Амьгүй андлал - Их хуралдайн их тэнэглэл

Twitter Print
2020 оны 08-р сар 16-нд 18:01 цагт
Мэдээний зураг,

Хэд хоногийн өмнө ТВ5 телевизээр Хэнтий аймаг дахь хэдэн арван тэрбумын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт болох Их хуралдай, Андлалын өргөө, Нууц товчоо, Далд уурхай зэрэг цогцолборыг сурталчилж, амиа аврах зорилготой нэвтрүүлэг гарлаа.

Нууц товчоонд тэмдэглэгдсэнээр 1206 онд Онон мөрний эхэд Их хуралдай чуулж Их Эзэн богд Чингис хааныг өргөмжлөн залсан газар тул аргагүй шүншигтэй газар.

Хэдий санаачилга нь сайхан ч цаанаа үзэл баримтлал хомс, хүч тарамдсан, сонгуульд зориулж яарч адгасан, мөнгө завшсан үнэр ханхлуулсан эдгээр барилгууд эхлэхдээ мордохын хазгайгаар олонд танигдсан нь эндүүрэл биш болох нь уг нэвтрүүлгээс харагдлаа. Эзнээ аврах зорилготой нэвтрүүлэг эргэж үнэнийг дэлгэх шиг.

1. Цус ойртсон төсөл

Их хуралдай төслийн зураач Төртогтох гэж эрхэмийн өөртөө ямарч итгэлгүй, амиа хамгаалсан үгээ зөөж бувтнасан яриа нь Хэнтий аймгийн 6-н төслийг хүмүүс салгаж ойлгоод шүүмжлээд байна эсрэгээрээ цогцоор нь цогцолбор гэж үзэх ёстой гэж хэллээ.

Уучлаарай. Гадны байтугай дотоодын түүх мэддэг жуулчин хүртэл хоорондоо холдоо 170 км зайтай, ойрдоо 65 км зайтай үзмэрүүдийг хэрхэвч нэг цогцолбор гэж үзэхгүй. Эрүүл ухаанаар бодоход Бэрх сумын далд уурхай, Их Хуралдай хоёр юугаараа холбоотой нэг цогцолбор гэж ойлгогдох вэ.

Түүхийн цогцолбор төсөл гэдэг хөдөлмөрийн болон бүтээгдэхүүний төрөлжилт бий болгох бизнесийн ойлголт болохоос хааны нэрээр далайлгаж, түүхийн нэрээр түрий барьсан шавар овоолго биш.

Хамгийн харамсалтай нь Хэнтий аймгийн журмын нөхдийн яриагаар уг Төртогтох зураачийн баг нь Хэнтий аймгийн МАН-тай холбоотойгоор бүх л бүтээн байгуулалт, тендерийн ажлуудыг авдаг гэнэ.

Бас болоогүй зураг төслийн гүйцэтгэгч нь Хот төлөвлөлтийн хүрээлэнгийн Батбаяр гэж хүн байдаг нь бас Хэнтийнх. Асуудал нь нутаг усандаа биш харин нийлж бүтээн байгуулалт нэрээр төсвийн хулгай хийдэг мафижсан сонгуулийн бүтэц байна гэдэг хардалт.

2. Худал төсөл

Байгаль орчны яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын дарга Баясгалан гэх Цогзолмаа сайдын охины ярьж буйгаар эдгээр цогцолбор музейн дэлгүүрүүдэд нутгийн брэнд бүтээгдэхүүн худалдаалагдах бөгөөд үүнийг дэмжиж орон нутгийн ЖДҮ хөгжих сангаас зээл өгч өрхийн үйлдвэрлэлийг дэмжих төслүүд эхлүүлсэн гэх юм. Мэдээллийг лавлаад Батноровын журмын танилуудаас ямар ямар төсөл дэмжигдээд, зээл өгөөд байгааг асуухад эхлүүлсэн ажил огт байхгүй гэж хариуллаа.

Зураач Төртогтохын хэлснээр Их хуралдайн байгууламж хүмүүст зориулсан кино театртай гэж ярих юм. Үнэндээ төсөлд нь тийм төлөвлөгөө огт байхгүй харагдах. Одоо Ерөнхий сайд болон Хэрэг эрхлэх газрын даргаа хамгаалах гэж төлөвлөөгүй кино театрархуу юм нэг буланд нь шовойлгох байх.

Мөн нэвтрүүлгээр улаан цайм худал хэлэх нэг мэдээлэл нь Андлалын өргөөний хоёр толгой дотроо шатаар холбогдож хоёр талаас нь гарсан хүн уулзах юм гэнэ. Гэтэл интернетэд тавигдсан зургуудыг харахад хоёр толгойны шат тус тусдаа малгай дээрээ очоод дуусаж байгаа харагдсан.

Бүр хачирхалтай нь бидний бодож байгаа Андлалын өргөөний 2 тэрбумын хөрөнгө оруулалт нь зөвхөн хөшөө нь бөгөөд гадна тохижилт нь дахиад хэдэн тэрбум болох аж.

3. Төлөвлөлтгүй төсөл

Их хуралдтай, Андлалын өргөө, Нууц товчоо, Далд уурхай зэрэг байгууламжуудын үзмэр нь бүгд газар дор гэнэ. Газар нутаг ихтэй, хөдөө хээр байгаа төслүүдийн музей юугаа хийгээд сүлжээ барьдаггүй хөлдүү газар дор баригдах ёстой гэж. Дэлхийн хаана ийм шийдэл байдаг юм бэ. Энэ нь гадаадаар чамгүй аялаж олон музей үзэж, түүнийхээ тухай нийтлэл бичсэн туршлагаараа хэлэхэд эдгээр музейн ажил эхнээсээ төлөвлөлтгүй эхэлжээ гэж дүгнэхээр байна.

Япон, Солонгос, Хятадуудын музей бүтсэн дарааллыг сонсохоор нэдүгээрт дотоод үзмэрээ сонгоно. Хоёрдугаарт уг дэглэх үзмэртээ зориулж төлөвлөлт хийнэ. Гуравдугаарт, төлөвлөлтөндөө зориулж интериэр дизайн нь гарна. Дөрөвдүгээрт, дизайндаа зориулж барилгын хэмжээ, метр квадрат гарна. Тавдугаарт, музейдээ зориулж гадаах төлөвлөлт явагдана.

Гэтэл Андгай өргөө гэхэд зөвхөн барилгадаа хоёр тэрбум. Гаднах талбайн төсөв мөнгө огт тодорхойгүй. Бүх музейнүүд дотроо ямар үзмэр тавих, түүндээ ямар үзэл баримтлал барьж, ямар үйл ажиллагаа явагдахаа огтоос батлалгүй шууд сонгуулийн өмнөхөн барилгын ажилруугаа оржээ.

Дүгнэлт.

Ерөнхий сайд У.ХҮрэлсүх, ЗГХЭГ дарга Оюун-Эрдэнэ хоёрын боловсролын түвшинд Хэнтийн зургаан төсөл хүндэджээ. Тэд хэрэв хүн шиг ухаантай бол эхлээд төслийнхөө зорилгыг зах зээлийн суурь хуультайгаа холбож, дэлхийн аялал жуулчлалын бизнесийн чиг хандлагыг уях ёстой байлаа.

Эцэстээ сайдын мөнгө гэж байхгүй татварын мөнгө л гэж байгаа. Тиймээс улсын төсвөөс бүтээн босгосон төсөл бүр бизнесийн хувьд өгөөжтэй байх хэрэгтэй. Бизнес ашигтай төслүүд хийж чадахгүй бол Ленин, Сталины хөшөөг шавраар овоолсоор байгаад сүйрсэн коммунист нийгэм рүүгээ буцах хэрэгтэй. Эхнээсээ хайран мөнгийг тал талд нулимж дуусч байхаар бүх мөнгийг нь нийлүүлээд ганцхан газар даян дэлхийн Монголчууд бүгд зорих ганцхан төслийг Бурхан Халдун хайрханд сүндэрлүүлэх байлаа.

Өмнөд Хятад ганцхан Тэнгэр уул, Төв Хятад ганцхан Террокода, Төвд гацхан Боталла, Шинжан ганцхан Тэнгэр уул гэдэг шиг. Хятад гэвэл дэлхийд ганц Цагаан хэрэм бодогдоно, Монгол гэвэл дэлхийд ганц Чингис хаан харагдана. Өвөр Монголчуудад л гэхэд Монгол шиг шүншигтэй газар байхгүй ч сүртэй, хүчтэй бүтээн байгуулалт хийдэг. Гэтэл манай газар нь шүншигтэй атал хоосон байснаас дор юм шовойлгох юм.

Аялал жуулчлалын төслүүдийн амин сүнс болсон хувийн хэвшлийн ашиг сонирхол, ирсэн гийчдийн кайф, үйлчилгээний стандарт, эвэнт үйл ажиллагааны төлөвлөгөө яагаад Хэнтийн бүтээн байгуулалтаас харагдахгүй байнаа.

Үргэлжлэл бий...

Б.Ган-Очир

2020.08.16

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.