СГЗ сэтгүүлч Г.Жамьян - Өшөө хорсол үнэртсэн сонгуулийн хууль

Twitter Print
2019 оны 12-р сар 22-нд 14:16 цагт
Мэдээний зураг,

~Н.Энхбаярын хэрэг бол их наяд, тэрбум,

хэдэн зуун саяар нь хулгайлагчдын дэргэд хумсын толио шиг юм...

Сонгууль хаяанд ирлээ. “Солиотой, галзуу” хүмүүс хүртэл орилолдож, хашгиралдаж байна. 2020, 2021 онуудад юу болохыг таахад бэрх болжээ. Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Г.Занданшатар нар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэх бусармаг баримт бичигтээ, сонгуулийн тухай зориуд “цоорхой” орхиж байгаад, өнөөдөр сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна.

Өөрсдийнхөө батлаж, Ерөнхийлөгчийн ёсчилсон “хар үндсэн хуулиндаа” хүртэл харшилсан холимог тогтолцоог өнгө будгийн засвар хийн оруулж ирээд бүтэхгүй болохоор бусад намууд болон хүчтэй өрсөлдөгчдийгөө “намнасан” шинэ заалтуудыг оруулан сонгуулийн тухай хуулийг баталлаа. 

Арай ч дээ! Mанай намын “толгой өтөж”, Улсын их хурал дахь бүлэглэлүүд дэндүү арчаагаа алджээ. Адаг сүүлд нь өнөөх “хэрүүлч” О.Баасанхүүгийн амаар зарим зүйлийг шийдэх болсон байна. О.Баасанхүү гэж хүн, Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярын хүчээр олон түмэнд танигдаж, МАХН–ын ач буянаар УИХ–д орж ирсэн нь нууц биш. Төрийн түшээ гэдэг эрхэм нэрийг хүлээснээсээ хойш л намынхаа удирдлагатай тэрсэлдэж, “өөх өгсөн хүнтэй өдөр шөнөгүй заргалдана” гэгчээр Н.Энхбаяртайгаа муудалцан, эрх мэдлийг нь булааж авах гэж ямар муухай загналаа даа?!

Залуу хүн гэхэд ямар эвгүй зуумхай, хачин хүн юм. Өнөөдөр тэрээр Н.Энхбаяртаа өшөө хорсол өвөрлөн авилга, албан тушаалын хэргээр ял эдэлсэн хүнийг УИХ–д нэр дэвшүүлж, сонгож болохгүй гэсэн, хэлмэгдүүлэгчдийн багийн тэргүүн эгнээнд “туг” болон дэрвэж явна. Яасан тайлагддаггүй өшөө хорсол вэ? Яасан таагдашгүй, битүү оньсого вэ?!

Ард түмэн минь, нэг л зүйлд анхаарлаа төвлөрүүлье. Монголд урт богино хугацаагаар ял эдэлсэн өчнөөн олон хүн байгаа. Тэр дунд хилсээр ял эдэлсэн Б.Содномдаржаа Т.Чимгээ нар шиг хүмүүс ч байгаа. МАНАН–мафийн бүлэглэл дунд хүчин мөхөсдөж ял эдэлсэн хүмүүс ч бий.

Би бусдыг нь ярихаа больё. МАХН–ын дарга Н.Энхбаяр гэж хүнийг яаж хавчиж гадуурхаж, бүх насаар нь хэлмэгдүүлэх гэж байгаа тухай цөөн хэдэн баримт авъя. Тэрээр 2009 онд Ц.Элбэгдоржтой Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж билээ. Манай намын удирдлага, тухайлбал МАНАН мафийн толгойлогчдын нэг С.Баяр тэргүүтэй бүлэглэл, намаасаа нэр дэвшигчид бус Ардчилсан намаас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржид үйлчилсээр ялуулж билээ. Нэг үгээр хэлбэл хоёр том намын удирдлага хавсайдаад Н.Энхбаярыг унагааж анхныхаа өшөө хорслыг тайлсан. Тэгээд ч сэтгэл нь ханаагүй шоронд тамлаж бах таваа хангасан.

Хөөрхий дөө, Н.Энхбаярын хэрэг гэдэг нь одоогийн хулгайчид их наяд, тэрбум, хэдэн зуун саяар нь хулгайлаад, авлигад аваад идчихсэн хэргүүдийн дэргэд хумсын толио шиг юм. “Өргөө” зочид буудал гэж нэг орон сууцны ганц орц, “Улаанбаатар таймс” сонины байр гэж нурж унаж байгаа барилга зэргийг авсан, авахаар санаархсан гэж сүр бадруулан хэрэг үүсгэж билээ. Тэгтэл одоо хардаа! Оюутолгойн хоёр удаагийн гэрээ гэгчээр асар их авлига авч оффшор бүсүүдэд нуусан, дэлхийн аль өнгөтэй өөдтэй газруудад орд харш, эдлэн газар гээд бараг л хот тосгон шиг юм барьчихсан, худалдаад авчихсан, “Капитал” банкыг дампууруулаад дундаас нь хэдэн зуун тэрбумыг завшчихсан, арван тэрбум (10.000.000.000.000) төгрөгийн зээлээ улсын банкныхантай хуйвалдаад хаалгачихсан, алтан абжуртай орд харшид амьдарч байгаа хүмүүс болон УИХ–ын даварсан авгай нар дураараа дургиж, шүүх прокурорын удирдлагууд нь гадаадад оргуулж, хойноос нь “хэрэгт татлаа” хэмээн жүжиглэж суугааг юу гэх юм?! Ял завшиж байгаа, ийм хүмүүсийг УИХ–д орж ирэхийг хаахыг сонгуулийн тухай хуульдаа тусгахын оронд, аль хэдийнээ ялаа эдлээд, цэвэр ариун амьдарч байгаа иргэн Н.Энхбаяртай ноцолдоод байгаад ганц би биш, Монголын ард түмэн харамсаж, эмзэглэж байна.

Шудрага үнэн гэж байдаг л бол ял эдэлснийг нь биш, ял завшиж явааг нь сонгуулийн тухай хуулиар “чөдөрлөх” хэрэгтэй юм. Монгол Улсын үндсэн хуулийн “14 дүгээр зүйлийн 2-т” “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гээд заачихсан байдаг юм. Түрүүчийн сонгуулиар Н.Энхбаярыг “эрдэм боловсрол багатай” гэж гадуурхсан. Өнөөдөр үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж байна. Үндсэн хуульд, иргэн хүн сонгох, сонгогдох эрхтэй гэсэн заалт ч бий. Энэ бүхэнтэй харшилсан, зөвхөн нэг хүнд зориулсан, өшөө хорслоо тайлсан хууль баталж болдог юм уу?!

Ер нь, яагаад сонгуулийн тухай хуулийг заавал өөрчлөх хэрэгтэй болов, түрүүчийн хуулиараа явж яагаад болоогүй юм, гэсэн асуултыг олон түмэн тавьж байгаа. Үүнд ганцхан хариулт бий. Манай нам МАН–ын доторх МАНАН мафийн бүлэглэлийнхэн УИХ–д олонх байгаа энэ боломжоо ашиглан, зөвхөн өөрсөддөө ашигтай, сонгуулийн тухай хуультай болъё л гэсэн ганцхан бодолд хөтлөгдсөн. Тэдэнд эх орон, ард түмний төлөө гэх өчүүхэн ч санаа бодол байсангүй.

Шинээр батлагдсан сонгуулийн тухай хуулийг олон түмэн таашаахгүй байгаа учраас хэн нэг нь үндсэн хуулийн цэцэд хандаж таарна. Олон нийт бол, тэр “өгцөг”-ийнхөнд хандаад яадаг юм. МАНАН–мафийнхаа талд л шийднэ шүүдээ гэцгээх. Уул нь үндсэн хуулийн цэцэд бас ч гээ шулуун шудрага хуульчид бий юмсан. Юутай ч би, үндсэн хуулийн цэц намынхаа удирдлагад хандан иргэдийн олонхийн дунд тэнүүчилж яваа хэдэн саналыг дамжуулмаар байна. Үндсэн хуулийн цэц минь, энэ өшөө хорсол ханхалсан сонгуулийн тухай хуулийг болгоон тунгааж, “авилга, албан тушаалын хэргээр ял эдэлсэн хүнийг нэр дэвшүүлэхгүй” гэсэн заалтыг хориглож, хуулиас авч хаяхыг хүсч байна. Заавал ийм заалт оруулах ёстой юм бол ял эдэлсэн бус ”ял завшиж яваа” хэмээн өөрчилмөөр байна. Тэгвэл та нарыг шудрага үнэний талд зогслоо гэж өргөн олон түмэн баярлана даа. Би бас намынхаа удирдлагад хэдэн зүйлийн санал дамжуулъя.

Нэгдүгээрт: Аллага, авилга, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, хүчирхийлэл, оффшор, ЖДҮ–ийн хэрэгт холбогдсон, шалгагдаж байгаа, шүүх прокурорынхны хуйвалдаанаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх арга залиар ял завшиж яваа хүмүүсийг ирэх сонгуулиудад битгий нэр дэвшүүлээч. Тухайлбал жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих сангуудыг хоосортол нь хулгай хийсэн хүмүүс УИХ–д хэдэн арваараа сууцгааж байгаа. Зарим нь энэ хоёр том сангаас хоёулангаас нь хулгайлсан. Ядарсан ард түмнийхээ боломжийг хулгайлсан энэ хулгай бол Монголд болсон хамгийн том хулгай гэж хэлж болно. Маш нарийн зохион байгуулалттай бүлэг хулгай шүүдээ. Зохион байгуулагчид нь хулгайгаа нуун дарагдуулахын тулд Улсын ерөнхий прокурорын орлогч, Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын ерөнхий аудитор, Монгол банкны удирдлага, зарим яамны дэд сайд... гэхчлэн хэрвээ илэрвэл аргалуулах бүхий л эрх мэдэлтнүүдийг оролцуулсан байгаа.

Тэгээд ч одоо замхрах тийшээ хандаж байгаа юмуу даа. Б.Батзориг тэргүүтэй зургаа долоон хүнийг шалгасан, хэрэгт татаж байгаа дүр үзүүлээд, гол гэмт этгээдүүд нь ард нь үлдэж байгаа юм. ЖДҮ–гийн хэргийг зохион байгуулагчид чинь Улсын их хурлын түрүүчийн удирдлага байсан юм. Тэр зохион байгуулагчдаас нэг ч хүнтэй хариуцлага тооцоогүй. Гол хүн нь МАН–ын УИХ дахь олонхийн бүлгийн дарга асан Д.Хаянхярваа. Тэр хүн, ХХААХҮЯ, ЖДҮХ сангийн удирдлагуудыг утсаар, бичиг цаасаар удирдаж байсан баримт бий. Улсын прокурорын найз нөхөд нь тэр баримтуудыг хав дарчихаад, үүрэг даалгавар биелүүлсэн хэдэн хүнийг хорьж шалгасан дүр эсгэж байгаа юм даа. Иймээс ЖДҮХС, ХЭДС–ийн бүлэг хулгайн хэрэгт холбогдсон нэг ч хүнийг УИХ–ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг намын удирдлагаасаа хүсч байна.

Хоёрдугаарт: Сонгуулийн тухай хууль хэлэлцэх болсон чинь УИХ дахь олонхийн бүлгийн хэдэн авгай: “эмэгтэйчүүдийн квот” гэж хашгиралдаж босч ирлээ. Ц.Гарамжав, Б.Ундармаа, Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа, Б.Саранчимэг... гээд л УИХ–д эмэгтэйчүүдийн сонгогдох квотыг 30-аас доошгүй болгох гэнэ. Одоо 20 квот байгаагаас 13 эмэгтэй УИХ-д сууж байгаа юм байна. Үүнийг л 30 болгох нь л дээ. Эд нар чинь хэдийдээ ард түмэндээ тэр дундаа эмэгтэйчүүддээ ийм их хайр халамжтай болчихоо вэ?! Яршиг л байна, худлаа шүүдээ. Тийм л сайн юм бол Ц.Гарамжав гэгч баян бидний татварын 10 тэрбум төгрөгөөр идэж уусан зээлээ хаалгаж байх уу?! Тэгээд хар даа, үнэнийг илчилсэн эмэгтэй сэтгүүлчтэй ямар догшин ширүүн харьцаж байлаа. Би л хувьдаа, ийм бүдүүлэг авир ааштай, шуналтай хүнийг УИХ-д сонгож байх ч гэж дээ хэмээн харамсаж, халаглаж байсан. Б.Ундармаа байна. Тэр олон зуун тэрбум төгрөгийг банкаараа дамжуулж зувчуулчихаад, хэнэгч үгүй: “Капитал банк над хамаагүй” гэж зүтгээд байгаа юм даа. Уул нь шудрага шүүх прокурортой бол эднийг чинь эрхийг түтгэлзүүлээд “хар гэрт” хорьж байх ёстой шүү дээ.

Д.Оюунхорол гэж согтуурхдаг авгай орой болгон л “эмэгтэй квот” яриад байгаа. Би, УИХ–д эмэгтэйчүүд олон байгаасай, болж өгвөл тал хувь нь хүүхнүүд байгаасай, ийм ийм шудрага эмэгтэйчүүдийг ард түмэн минь сонгоосой гээд нэр хаягаар нь хүртэл бичиж байсан. Шилдэг сайн хүүхнүүд УИХ-д сууж байгааг үгүйсгэхгүй. Тэгтэл ороод ирчихсэн хүүхнүүдийнх нь заримыг хар даа! Та нарын заримаас болоод л эмэгтэйчүүдийн нэр хүнд унаад, халаас нимгэн шудрага хүүхнүүд УИХ-д орж ирж чадахгүй байгаа юм. Манай намын удирдлага ирэх сонгуулиудаар ийм арчаагүй хүүхнүүдээсээ салж, бэл бэнчин муутай ч гэсэн шудрага даруу эмэгтэйчүүдээ нэр дэвшүүлж УИХ-д оруулж ирэхийг хүсч байна.

Гуравдугаарт: Та нар шинэ тутам гарч ирж байгаа залуучууд, эмэгтэйчүүд, өөрсөдтэйгээ үзэл бодол нийлдэггүй хүмүүсийг гадуурхсан сонгуулийн тухай хууль баталчихлаа.Харамсалтай харагдаж байна. Уулзсан хүмүүс “Ах намдаа дүнгээ тавина” л гэлцэх юм.

Дөрөвдүгээрт: Н.Энхбаяр даргаас битгий айцгаа. Хангалттай өшөө авсан. Одоо орхи л доо. Иргэн Н.Энхбаяр хаанаас л бол өрсөлдөөд гараад ирнэ. Тийм их өргөн мэдлэг чадалтай гүйлгээ ухаантай, ид дунд насны хүн Их хуралд сууж л байг. Хүмүүст чинь хүн чанар гэж нэг юм байдаг даа. Энэ хүнийг насан туршид хэлмэгдүүлж болмооргүй байна. Монголчуудын нэг онцлог араншин бол дээрэлхүүлж, гадуурхагдаж байгаа хүнийг илүү дэмждэг, улам хурцалж өгч байдаг явдал. Хүн хэлмэгдүүлж, басамжилж доромжилж байгаа хүмүүсийг үзэн ядах явдал ч бий. Ямартай ч Н.Энхбаярт зориулсан “өшөө хорсол үнэртсэн сонгуулийн хууль” баталчихаад амар амгалангуй суумааргүй байна.

Тавдугаарт: 2012 оны сонгуульд манай нам ялагдсаны дараа та нар миний шийтгэлийг арилган, шинэ батлах гардуулаад Тусгаар тогтнолын ордондоо өрөө гарган өгөөд, тал цалинжуулан ажиллуулж билээ. Ирэх сонгууль хүртэл хэвлэл мэдээлэлийн албандаа зөвлөж, бичиж боловсруулж бай гэж! Би намынхаа даалгаврыг биелүүлэн энэ хугацаанд “Барууны тэжээврүүд”, ”Сөрөг” гэдэг хоёр ном хэвлүүлж 29 материал сонин хэвлэлд нийтэлсэн байна билээ. 2016 оны сонгуульд манай нам ялж 65 суудал авсан. Энд, миний хувь нэмэр өчүүхэн боловч бий гэж мунхагладаг юм. Энэ гал тогоонд хэдэн жил болсных Тусгаар тогтнолын ордонд хэн нь юу хийдгийг сайн мэднэ. “60 тэрбум"-ын хэргээс эхлээд, хэн үүрэг өгч, хэн хэн эзэндээ морь нохой шиг зүтгэдэг, тэгээд хэн нь хохирч, хэн нь мандаж явдагийг мэднэ дээ, мэднэ. Өнөөдөр шоронд сууж байгаа Ц.Сундуй бол манай намын сайн муу бүхий л ажлыг нугалдаг хүн шүү дээ. Манай намд үүрэг даалгавар биелүүлж, үнэнчээр зүтгэсэн нь хохирдог, үүрэглээд зүгээр сууж байсан нь хождог тогтолцоо хэдийд арилах юм бүү мэд.

2016 онд манай нам ялчихаад бүгд ”хундага тулгаж” байхад миний өрөөг хураан, хэдэн төгрөгийн цалинг маань төгсгөөд ордноосоо бараг л хөөж гаргасандаа. Үүнийг би юуны учир бичиж байна гэвэл манай намын удирдлага хүнийг ашиглаад нэг удаагийн цаас шиг “хогийн сав” руу хийдгээ болиосой гэж бичиж байгаа юм.

Би, батлахыг нь 55 жил хадгалахдаа хилсээр гурав хөөгдөж, гурав элссэн МАН–ынхаа тухай үнэнийг биччихлээ. Эрхэм дээдэс минь, дөрөвдэхээ хөөгдөхөд миний бие бэлэн байгаа шүү. Болгоотугай.

ГАЛСАНГИЙН ЖАМЬЯН

Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (66.181.177.45) 2019-12-29 09:47
      • 0
      • 0

      btgi sanaa zov shulga baasanhuu dahiad songogdohgui ee alivaa ymand uchir bii shuu baasanhuu baas bnoo uuriiguu ymarch heregt orootsoldoogui gj maadgar bnuu ugui l bhgui yu burhan chamaig hen gdgiig medsen zohitsuulnaa

      Хариулах