МАХН-ын дарга Н.Энхбаярын эмчилгээний зардлыг төр даах уу?

Twitter Print
2013 оны 11-р сар 21-нд 17:12 цагт
Мэдээний зураг,
МАХН-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тус намын Бага хурал энэ сарын 24-нд болох гэж байгаа билээ. Тэгвэл Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба БНСУ-д эмчлүүлж буй намынхаа даргадаа  энэ талаарх мэдээллийг байнга өгч байгаа аж.
 
Намын дарга Н.Энхбаяр нь  Бага хурлаа БНСУ-аас ерөнхийдөө удирдан зохион байгуулах бололтой. МАХН-ынхны зүгээс намын даргаа Бага хуралдаа оролцох ёстой гэсэн байр суурьтай байгаа ч биеийн байдал нь бүрэн эдгээгүй тул энэ удаагийн хуралд оролцож чадахгүй ажээ. Харин он гарсны дараа хуралдах намын Их хуралдаа ирж магадгүй гэдгээ Н.Энхбаяр илэрхийлжээ. Түүний хувьд БНСУ-д хэдэн сарын турш эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд эмчилгээний зардал нь нэлээд өндөр гарчээ.
 
Үүнд намын удирдлагууд болон гишүүд дэмжигчид ихээхэн санаа зовинож байгаа гэнэ. Эмчилгээний зардлыг Н.Энхбаяр өөрөө гаргаж байгаа бөгөөд мөн намын гишүүдийн зүгээс эмчилгээний зардалд хандив өргөсөн байна. Харин намын гишүүдийн зүгээс Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлсэн төр эмчилгээний зардлыг нь өгөх ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.
 
Гэвч  Н.Энхбаяр хэлмэгдсэн хүн бил үү гэвэл олон хүн ял завшсан хүн хэмээн хэлэх байх. Авлигын  загалмайлсан эцэг гэгдэх түүний гэм буруутай үйлдлийг шат шатны шүүх нотлож, хийсэн хэрэгт нь тохирох ял шийтгэл ногдуулсан билээ.
 
Тэрбээр ялаа жирийн ялтнууд шиг эдлээгүй, төрийн том хүн байсан гэдэг утгаараа Улсын  II  эмнэлэгт  эмчлүүлж, тусгай тогоочийн гарын хоол идэж өнгөрөөсөн гэдгийг олон хүн мэдэж буй. Харин эрүүл мэндийн байдал нь яагаад ийнхүү доройтов гэхээр тэрбээр өөрөө л өлсгөлөн зарлаж байж ийм байдал хүрсэн гэдгийг ч гэрчлэх хүмүүс цөөнгүй. 
 
Түүний гэм буруугийн асуудлыг шүүх нотлож, тогтоосон ч  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд уучлал үзүүлж үлдсэн ялаас нь чөлөөлсөн билээ. Гэтэл Төрийн өршөөлд баярлах нь бүү хэл төр өвчнийг нь эмчлэх зардлыг даах ёстой гэж байгаа нь дэндүү мунхаг хэрэг биш гэж үү?.
 
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.