхбаяр саяхан л “Би маш хурдан очмоор байна. 2014 ондоо улс төрд ормоор байна. Бүх сум, хороогоор явах хэрэгтэй.

Яагаад гэвэл, өнөөдөр Монгол Улсад мэдээллийн хүчирхийлэл газар авчихсан үед юу ч гэж тайлбарлаж болохоор болчихсон байна. Тийм учраас үүнд анхааралтай хандаж, сууриараа зөв ажиллах ёстой” хэмээн намынхандаа тайлбарлаж байсан нь мөд хэрэгжих боломжгүй болжээ. Учир нь эрх баригчидтай хүч хавсарсан МАН-ын удирдлагууд далдуур хатгасаар түүнд дахин Эрүүгийн хэрэг үүсгэж дөнгөсөн. С.Баяр, С.Батболд, У.Хүрэлсүх нарын шинэхэн эвслийн эцсийн зорилго бол М.Энхболдийг МАН-ын даргаас онхолдуулж У.Хүрэлсүхийг  сууринд нь залах, 2016 оны УИХ-ын сонгуульд АН-ын одоогийн алдаан дээр дөрөөлөн хар пиар хийсээр ялалт байгуулах, улмаар Ц.Элбэгдоржийн дараа С.Баярыг Монгол Улсын Ерөнхийлөгч болгох гэдэг нь тодорхой болж байна. Энэ бүх төлөвлөгөөг нурааж мэдэх хүчтэй өрсөлдөгч нь АН-ынхан биш гагцхүү Н.Энхбаяр байх болно гэдгийг ч тэд яс махаараа мэдэрч байгаа. Ямартай ч Н.Энхбаярыг монголд ирүүлэхгүй байх аргыг  эрх баригчид одоохондоо  атгаж суугаа болохоор С.Баяр, С.Батболд, У.Хүрэлсүх нар УИХ-ын намрын чуулганы нээлтийн дараа нам доторх хуйвалдаанаа эрчимжүүлж М.Энхболдийг унагах бүх л нөхцөл бололцоог идэвтхтэй эрж хайж эхлэх нь гарцаагүй. Дараа нь тэд засаг руу мацаж эхэлнэ.

Ер нь ч монголын улстөр иймэрхүү бохир ажиллагаан дээр тогтож, улстөрчид нь иймэрхүү “хор” найруулахдаа мэргэшсэн билээ. Одоо харин С.Баяр, С.Батболд, У. Хүрэлсүх нарын голлон тоглох ээлж ирсэн бололтой.

Д.Түвшин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.