Си Жиньпин Жо Байдентай уулзахаас татгалзжээ

Twitter Print
2021 оны 09-р сар 15-нд 10:24 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпинтэй утсаар ярилцах үеэрээ түүнтэй биечлэн уулзах хүсэлтээ илэрхийлсэн ч Хятадын төрийн тэргүүн татгалзсан хариу өгчээ.

Financial Times сонинд бичсэнээр Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин Вашингтоноос Бээжингийн эсрэг явуулж буй бодлогоо зөөллөхийг шаардсан ба биечлэн уулзахаасаа өмнө талууд харилцаагаа сайжруулах нь зүйтэй болохыг онцолжээ.

Нөгөө талаас зарим эх сурвалжууд Си Жиньпин Ерөнхийлөгч Жо Байдений саналыг хүлээн аваагүй нь коронавирусын халдвараас урьдчилсан сэргийлж байгаатай холбоотой гэж үзэж байна.

Хоёр улсын тэргүүнүүд энэ сарын 10-нд утсаар холбогдож ярилцсан ба Цагаан ордноос мэдээлж байгаагаар талууд хоёр улсын хоорондын өрсөлдөөнийг хурцдахаас сэргийлэх тухай ярилцжээ.

Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлж байгаагаар Ерөнхийлөгч Си Жиньпин хоёр улсын харилцаанд тулгараад буй асуудлууд нь хоёр улсын болон олон улсын эрх ашигт нийцэхгүй болохыг онцолж, АНУ-ын Бээжингийн тал дээр баримталж буй бодлого хоёр улсын харилцаанд ноцтой хүндрэлүүдийг учруулсан талаар дурджээ.

Түүнээс гадна БНХАУ, АНУ хоёр харилцаагаа сайжруулж чадах эсэхээс "дэлхийн ирээдүй" хамаарна гэдгийг онцлон, хоёр улс хоорондоо зөрчилдөх нь өөрсдөөс нь гадна бусад улс орнуудад ч хохиролтой хэмээн Хятадын төрийн тэргүүн онцолжээ.

Мөн талууд уур амьсгалын өөрчлөлт, цар тахлын эсрэг тэмцэх, эдийн засгийг сэргээх зэрэг асуудлууд дээр хамтран ажиллах боломжтой гэдгийг Ерөнхийлөгч Си Жиньпин дурджээ. Эцэст нь талууд хоёр улсын төрийн тэргүүнүүд хоёр улсын төдийгүй олон улсын асуудлуудаар хоорондоо шууд харилцах нь хоёр улсын харилцаа зөв чигт хөгжихөд тустай гэдэг дээр санал нийлжээ.

Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.