Дэлхийн тэргүүлэгч гүрнүүд цөмийн энергийн салбараа хөгжүүлж байна

Twitter Print
2014 оны 09-р сар 29-нд 17:14 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр “Цөмийн эрчим хүч” сэдэвт Монгол, Францын хамтарсан хурал боллоо. Энэхүү арга хэмжээнд Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр, БНФУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ив Делунэ, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн дэд захирал Г.Манлайжав, Францын Засгийн газрын Монгол, Японыг хариуцсан Цөмийн эрчим хүчний зөвлөх К.Зэрри, МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн захирал С.Даваа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Хуралд оролцогчид цөмийн энергийн ач холбогдол, уран олборлолтын олон улсын туршлага, иргэдэд энэ талын мэдээллийг хэрхэн хүргэх тал дээр санал солилцлоо. Францын элчин сайдын яам хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа бөгөөд өөрийн орны туршлагыг манай эрдэмтэн судлаач нартай хуваалцлаа. Энэ үеэр Францын элчин сайдын яамны зөвлөх К.Зэрритэй ярилцлаа.

Францын Засгийн газрын Монгол, Японыг хариуцсан Цөмийн эрчим хүчний зөвлөх К.Зэрри: Ураны тухай ойлголтыг иргэдэд урт хугацаанд зөвөөр ойлгуулах хэрэгтэй

-Өнөөдрийн хурлын гол зорилго нь юу вэ?

-Манай улсын хувьд Монголтой ганцхан уул уурхай, уран олборлолтын салбарт бус шинжлэх ухааны салбарт ч бас хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах эхлэл нь өнөөдрийн семинар болж байна. Мөн цөмийн энергийн талаар иргэд болон төрийн холбогдох хүмүүст нь нээлттэй тайлбарлах боломж хомс байдаг. Харин өнөөдрийн арга хэмжээнд оролцсон хүн бүр цөмийн энергийн талаар зөв мэдлэгтэй болж, шинжлэх ухааны хөгжилд ямар ач холбогдолтой болохыг ойлгож авч байна.

-Ураны хайгуул, олборлолтын талаар иргэдийн ойлголт учир дутагдалтай байдаг шүү дээ?

-Иргэдэд ураны талаарх ойлголтыг зөв хүргэхэд их хугацаа шаардана. Монгол улсын хувьд цөмийн энергийн салбар нь уул уурхай, ураны хайгуулаас ажлаа эхэлсэн гэж би ойлгосон. Харин манай улс цөмийн ректор зохион бүтээхээс анх ажлаа эхэлж байсан. Иймд хоёр өөр зохион байгуулалттай учраас иргэдэд маш зөв ойлголт өгч, ач холбогдлыг нь тайлбарлаж өгөх хэрэгтэй. Францын иргэд цөмийн эрчим хүчийг ахуй амьдралдаа хэрэглэх нь зөв юм байна гэдгийг хурдан ойлгож авсан. Хамгийн энгийн жишээ дурдахад гаднаас эрчим хүч авч байхаар өөрсдөө үйлдвэрлэх нь ирээдүйд хэрэгтэй гэдгийг зөвөөр ойлгуулсан.

-Цөмийн эрчим хүчийг ашиглахдаа юуг анхаарах нь чухал вэ?

-Цөмийн энергийг зөв ашиглаж чадвал тухайн улсад орон талын ач холбогдолтой. Би өөрийнхөө орны туршлагаас жишээ авахад цацраг хамгаалалт, байгаль орчны аюулгүй байдал, эдийн засгийн үр ашгийн талаар маш сайн тооцоолох нь чухал юм. Мөн дээрх чиглэлүүдээр иргэдэд удаан хугацаанд сурталчилгаа явуулж, тэдний санал бодлыг тусгаж, уран олборлох ажлыг хэрэгжүүлсэн.

-Монгол улсад явуулж буй цөмийн энергийн бодлогыг хэрхэн дүгнэж байна?

-Би Монголд ирээд удаагүй байна. Энэ богино хугацаанд төрийн бодлого болон бусад асуудлын талаарх мэдээллийг хангалттай аваагүй учир одоогоор дүгнэж хэлэхэд эрт байна. Гэхдээ Монгол улс цөмийн судалгаа, эрдэм шинжилгээний салбарт маш өргөн баазтай, өндөр мэдлэгтэй мэргэжилтэнгүүдтэй учир энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахад амжилт олно гэдэгт нь итгэлтэй байна.

-“Арева” компанийн Монголд явуулж буй үйл ажиллагааны талаар ямар бодолтой байна вэ?

-“Арева” компанийн хувьд Монгол улсын “Мон-Атом” төрийн өмчит компани, Японы “Митцубиши” корпорацитай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ олон улсын төсөл нь Монгол орны ирээдүйд хийж байгаа маш том хөрөнгө оруулалт учир холбогдох зөвшөөрөл, бусад гэрээ нь хийгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн дэд захирал Г.Манлайжав: Бодлогын хувьд хугацаа алдсан

-Өнөөдрийн хурлын ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?

-Монгол улсын хөгжилд цөмийн энергийн салбар чухал үүрэгтэй. Цөмийн эрчим хүчний аюулгүй байдал, эрдэс баялагаа зөв ашиглах, дэлхийн зах зээлд гаргах зэрэг асуудал дээр бид өөрсдийнхөө бололцоог ашиглах нь зүйтэй.

-Манай улсын хувьд цөмийн энергийн салбар хөгжих шатандаа явж байна. Энэ утгаараа уран олборлолтын тал дээр иргэд бага ойлголтой, аюултай зүйл гэж боддог шүү дээ?

-Өнөөдөр уран үнэ цэнэтэй байгаа тохиолдолд ашиглах нь зүйтэй гэж хувь хүнийхээ талаасаа боддог. Ураны үнэ өнөөдөр дэлхийн зах зээл дээр бага байгаа ч ирээдүйд өснө гэдгийг ярьж байна. Мөн дэлхий дээр эрчим хүчний хэрэглээ маш их байгаа. Цөмийн эрчим хүчний салбарыг зөв хөгжүүлсэн улс орон хөгжиж байна.

-Цөмийн энергийн салбарт төр засгийн зүгээс хэрэгжүүлэх бодлого нь хугацаа алдсан гэж хэлж болох уу?

-Энэ тал дээр хугацаа алдсан гэж боддог. 1990-ээд оны эхээр эдийн засгийн байдал хүнд болсон. Өмнөх алдаагаа уран дээр давтахгүй байх нь чухал. Өнөөдөр бидэнд бүх боломж нь нээлттэй болсон. Харин Олон улсын шаардлага, Монгол улсын стандартын дагуу, ялангуяа иргэдийн тавьж буй шаардлага, саналыг тусгаж энэ ажлыг хийх хэрэгтэй.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.