
Японы мэргэжлийн сумогийн намрын тэмцээн өндөрлөж 69 дэх ёкозүна Хакухо түрүүллээ. Энэ сард Монголын залуу бөх Ичиножёо Ичинноров бүх Японы анхаарлыг татаж, ирээдүйн их аварга гэдгээ батлан харууллаа. Тэрээр 2014 оны нэгдүгээр сард мэргэжлийн сумод элсэн орсон. Анх 2010 онд Японд очиж, сонирхогчын сумогоор барилдаж ёкозүна цол хүртжээ. Сонирхогчын ёкозүна мэргэжлийн сумод макүшитагийн 15-аас барилдах эрхтэй байдаг аж.
Тэрээр макүшитад 12 барилдаан хийж 10 даван, 2 унажээ. Дараа нь жюүрёод хоёр башё барилдахдаа 25 давж, 5 удаа өвдөг шороодож энэ сард дээд зиндаанд гарч ирсэн. Өдгөө түүнийг Японд “үлэмж биет”, “малчин Монгол”, “Монгол Барүто” зэргээр нэрлэж, алдарт их аварга Китаноүми их аварга болсон байхад нь гайхах зүйлгүй гэж бүгд хүлээн зөвшөөрөөд байна.
Мэргэжлийн сумогийн 69 дэх ёкозүна Хакухо энэ оны аки башёд түрүүлж, эзэн хааны цомыг 31 дэх удаагаа хүртлээ. Ингэснээр Японы домогт аварга Чиёнофүжитэй зэрэгцэн ирсэн. Одоо манай бөхийн өмнө 32 удаа түрүүлсэн Тайхогийн амжилт үлдэж байна. 2001 оны гуравдугаар сарын башёд банцүкед анх бичигдэж байсан М.Даваажаргал дээд зиндаанд 772 давж, 137 унаж, 21 барилдаан өнжиж байжээ. Мөн арван башёд 15-0 гэсэн амжилтаар түрүүлж дээд амжилт тогтоосон бол 32 удаа түрүүлсэн Тайхо их аварга найман удаа нэг ч уналгүй эзэн хааны цом хүртсэн түүхтэй.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505