Гарцан дээрх ганц дүрмээ мөрдөе

Twitter Print
2014 оны 09-р сар 30-нд 09:58 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр гарцаар гарч байгаад машинд мөргүүлчих дөхлөө. Ажилдаа явж байхдаа өдөр болгон ийм зүйлтэй таардаг эсвэл ийм зүйлийг хардаг. Манай хотод зам гарахад дайруулчих гээд үнэхээр түгшүүртэй, айдастай. Бусад иргэншсэн орнуудад айдас, түгшүүргүйгээр зам хөндлөн гарч болдгийн шалтгаан бол явган зорчигч гарц эсхүл ногоон гэрэл дээр давуу эрхтэй гэсэн энгийн дүрмийг жолооч нар нь мөрддөгт байдаг. Зам дээр явган зорчигч болон жолооч хоёр бодит хүчний хувьд тэгш бус харилцаанд байдаг учраас явган зорчигчид давуу эрх өгдөг. Аваар, осол гарлаа гэхэд явган зорчигч хамгийн ихээр гэмтэнэ, амь насаа ч алдах эрсдэлтэй (гэхдээ, энэ нь иргэд тэгш бус гэсэн үг биш яагаад гэвэл хүн нэг өдөр жолооч, нөгөө өдөр явган зорчигч болдог).

Манай улсын хууль мөн адил гэрлэн дохио болон гарц дээр явган зорчигчид давуу эрх өгч, энэ эрхийг хүндлэхийг жолоочид үүрэг болгодог. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д "Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, ундаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө," 13.1-д "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө" гэж тус тус заасан. Ийм дүрэм Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд энэ бол жолоочийн хуулиар хүлээсэн үүрэг. Гэтэл, ихэнх жолооч “дайруулахыг хүсэхгүй бол зай тавь” гэж гарц дээр хурдаа нэмэн дээрэнгүй аашилна. Энэ зөрчлийг харсан цагдаа нар бүгд үл тооно, хэвийн зүйл гэж үзнэ. "Энэ жолооч гарц дээр зам тавьж өгөхгүй байна, цагдаа" гэж хэлэхээр "чи дайруулаагүй, сүртэй юм" гэх юм. Зөвхөн мөргүүлсэн эсхүл дайруулсны дараа арга хэмжээ авах нь төдийлөн үр дүнтэй биш. Дүрэм мөрдүүлэх талаар урьдчилж арга хэмжээ авдаггүйгээс болж хүмүүс хохиросоор байх нь ойлгомжтой бөгөөд машинд мөргүүлж гэмтдэг, амь насаараа хохирдог хүнийхээ тоогоор манай улс дэлхийд тэргүүлдэг. Бид наад захын үүргээ зөрчиж бие биенийгээ стресстүүлж, бухимдуулдаг. Нэг нь айлгаад, нөгөө нь дайруулахаасаа айгаад шогшоод байх нь зөв үү гэдэг эргэж харах хэрэгтэй байх. 

Явган хүнийг гарцаар гарч байхад нь зогсож өгөөгүй жолоочийг шууд торгодог болвол энэ зэрлэг, бүдүүлэг, дээрэнгүй зан өөрчлөгдөнө. Үүнийг харсан цагдаа нь шууд торгуулийн хуудас бичдэг байя, камерт бичигдвэл бас торгоё. Дүрэм мөрдүүлэхэд ашиглахгүй юм бол камерын хэрэг гарахгүй. Бусад оронд жолооч нар нь сайндаа дүрмээ дагаад байдаггүй харин хэд сайн торгуулаад, дараа нь дэгдээ ордог. Ингээд ирэхээр зөв зан үйл олны хэвшил болж төлөвшдөг.

Явган зорчигчид өөрсдөө дүрмээ биелүүдэггүй учраас гарц дээр зогсох шаардлагагүй гэж өөрийгөө зөвтгөх жолооч байдаг. Зарим хүмүүс үүргээ биелүүлээгүй гэдгээр барьцаалж бусад хүмүүсийн эрхэнд халдаж болохгүй. Халаасны хулгайчид утасаа суйлуулчихаад өөр хүний утсыг хулгайлж болохгүй. Үүнтэй адилхан, гарцгүй газраар эсхүл улаан гэрлээр зарим хүмүүс гардаг гэдгээр гарц, ногоон гэрлээр гарч байгаа хүнд зам тавьж өгөхгүй байж болохгүй. Түүнчлэн, явган зорчигч гарцгүй газраар эсхүл улаан гэрлээр зам хөндлөн гарч байгаа бол жолооч замтавьж өгөхгүй байх, үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Энэ бичлэгт явган хүнийг сайн дүрд, жолоочийг муу дүрд оруулахыг зорьсонгүй. Бид заримдаа жолооч, заримдаа явган зорчигчийн дүрд тоглодог. Явган зорчигч гарц дээр эсхүл ногоон гэрэл ассан үед тайван алхаад зам гарах эрхтэй. Жолооч гарцгүй зам дээр зөвшөөрөгдсөн хурдаар давхих, ногоон гэрэл ассан үед чигээрээ явах эрхтэй. Жолоо барихаараа дүрэм зөрчөөд, явган явахдаа эрхээ шаардаад байвал утгагүй. УБ-д, ялангуяа ихэнх хүн зорчдог төв хэсэгт гарц бол хангалттай байна. Бид жолоо барихдаа болон явган явахдаа дүрэм мөрддөг болвол хэн хэндээ амар, стрессгүй, цаг мөнгө ч хэмнэ, өөрсдийнхөө болон ойр дотны хүмүүсийнхээ амь нас, эрүүлмэнд, өмч хөрөнгийг эсрдэлд оруулахгүй.

Улс орныг хөгжсөн эсэхийг мэдэх хамгийн амархан арга бол замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж буй эсэхийг харах хэрэгтэй гэж үг байдаг. Ихэнх хөгжиж буй орнуудад замын хөдөлгөөний дүрмээ мөрдөггүй. Бид наад захын замын хөдөлгөөний дүрмээ мөрдөхгүй, зэрлэг амьдтад шиг аашлаад байвал сайхан машин унасан хувь хүн эсхүл олон машин холхисон хот байх боловч хувь хүнийхээ хувьд болон нийгмээрээ огт хөгжөөгүй байна гэсэн үг.

О.МӨНХСАЙХАН

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.