Хэнд үнэнч байх вэ?

Twitter Print
2020 оны 08-р сар 20-нд 09:49 цагт
Мэдээний зураг,

Энэ бол хариулт нэхсэн асуулт. Хүмүүс бид энэ амьдралдаа хэн нэгэнд эсвэл юунд ч юм бэ, "үнэнч байх" тухай бодож, заримдаа амалж, бас тангарагладаг. Х

ааяадаа хайртай хүндээ, анд найздаа, аав ээждээ, ажил албандаа, цаашлаад эх орондоо "үнэнч" байсан тухайгаа бахархангүй ярьж, үүнийхээ төлөө магтаалын үгс сонсохыг хүсч, яриагаа таслан бусдын амыг харах нь бий. "Үнэнч хүн" гэдэг бусдын үнэлгээ нь "маш сайн хүн", "итгэлтэй хүн" гэдэг ойлголттой зэрэгцэж очих нь буй. Бид энэ ойлголтоо өөрөөсөө тэртээд холдуулж, бусдын өмнө алган дээрээ дэлгэж тавихдаа "гавьяа" мэтээр төсөөлнө. Өөрийгөө золиослож, бусдын төлөө үүнийг хийсэн мэтээр ойлгуулах гэж. "Үнэнч байх" гэдэг нь сайн үйлс мөн нь мөн л дөө. Бас бахархууштай үлгэр жишээ мөн үү? гэвэл мөн л дөө. Гэхдээ хэний төлөө, хэнд үнэнч байсан хэрэг вэ?

Хайртай хүнээ хуурч мэхлэхгүй, түүндээ үнэнч байна гэдэг чинь чухамдаа өөрөө өөртөө үнэнч байгаагийн илрэл. Болзошгүй муу тохиолдолд нэгэн шөнийн зугаа цэнгэлээс татгалзаж, хайртай хүнээ гомдоохгүй гэсэндээ шуудхан гэртээ очиж хайртай түүнээ үнсэж, эрхлүүлж байгаа тань өөртөө үнэнч байгаагийн л илрэл. Та өөрийгөө "хямдхан" бус "үнэ цэнэтэй" хүн гэдгээ бусдад нотолж байгаа хэрэг. Хэдийгээр бусдад "тэнэг" юм шиг санагдах боловч, ийм шийдвэр гаргаж чадаж байгаа тань, өөрийн үнэ цэнээ өсгөж, түүнийгээ өөрөө мэдэрч байгаа гэсэн үг. Заримдаа найз нөхдөө хуурч, худлаа хэлэхгүй байгаа тань найздаа төдийгүй өөртөө үнэнч байгаагийн шинж. Зүгээр л марзганаж маазарч,бодлогогүйгээр дарвиж муу зүйл хийхээс татгалзаж чадна гэдэг нь өөрийгөө болон найзыгаа болзошгүй эрсдлээс хамгаалж байгаа хэрэг. Үүний төлөө өнөө эс гэхэд маргаашийн нэгэн өдөр талархал хүлээж, найз нөхөддөө үнэлэгдэх болно. Энэ хэрээр өөрийн тань үнэлэмж, үнэ цэнэ найз нөхдийн хүрээлэлд өснө, өөртөө үнэнч байсныхаа төлөө шүү дээ.

Заримдаа бид бусдыг хуурч орхиод "за яахав дээ? сүртэй юм биш" гэж бодно. Нэг удаа хуурч болсон юм чинь дараагийн удаад "хуурч болох юм" гэдэг бодол тань таны үнэ цэнийг бууруулж, үнэнч бус байдал руу хөтөлдөг. "Олон хавар нэгэндээ" үйлдлүүдийн дараа таныг хэн ч тэгтлээ үнэлж, танд итгэхгүй байгааг та өөрөө анзаарч мэдэх болно. Бусдыг хуурч байхдаа өөрийгөө хуурч байна гэдгээ та анзаардаггүй. Хамгийн дотно хүндээ учирлан "Чи минь надад итгээрэй, би дахиад хэзээ ч уухгүй, харж байгаарай" гэж амалчихаад, дахиад уухдаа "за яахав түүнийг хуураа л биз, яадаг юм бэ?" гэж боддог. Угтаа бол танд тэртэй тэргүй итгэж чадахгүй байгаа тэр хүнийг биш, өөрөө өөрийгөө л хуурч байгаагаа та мэддэггүй. Өөрийнх нь төлөө сэтгэл зовнисон бусдын төлөө л "амьдарч байгаа мэт" дүр эсгэлт тань, хууран мэхлэлт тань өөрийгөө "алж" байгааг тэр болгон анзаардаггүй. Тэр хүмүүс танаас хамааралгүй амьдарч байхад, таны өөртөө үнэнч бус байдал тань таныг "хэн ч биш" болгож байдаг юм. Өөртөө үнэнч биш хүн бусдад "хэн ч биш". Тэр бол ямар ч үнэ цэнэгүй, өчүүхэн хүн. Хорвоогийн нар мандаж, жаргаж байхад өөртөө үнэнч биш тэр хүн гандаж байдаг. Та хэнийг ч хуурч чаддаггүй, зөвхөн өөрийгөө л хуурдаг.

Хүн энэ амьдралд хэнд үнэнч байх ёстой юм бэ? гэвэл, өөртөө л үнэнч байх ёстой. Өөртөө үнэнч байгаа тань, таны үнэ цэнийг өсгөж, бусдад үнэлэгдэж, итгэлийг бий болгож байдаг. Хүмүүсийн ам дамжсан хов яриа, элдэв гүтгэлгийн дунд "Тэр ч тэгэх хүн биш дээ?" гэж хүмүүс бодож эргэлзэж байгаа бол таны өөртөө үнэнчид хүмүүс итгэж байгаа хэрэг. Хэн нэгэнд үнэнч байна гэдэг бол түр зуурын л үзэгдэл, харин өөртөө үнэнч байгаа бол насан туршийн тань үнэлэмж. Өөрөө өөртөө үнэнч байгаа хүмүүс хэнд ч юунд ч үнэнч байж чаддаг. Үнэнч байна гэдэг бол бусдын өмнө өгөх амлалт, төрийн өмнө өргөх тангараг биш, өөртөө төлөвшүүлж тогтоосон мөн чанар юм. Тэгж төлөвшүүлж чадсан бол энэ нь таны "баялаг". Хэн ч танаас хулгайлж, хэн ч танаас салгаж чадахгүй. Та бусдын өмнө үнэ цэнэтэй байна гэдэг тань өөртөө үнэнч байгаагийн шинж. Та өөртөө үнэнч байж чадах аваас хайртай хүнийхээ өмнө, найз нөхдийнхөө өмнө, аав ээжийнхээ өмнө, эх орныхоо өмнө үнэнч байж чадна гэсэн үг. Тэгээд та өөрөөсөө асуу даа. "Би хэнд үнэнч вэ?" гэж.

Г.Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.