Япон импортын хийнээсээ Европт нийлүүлэхийг зөвшөөрлөө

Twitter Print
2022 оны 02-р сар 09-нд 12:43 цагт
Мэдээний зураг,

Японы засгийн газар Украин дахь нөхцөл байдал хурцдаж, ОХУ-ын Европ руу экспортлодог хийн нийлүүлэлт доголдвол өөрийн улсын худалдан авдаг шингэрүүлсэн байгалийн хийн тодорхой хэсгийг Европ руу нийлүүлэх шийдвэр гаргажээ.

Уг шийдвэрийг Японы засгийн газар АНУ-аас ирсэн хүсэлтийн дагуу гаргасан аж. Японы тал хэдий хэр хэмжээний хий нийлүүлэх, хийн нөөцөөсөө нийлүүлэх үү, эсвэл гэрээний дагуу импортоор ирэх шингэрүүлсэн хийнээсээ шууд нийлүүлэх эсэх дээр тодорхой шийдэлд хүрээгүй байгаа хэмээн NHK агентлаг мэдээлж байна.

Вашингтон Украины хямрал хурцдсан тохиолдолд ОХУ Европ руу экспортлох хийн хэмжээгээ бууруулна хэмээн эмээж байгалийн хий их хэмжээгээр импортлогч орнуудаас импортолж буй хийн хэмжээгээ багасгахыг хүссэн байна.

Ингэснээр илүү гарсан хийг Европ руу нийлүүлэхээр төлөвлөжээ. АНУ-ын Жо Байден АНУ-ын Эрчим хүчний аюулгүй байдлыг хариуцсан төрийн департаментын зөвлөх Амос Хохштейний хамтаар дээрх асуудлаар БНХАУ, Япон, БНСУ болон Энэтхэг зэрэг улс орнуудтай хэлэлцээр хийж байгаа аж.

Түүнээс гадна Вашингтон Украиныг тойрсон асуудал хурцдсан тохиолдолд байгалийн хий нийлүүлэгч Катар, Нигери, Египет, Ливи зэрэг улс орнуудаас гадна Алжирт үйл ажиллагаа явуулдаг компаниудаас байгалийн хийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг хүсчээ.

Европын холбооны зөвлөлийн тэргүүн Урсула фон дер Ляйен Европын холбоо болон АНУ ОХУ-ын байгалийн хийн экспорт багассан тохиолдолд бусад улс орнуудаас Европ руу байгалийн хий нийлүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа тухай дурдаж байсан билээ. ОХУ-ын зүгээс "Газпром" компани гэрээнд заагдсан зүйл заалтуудаа зөрчих боломжгүй гэдгийг онцолж, ОХУ эрчим хүчний найдвартай ханган нийлүүлэгч байсан, цаашид ч байсаар байх болно хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.