
Миний суралцаж төгссөн сургуульд заавал үзэж кредит авах ёстой нэгэн хичээл байсан нь "НИЙГМИЙН ҮЙЛЧЛЭЛ" хэмээх хөтөлбөр байлаа.
Бүтэн улирлын турш 2 долоо хоногт 1 удаа Баасан гариг бүрийн үдээс хойш "өнчин хүүхдийн асрах газар", "ахмад настны халамжийн газар" гэх мэт байгууллагад очин тэдэнтэй хамт нэг хонож, хамт хооллож, тэдний ажилд өдөржин тусалдаг байв.
Хөгшид , хүүхдүүдийг усанд оруулах, хоол хийж өгөх, хамт тоглох, өрөө тасалгаа цэвэрлэх, гал тогооны ажилчдын хоол хийх, кимчи дарах зэрэг ажилд туслах гээд ёстой л хийхгүй юм байхгүй өдрийг барна. Яг үнэндээ миний хамгийн дургүй ажил байв.
Асрамжийн газарт дауны эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн гажигтэй хүмүүс элбэг байх... Зарим шөнө, шөнө дунд хажууд хэн нэг нь ирээд зогсож үнхэлцэг хагалах шахна. Гэхдээ маш өрөвдмөөр...Тоглох гээд ч юм уу, зүүдлээд ч юм уу, ээжийгээ дуудаад хүрээд ирсэн байдагсан. Тэдэнтэй хамт байхад юм юм л бодогдоно доо...
Энэ хөтөлбөрт ихэвчлэн 1, 2 дугаар ангийн оюутнууд хичээлийн 3 улирлын турш хамрагдана. "НИЙГМИЙН ҮЙЛЧЛЭЛ" хөтөлбөрийг таслах, оролцохгүй байвал кредит өгөхгүй, бас сургууль төгсөх боломжгүй. Арай гэж нэг юм жил хагасын турш 3 улирал дараалан явж дуусгаад нэг их баярлаж билээ. Дахиад явахгүй гэж байгаа нь тэр.
18 жил өнгөрчээ. Тэр үед биеэрээ үзсэн харсан, мэдэрсэн, хийсэн ажлууд өнөөдөр ч миний ой ухаанд маш тодхон байна. Ер нь хэзээ ч мартагдахгүй байх.
Гэхдээ энэ хөтөлбөр надад маш олон зүйлийг ойлгуулсан юм. Эцэг эхийн буянд зовлон үзээгүй жаргаж өссөн би энэ хорвоо дээр ийм хэцүү хүмүүс, тийм их өрөвдмөөр амьдардаг юм байна гэдгийг бага залуу насандаа, хүний газар, дэлхийн өндөр хөгжилтэй оронд нүдээрээ харж мэдэрсэн минь тэр. Өмнө нь албан шахалтаар, дуртай дургүй хийж байсан тэр ажлыг, өнөөдөр өөрийн сайн дураар 450 км хол газар очоод хийдэг болсон гээд боддоо...
Одоо эргээд харахад харин манай улсад маш их хэрэгтэй, цаашид их дээд сургуулиудад хэрэгжүүлэх шаардлагатай хөтөлбөр байжээ гэж бодогдоно. Залуу үеийн маань олонхи нь дэндүү хүнлэг биш, бие биенээ хайрлахгүй хүн болж нийгэмд гарч байна. Тэднийгээ компьютер, гар утас ширтсэн, хүйтэн сэтгэлтэй, хүнлэг биш, бусадтай ижил тэгш бус харилцдаг, дипломын гол болсон хүмүүс болгохгүйн тулд хийх зарим нэг бодлогын ажил үнэхээр үгүйлэгдэж байна. Бодлого боловсруулж, хэрэгжүүлэгч нар нь санаа аваасай хэмээн бичлээ.
Ц.Өнөрзаяа
БНСУ-ын Күүкмин Их Сургуулийн багш
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.