Ард түмэн хоосон хонож байхад 19 их наядын төсөвтэй төртэй байгаад яадаг юм

Twitter Print
2022 оны 12-р сар 11-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

Ард түмэн хоосон хонож байхад 19 их наядын төсөвтэй төртэй байгаад яадаг юм, нүүрсний зарчмаа тохиръё оо.

Тавантолгойн орд газар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн JORC аргачлалаар нийт 7.4 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй. Энэ орд газар үндсэндээ Монголын төрийг захирч, төр дэх луйварчдын 30 жилийн турш байгуулсан мафийн гол шалтгаан болж, сонгууль болгоныг захиалж ирлээ. Бүх томилгоонуудын үндэс болж, бүх хуйвалдааны шалтаг болж өнөөг хүрлээ.

Өнөөдөр ч бид нүүрсний хулгайчийн эрэлд улсаараа мордоод байна. Ард түмний шахалтаар нүүрсний хулгайчдыг их, бага хэмжээгээр илчлэх нь тодорхой боллоо. Тавантолгойн орд газар нэг онцлогтой. Технологи, стандарт гээд дээр үсэрч, дээгүүр сэвээд байх шаардлагагүй, хүрзтэй бол ухаад, машинтай бол зөөгөөд, чадвал угаагаад, бутлаад байж болох, хамгийн энгийн аргачлалаар олборлолт явуулах боломжтой. Тиймдээ ч хулгайч луйварчдын арааны шүлс, адын санаанд багтаад байгаа юм. Ачиж гаргаад ашигаа тоолж болоод байгаа юм.

Бид нүүрсний хулгайн нэг, хоёр том бүлэглэлийн тухай ярьж байна, илчлээд л асуудал шийдэгдэх үү? Үгүй. Хэрэв тэгвэл Тавантолгойн орд газрын хоёр дахь ээлжийн хулгайчдын замыг засахаас цаашгүй.

Тэгэхээр надад асуулт байна. Цаашдаа Үндсэн хуулиндаа бүх ард түмний өмч хэмээн заасан энэ орд газрын нүүрсний нөөц, олборлолт, борлуулалт, зардал, түүнээс үлдэж буй ашгийг хэрхэн хувааж хуваарилах юм бэ? Хэдэн хувийг нь бүтээн байгуулалтанд, шинэ үйлдвэр технологид зориулах юм бэ? Яаж тайлагнах юм бэ? Ард түмэнд, иргэдэд ямар хэмжээний баялаг оногдох юм бэ?

Ер нь энэ мэтийн зарчмаа ил тод тохироод, нээлттэй болгоод авбал яасан юм бэ? Нүүрсээ тойрч 30 жил хэрэлдлээ, хэлхэлдлээ, хуйвалдлаа, хувьсгал бослогодоо туллаа. Дахиад хулгай гарахгүй гэсэн ямар ч нотолгоо байхгүй. Монголын Засгийн газар Тавантолгойн орд газрын 96 хувийг эзэмшдэг. Засгийн эрхэнд гарсан, сонгуульд ялсан улс төрийн нам үүнд эрх мэдлийн хувьд эзэн сууна. Сонгуулиас сонгуульд сонгогдсон нөхдүүд тухай бүр тоглоомын дүрмээ зохиож, дарга цэргээ томилж, өвөр халаасаа өрөөлийн, өөрийн ялгаагүй дүүргэнэ.

Нүүрсний хэрүүл дахиад л эхэлнэ, баригдсан нь энэ удаагийн 44 их наядын хулгай, баригдаагүй хаагуур хэрхэн ачаалсныг бид мэдэхгүй. Мэдэхгүй хэвээрээ л дуусна. Тэгвэл одоо нэгэнт тэмцсэнийх, Тавантолгойн нүүрсний орд газраас олборлосон хүрз нүүрс болгоноос ард түмэн ямар зарчмаар, хэдэн хувийн ашиг, хэзээ тогтмол хүртэхийг тодорхой болгож, аль ч цаг үед, аль ч Засгийн үед хүчинтэй үлдэх хуультай, дүрэмтэй, зарчимтай болъё. Бүгдийг тодорхой болгоё, бүрэн шийдье, бүгдэд ойлгомжтой зарлая. Залуус үүнийг л шаардмаар байна, бид ч түлхээс, тулаас нь болмоор байна.

Хулгайчийг бариад миний сэтгэл лав амрахгүй, хулгайлахгүй байх, улсаараа мөнгөжих, ард түмнээрээ ам тосдох зарчмаа тохиръё. Тэр цагт хулгай дахин гарахгүй.

Товчхондоо бол бид өмчөөсөө хүртмээр байна! Энэ ашигаар Казакстанд хэн нэг хулгайч тансаг хороолол босгох биш, Монголын голомт Хархоринд амьдрал цэцэглэж, аймаг сумдад ач тус нь амьдрал болж очих учиртай юм! Тавантолгойн орд газрын ашиг хуваах хууль гэдэг баримт бичиг баталмаар байна, баараггүй, маргаангүй хуваадаг, хүртээдэг баймаар байна.

Төсөвт хэдэн хувь нь үлдэж, уурхайн технологи, техникийн шинэчлэлд зориулагдаж, хэдэн хувь нь ард түмэнд, иргэн бүрт очих юм бэ? Бодоод үзээрэй, одоогоор иргэн бүр 12 саяыг хулгайчдад алдчихаад байгаа? Энэ мөнгөөр бүтээн байгуулалт хийж болно, гэвч бүтээн байгуулалт нэрээр дахиад л дам дамандаа хулгай нүүрлэнэ. Иргэнээ чадалтай, мөнгөтэй болгосон төр баян оршино!

Ард түмэн чинь хоосон хонож, эх орноо орхиод дүрвэж байхад 19 их наядын төсөвтэй төртэй байгаад яадаг юм, нүүрсний зарчимаа тохиръё оо.

Р.Эмүжин

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Lopez

      (149.34.244.151) 2023-01-02 23:44
      • 0
      • 0

      Найдвартай хүмүүсийн хооронд мөнгөний зээлийн санал. Санхүүжүүлэх хувийн төсөлтэй эсвэл мөнгө зээлэх шаардлагатай үед. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй имэйлээр холбогдоно уу. lopezsiara27@gmail.com lopezsiara27@gmail.com

      Хариулах

    • Mongol

      (24.18.193.21) 2020-10-05 23:57
      • 0
      • 0

      Naadah chin ork sh tee.ta nar yu huleegeed bgaa yum be.

      Хариулах