
Энэ удаа та бүхэндээ цагаан гааны ашиг тусын талаар хэлж өгье. Би Европын орнуудаар явж байхдаа хүмүүс цагаан гааг хоол хүнсэндээ их хэрэглэж байхыг харсан боловч сүүлд ямар их ид шидтэй ургамал болохыг нь таньж мэдсэн юм. Бид сонгино сармисны адил байнгын авч хэрэглэж байхыг зөвлөж байна.
Ханиалгах, амьсгаадах, хамар битүүрэх зэрэг шинж тэмдэг илрэнгүүт та юуны өмнө хөлөргөх аргыг хэрэглэх хэрэгтэй.
Энэ бол цагаан гаа. Цагаан гаагаар цай чанаж ууна. Хоолны 2 халбага нунтаг цагаан гааг гурван аяга буцалсан усанд хийж дэвтээнэ. 10 минутын дараа уухад таны бүх биеийн хөлс гарна. Учир нь цагаан гаа цусны эргэлтийг сайжруулж, арьсны өнгөц хэсгийн судсыг өргөсгөснөөр амархан хөлөрдөг.
Ялангуяа ханиалгаад намдахгүй бол халуун усанд 20 минут сууж, зөгийн балаар амталсан цагаан гааны цайг уугаад дулаан хучаад хэвтэхэд хөлрөөд ханиалга амархан намдана.
Ер нь Европын орнуудад цагаан гааг дангаар нь болон хоол амтлагч болгон хэрэглэхээс гадна олон төрлийн сүмсний найрлаганд оруулж хэрэглэх, цагаан гаагаар амталсан ундаа, талх, жигнэмэг хүртэл хийж байдаг.
Цагаан гааг санскрит хэлээр spingaver латинаар zingiber хэмээн нэрлэдэг бөгөөд сарнай шиг улаан ягаан цэцэгтэй, модлог иштэй олон наст ургамал юм. Энэ ургамлын уугуул газар нь Өмнөд Ази боловч Ямайк, Хятад Нигери, Гайт мэтийн халуун дулаан бүсийн орнуудад өргөн тарьж хоолонд болон эмчилгээнд үндсийг нь дагнан хэрэглэсээр байдаг. Манай улсад Хятадаас импортоор орж ирдэг болсон.
Тэжээлийн найрлага
Шинэхэн гааны 80,9%-ийг чийг эзлэх бөгөөд уураг 2,3%, тос 0,9%, эрдэс бодис 1,2%, нүүрс ус 12,3%, ислэг 2.4%ийг эзэлдэг. Эрдэс бодисоос түүнд төмөр, кальци, фосфор элбэг байхаас гадна тиамин, рибофлавин, ниацин, “С” мэтийн амин дэмүүд агуулагддаг. Химийн найрлага талаас нь авч үзвэл, түүнд эфирийн тос, цингиберн, цингерол, шагеол мэтийн бодисууд элбэг байдаг.
Цагаан гаанд байдаг зарим бодисууд нь хоолны шингэцийг идэвхжүүлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах ба ба өтгөн хатахад тустай байдаг. Үүнээс гадна цагаан гааг нэг граммаар урьдчилан хэрэглэхэд мэс заслын дараа гардаг бөөлжих, дотор эвгүйрэх тохиолдолыг эрс багасгадаг. Мөн жирэмсний хордлогын үед 250 мг нунтаг цагаан гааг өдөрт 4 удаа уулгаж, 4 өдөр хэрэглэж туршихад дотор эвгүйрхэж бөөлжих нь эрс намдаж байсан байна.
Хэрэх өвчний үед өвдөж хавдаж үрэвсэх нь элбэг тохиолддог ба хөдөлгөөн эрс хязгаарлагдах шинжүүд илэрдэг. Энэ үед кортикостройдын төрлийн эмүүд ба үрэвсэл дарах орчин үеийн олон эмүүдийг хэрэглэдэг боловч заримдаа зохимж муутай харш нөлөө гардаг. Харин цагаан гааг хэрэх өвчин болон элдэв үрэвслийн гаралтай өвчний үед хэрэглэхэд тустай байдаг ба гаж нөлөө илрэх нь ховор байдаг.
Дани улсад хийсэн нэгэн судалгааны үед 5 грамм шинэ цагаан гаа буюу хатааж нунтагласан гааг 0,5-1,0 грамм тунгаар хэрэглэхэд үе мөчний үрэвслийн үеийн хавдаж өвдөх шинжүүдийг мэдэгдэхүйц багасгадаг.
Мөн цагаан гаа нь нянгийн эсрэг хүчтэй үйлчилдэг ба мөөгөнцөрүүдийн эсрэг үйлчилгээг үзүүлдэг. Жишээлбэл цагаан гаа нь стафилококк, стрептококк, салмонеллёз мэтийн нянгуудын үржлийг сулруулдаг бөгөөд хавдар үүсэхэд нөлөөлдөг аспергиллус гэдэг мөөгөнцөрийн эсрэг сайн үйлчилдэг болох нь батлагдсан.
Цагаан гаа нь цус шингэлж, цусны эргэлтийг сайжруулдаг. Ингэж цусны эргэлт сайжрах нь эсийн бодисын солилцоог сайжруулж, эд эрхтний агчил цочрол мэтийг тайвшруулдаг. Японд хийсэн нэгэн судалгаагаар бол цусны даралтыг бууруулахаас гадна зүрхний ачааллыг багасгадагийг харуулаад байна.
Мөн цагаан гааг хоол ундны зүйлээс биед орсон холестролын хэмжээг бууруулдаг, биед учирсан исэлдэлийг багасгаж, хөгшрөлийн эсрэг үйлчилгээтэй болохыг саяханы судалгаанууд нотлоод байна.
Цагаан гаа мингрен өвчинд тустай
Цагаан гааны нунтгийг (500-600мг) толгой таллан өвдөх өвчний хүнд хэлбэрийн үед 4 цагийн зайтай 3-4 өдөр ууж хэрэглэхэд энэ өвчний шаналгааг дардаг болохыг 1990 онд хийсэн нэгэн судалгаа харуулсан юм.
Эдгээрээс харвал цагаан гаа бол хоол ундны зүйлд өргөн хэрэглэгддэг ургамал болохоос гадна олон өвчнийг анагаах увдистай гэдэг нь бүрэн батлагдаад байна. Манай монголчууд цагаан гааг дангаар нь өргөн хэрэглэж заншаагүй бөгөөд зарим халуун чанартай эмийн найрлаганд оруулж, уламжлалт эмчилгээний үед хэрэглэж байна.
Гэвч энэ ургамлыг дээр заасан өвчний үед түгээмэл хэрэглэж занших нь чухал бөгөөд ямар нэг хор нөлөө гарна гэж айж болгоомжлох хэрэггүй гэдгийг дээрхи баримтууд нотлоод байна.
М.Мөнхбаатар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.