Аварга, арслан болж байвал хориотой эм хэрэглэсэн ч яахав гэж бодож байна уу

Twitter Print
2014 оны 09-р сар 29-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадамд улсын харцага, Увс аймгийн Ховд сумын харъяат Н.Батсуурь ес даван түрүүлж арслан цол хүртсэн. Мөн Завхан аймгийн Идэр сумын уугуул улсын начин Ш.Жаргалсайхан урамтай сайхан барилдаан үзүүлж гарьд цолны болзол хангасан. Наадмын барилдаанд шөвгөрсөн бөхчүүд сэргээшийн шинжилгээ өгдөг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Харин өнөө жилийн хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн, шинээр цол авсан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авч БНСУ-д илгээсэн бөгөөд хоёр бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл тархсан.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаар баталсан журмын дагуу допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг энэ сарын 25-нд буюу өчигдөр олон нийтэд мэдээлнэ гэсэн боловч мэдээлээгүй байна. Уг нь журмын дагуу А сорьцийн лабораторийн шинжилгээний хариуг ирснээс хойш гурав хоногийн дотор багтааж Монголын Үндэсний олимпийн хороо холбогдох Үндэсний спортын холбоонд бичгээр мэдэгддэг байна. Үндэсний спортын холбоо нь ажлын тав хоногт багтааж сорьц нь эерэг, сөрөг гарсан бөхчүүд, уяач, харваач нарт мэдэгдэх ёстой байдаг аж.

Тухайн бөх А сорьцийн хариуг зөвшөөрөөгүй тохиолдолд Монголын олимпийн хороонд 30 хоногийн дотор Б сорьцийн шинжилгээ өгөх тухайгаа бичгээр ирүүлж, дахин шинжилгээний явцад гарах зардлыг хүсэлт гаргагч өөрөө бүрэн хариуцдаг байна.

Сэргээш хэрэглэсэн байгуулага болон бөхчүүд сэргээш хэрэглэсэн тухай мэдээллийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаагүй бол Монголын Үндэсний олимпийн хороо хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгнө гэж журамдаа заасан байдаг аж. Гэтэл Үндэсний их баяр наадмаас хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад өнөөдрийг хүртэл допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг зарлахгүй байгаа нь олны дунд таамаг, хардлагыг төрүүлсээр байгаа юм.

Түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдээс гадна аймгийн хурц арслан Ч.Батчулуун, аймгийн арслан Б.Суманчулуун, аймгийн арслан Н.Адъяабат, аймгийн арслан Л.Лха-Очир, цэргийн арслан Б.Бадамсүрэн нар улсын начин цол тус тус хүртсэн билээ.

Сэргээш хэрэглэсэн гэх маргаан жил бүр гардаг. Хамгийн анх дархан аварга А.Сүхбат Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор түрүүлж, дараа нь сэргээшийн шинжилгээ өгөхөд А сорьцноос хориотой эм уусан нь тогтоогдож шуугиан тарьж байсан. Гэхдээ аварга, арслангууд жил бүр л сэргээшийн асуудалд холбогддог. Харин хэсэг хугацаанд ярьж байгаад таг болдог нь иргэдэд хардах сэтгэл төрүүлээд байна. БНСУ-ын лаборатори үнэн гаргасныг нь манайхан нуун дарагдуулж байна уу, эсвэл үнэхээр алдарт бөхчүүд маань хориотой эм, бэлдмэл хэрэглэж ард түмнээ хуурч байна уу гэдэг асуутын хариултыг хэн ч өгч чадалгүй арав гаруй жил боллоо.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.