Ичиножёо Ичинноров Эзэн хааны цом хүртвэл зуун жилийн рекордыг эвдэнэ

Twitter Print
2014 оны 09-р сар 26-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн Аки башё үргэлжилж байна. Энэ сард макүүчид 36, жюүрёод 26, макүшитад 64, санданмед 108, жониданд 112, жонокүчид 16, нийт 362 бөх барилдаж байгаа ч Монголын Ичиножёо Ичинноров гэдэг ганцхан бөх Япончуудын анхаарлыг татаж байгаа нь гайхалтай. Сонирхогчын сумогийн ёкозүна цол хүртэж, энэ оны нэгдүгээр сард мэргэжлийн дэвжээнд макүшитагийн 15-аас анх барилдаж эхэлсэн манай бөх дөрөвхөн башё зарцуулж дээд зиндаанд гарч ирсэн. Есдүгээр сарын тэмцээн бол түүний мэргэжилд барилдаж буй анхны, энэ жилийн тав дахь башё юм.

Гэтэл асар богино хугацаанд 800 орчим жилийн түүхтэй их сумогийн оргилд хүрэхэд ойрхон ирлээ. Өмнө нь ийм богино хугацаанд дээд зиндаанд гарч ирсэн, макүүчид барилдсан анхны башёд их аваргатай барилдсан, анхны башёдоо эзэн хааны цом хүртэх хэмжээнд /одоогийн байдлаар түрүүлэх гурван бөхийн нэг нь хэвээр байна/ барилдсан бөх байхгүй аж. 1914 оны тавдугаар сарын башё буюу 100 жилийн өмнө “Дэваноүми” дэвжээний Рёогокү гэдэг бөх дээд зиндаанд барилдсан анхны тэмцээндээ эзэн хааны цом хүртэж байсан. Зууны рекорд эвдэх боломжтой бөхийг Япончууд сонирхохгүй байхын аргагүй, алдарт их аваргууд нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд орсон талаар Азийн хэвлэлүүд уралдан бичиж эхэллээ.

Сумо бол Японы эртний өв соёл, түүхийг агуулсан үндэснийх нь спорт. Гэтэл 2006 оны нэгдүгээр сард озэки Точиязан эзэн хааны цом хүртснээс хойш Япон бөх түрүүлээгүй байна. Тэр цагаас хойш есөн жил буюу 51 башёд Монгол, Болгор, Эстони улсын бөхчүүд түрүүллээ. Ялангуяа талын Монголын хөвгүүд бахархам амжилт гаргаж 63 башёд түрүү авч, дөрвөн их аварга цолтон төрөн гарч шинэ зууны сумог эзэгнэн явж байна.

Өдгөө барилдаж буй ёкозүна Хакухо 1985, Харумафүжи 1984, Какүрюү 1985 онд төрсөн буюу мэргэжлийн сумод хөгшин бөхчүүдийн тоог удахгүй нэмэх гэж байгаа. Үүнийг ажигласан Японы нэгэн сэтгүүлч “Монголчуудын үе дуусч, гурван их аварга удахгүй зодог тайлахаар дараагийн бөхчүүд нь түрүүлж чадахгүй” гэж нийтлэсэн. Үүнээс хэдхэн сарын дараа Монголын дараагийн ёкозүна цол хүртэх бөх арлын орныг шуугиулж эхэллээ.

“Минато” дэвжээний бөх Ичиножёо Ичинноров 1993 дөрөвдүгээр сарын 7-нд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. 2010 онд Японд очиж сонирхогчын сумогоор хичээллэж эхэлжээ. Улмаар сонирхогчын төрөлд ёкозүна цол хүртэж энэ оны нэгдүгээр сараас мэргэжлийн сумод элсэн орж макүшитагийн 15-аас барилдсан. Нийтдээ 56 барилдаан мэргэжлийн сумод хийж 47 ялж, 9 удаа өвдөг шорооджээ. Үүнээс дээд зиндаанд 11 барилдахдаа 10 давж, ганцхан Икиойд унасан байна.

Өнөөдөр Ичиножёо Ичинноров 71 дэх их аварга Какүрюү Анандтай оноолт таарсан. Дээд зиндаанд гарч ирсэн анхныхаа тэмцээнд ёкозүнатай барилдсан тохиолдол их сумод тун цөөхөн. 72 дахь ёкозүна болоход гайхах зүйлгүй гэж бүгд хүлээн зөвшөөрсөн түүнээс аваргыг давж аварга болохыг нь хүлээх үлдлээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.