AstraZeneca вакциныг Италид 60-аас доош, Их Британид 30-аас доош насныханд хийхгүй байхыг зөвлөжээ

Twitter Print
2021 оны 04-р сар 08-нд 12:20 цагт
Мэдээний зураг,

Италийн эрх баригчид AstraZeneca компанийн коронавирусын эсрэг вакциныг зөвхөн 60-аас дээш насныханд тарихыг зөвлөсөн бол Их Британид тус вакциныг 30-аас доош насныханд тарихгүй байхыг зөвлөөд байна.

Энэ нь AstraZeneca компанийн коронавирусын эсрэг вакцин тариулсан зарим хүмүүст судасны бөглөрөл үүсэх гаж нөлөө илэрсэнтэй холбоотой аж. Дээрх асуудалтай холбоотойгоор AstraZeneca компанийн коронавирусын эсрэг вакциныг дэлхийн 10 гаруй оронд тарихыг зогсоогоод байсан юм.

Европын холбооны Эрүүл мэндийн сайд нар дээрх асуудлыг хэлэлцсэн ч AstraZeneca компанийн коронавирусын эсрэг вакцины хэрэглээ тал дээр нэгдсэн нэг зөвлөмж гаргаж чадаагүй байна.

Италийн Эрүүл мэндийн салбарын удирдлагууд AstraZeneca вакциныг зөвхөн 60-аас дээш насныханд тарихыг зөвлөсөн ба өмнө нь тус вакцины эхний тунг хийлгэсэн 60-аас доош насныханд 2 дох тунгаа хийлгэхийг зөвшөөрсөн байна. Харин Их Британийн эрх баригчид 30-аас доош насныханд өөр бусад компанийн коронавирусын эсрэг вакциныг сонгож тарих нь зүйтэй гэж үзсэн байна.

Европын Эмийн хяналтын албаныхан AstraZeneca компанийн коронавирусын эсрэг вакцин болон ховор тохиолдох судасны бөглөрөл эмгэгийн хооронд холбоо байж болзошгүй гэж үзсэн ч тус компанийн коронавирусын эсрэг вакцин нь коронавирусын цар тахалтай тэмцэх явдалд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолжээ.

Европын Эдийн засгийн бүс буюу Европын холбооны гишүүн 27 улс, Лихтенштейн, Исланд, Норвегид AstraZeneca компанийн коронавирусын эсрэг вакцины 34 сая тун хийгдсэний дараа Европын Анагаах ухааны агентлагт энэ сарын эхээр судасны бөглөрөл өвчний 169 тохиолдол бүртгэгджээ.

AstraZeneca компанийн коронавирусын эсрэг вакцин нь бусад компаниудын коронавирусын эсрэг вакцинтай харьцуулахад хямд, хадгалахад онцгой нөхцөл шаардагддагүй нь тус компанийн вакциныг улс орнууд ихээр худалдан авах шалтгаан болсон ба хөгжиж буй орнууд коронавирусын эсрэг дархлаажуулалтын аяндаа хамгийн ихээр хэрэглэж байна.

ХБНГУ-д AstraZeneca компанийн коронавирусын эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн 60-аас доош насныханд 2 дахь тунгаа өөр компанийн вакцин тариулахыг зөвлөж байна.

Европын холбооны Анагаах ухааны агентлагийн гүйцэтгэх захирал Эмер Күүк вакцины гаж нөлөөний улмаас судасны бөглөрөл эмгэгт өртөх эрсдэл нь коронавирусын халдвар авах эрсдлээс өчүүхэн гэдгийг онцолж, "КОВИД-19 өвчнөөр нас барах эрсдэл нь вакцины ховор гаж нөлөөний улмаас нас барах эрсдлээс хавь илүү өндөр гэдгийг санах хэрэгтэй." хэмээн дурджээ.

Гэсэн хэдий ч мэргэжилтнүүд бусад компанийн коронавирусын эсрэг вакцинтай ижил вирусын эсрэг үйлчилгээ биед үзүүлдэг AstraZeneca компанийн вакцин яагаад ганцаараа ийм гаж нөлөө үзүүлж байгааг тайлбарлаж чадахгүй байна.

Эх сурвалж: https://www.reuters.com/article/us-health-coronavirus-astrazeneca/italy

Орчуулсан:

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.