
Цагтаа коммунизмын улаан туг болж байсан ЗХУ-ын урт настай, удаан жаргалтай удирдагч Л.И.Брежнев ер бусын онцгой сахиустай нэгэн байжээ. Тэрээр Энэтхэгт нэгэн удаа айлчлан очихдоо Индира Гандийн ордонд Бурханы шашны тэргүүн Төвдийн Далай ламтай танилцах завшаан тохиосон байна. Далай лам түүнд хүний заяа тавиланг урьдчилан хардаг шидтэй, ер бусын нэгэн амьтан бэлэглэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн гэнэ. Харин тэр онцгой бэлэг хачин том биетэй хар муур байсан тул Леонид Ильич бүр пантер буюу хар ирвэс гэж андуурахад хүрч байжээ.
Далай лам амандаа ямар нэгэн зүйл шившин уншиж, Брежневын гарыг мууранд ойртуулан үнэрлүүлсэн байна. Ингээд дээрхийн гэгээнтэн: «Хэрвээ муур таньд хүрч ирээд хөлийг тань шөргөөх юм уу, эсвэл өмднөөс тань зууж авбал аюул ослоос болгоомлохыг сануулж байгаагийн тэмдэг. Муурыг зөвхөн өөрийнхөө гараас түүхий махаар хооллож байгаарай. Энэ бол таны авралын сахиус, түүнийг биеэсээ алхам ч холдуулж болохгүй, эс тохиолдолд тэр хүний хувь тавиланг урьдчилан харах чадвараа алдана» гэж хэлсэн байна. Энэ явдал 1969 онд болсон байдаг.
Леонид Ильич Брежнев гэр бүлийнхээ хүрээнд ихэнхи чөлөөт цагаа өнгөрөөдөг байсан Заречье дахь зуслангийн байшинд нэгэнтээ тэд Лама хэмээн дууддаг болсон муурандаа бүхэл бүтэн өрөө гаргаж өгсөн байна. Лама муур харин Леонид Ильичээс өөр хүнийг өрөөндөө шагайлгадаггүй, зөвхөн түүний хамгийн бага ач болох дөрвөн настай Андрейд өөрөөр ханддаг байжээ. Гэхдээ зөвхөн эзнийхээ гараас л хооллодог байв. Муур аажимдаа ан хийдэг болж ойр хавийн могой, сохор номингийн эрлэг болсон аж. Хамгаалалтын ажилтнууд удалгүй тас хазаад хаясан могой, сохор номингийн толгой олж цуглуулдаг болжээ. Цасан дороос үүр ноохойг нь харин хэрхэн олдог байсан нь сонин. Ингээд өвөл шувтрахад Лама хориод могой зооглож орхисон байжээ.
1969 оны нэгдүгээр сарын 22-нд Москва даяараа эх дэлхийдээ эргэж ирсэн сансарын нисгэгчдээ угтан авч байв. Елисеев, Шаталов, Волынов, Хрунов нарын сансарын нисгэгчдийг "Внуково-2" нисэх онгоцны буудлаас Кремльд хүргэх замд гудамжинд байрлуулсан чанга яригчуудаар засгийн газрын тусгай цувааны яг аль машинд ЗХУКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Ильич Брежнев сууж явааг зарлаж орхисон байна. Засгийн газрын «Чайка» тэрэгнүүд Кремлийн Боровицкийн хаалганд дөхөж ирэх үеэр цугласан олныг гудамжлан хамгаалсан цагдаа нарын дундаас хоёр гартаа буу атгасан нэгэн цагдаа эрчээрээ гүйж автомашины цуваанд дөхөж ирээд толгойн тэрэгний ард явсан автомашин руу сумаа барагдтал буудсан аж. Уг тэргэнд Брежневтэй тун адил харагдах сансарын нисгэгч Георгий Береговой сууж явжээ.
Мэргэжилтнүүд дараа нь Леонид Ильичийн амь насыг юу аварсаныг тайлбарлаж өгсөн хэдий ч тэрээр харин аминд нь орсон асуудлыг өөрөө мэдэж байв. Халдлага болсон тэр өдрийн өглөө Лама ердийнхөөсөө эрт боссод эзнийхээ өрөөний хаалгыг савардан маажиж байж өрөөнд нь оронгуутаа орон дээр үсрэн гарч гомдолтойгоор дуугарч байжээ. Брежневээс алхам ч холдохгүй байсан муур түүнийг явах болоход галзуурсан мэт авирлаж өмднийх нь шуумагнаас зууралдаад салахгүй байсан учир гинжилж орхихоос өөр арга байсангүй. Леонид Ильич гэхдээ үүнийг сайны ёр биш гэдгийг мэдэж байлаа. Тиймээс ч Брежнев цувааны толгойн тэрэгний ард явж байснаа ард түмэн сансарын нисгэгчдийг угтаж байгаа учир тэднийг урдаа гаргасан нь зүйтэй гэж үзсэн учир дараалал өөрчлөгдсөн байна.
Сансарын нисгэгч Георгий Береговой Леонов, Терешкова, Николаев нарын бусад нисгэгчдийн хамт Кремльд болох баярын зоогт уригдсан байлаа. Гэтэл тэдний сууж явсан автомашин руу бага дэслэгч Виктор Ильин гэгч Макаровын гар буугаар 14 сум тавьсан байв. “Галзуурсан” цагдаагийн гарт жолооч Жарков үхлүүт хүнд шарх авч, сансарын нисгэгч Береговой, Николаев нар харин хөнгөн шархадсан байжээ.
Энэ хэрэг явдлын дараа Лама хоёр дахь удаагаа эзнийхээ аминд орсон байдаг. Удалгүй жилийнхээ ойн дээр шахуу 1970 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Заречье зуслангаас ажилдаа очихоор Кремль явах байв. Гэтэл өглөө эрт муур нь гаслантайгаар дуугарч өмднийх нь шуумагнаас зуугаад ерөөсөө явуулахгүй байсан учир Брежнев болгоомжилж, харуулын албаны бригадыг ээлж солилцсоны дараа баримт бичиг дээр ажиллахаар гэртээ үлдсэн байна. Муур зөгнөсөн ёсоор түүний "ЗИЛ" автомашин руу жолоодлого алдсан цэргийн ачааны тэрэг нисэж ирэхэд Ерөнхий нарийн бичгийн даргын жолооч мөргөлтөөс зайчуулж жолоогоо дарахдаа замын хажууд зогсож байсан алсын тээврийн ачааны тэрэгний араас орчихсон байна. Автомашинд сууж явсан хамгаалагчдын хавирга хугарч, толгой нь хөдлөх зэргээр хүнд бэртэж гэмтсэн бол Брежневын суудал дээр явсан хүний толгойн тэн хагас тас татагдсан байв. Брежневт уг аймшигт ослын тухай тэр даруй дуулгахад, тэрээр гал тогооноос үхрийн мах авчрахыг хүсэж Лама муураа энхрийлэн хооллож байжээ. Энэ явдлаас хойш тэрээр муурныхаа зөн совинд эргэлтгүй итгэдэг болсон байна.
Мөн өөр нэгэн тохиолдолд 1971 онд Брежнев Парис орохоор нисэх гэж байж. Муур нь түүнийг тэгэхэд явуулсангүй. Алс замд гарахаа азнасан Брежнев КГБ-ын дарга Юрий Андропов руу утасдаж Францаас ямар нэгэн сураг чимээ байгаа эсэхийг лавлахад тэрээр Парис хотын Жорж Помпиду урлагийн төвд Брежневийн амь насанд халдахаар бэлтгэж байсан этгээдүүдийг баривчилсан тухай мэдээллийг гадаад тагнуулын албаны шугамаар хагас цагийн өмнө авсан тухай илтгэжээ.
Зөвлөлтийн Коммунист намын Ерөнхий наргийн бичгийн даргын аминд олон удаа орж байсан муур харин өөрөө 1982 оны хавар автомашинд дайруулан үхсэн байна. Тэр цагаас Брежневийн эрүүл мэнд дордож эхэлжээ. Муурныхаа үхэлд итгээгүй Леонид Ильич хөргөгчиндөө байнга үхрийн шинэхэн мах хадгалдаг болсон байв. Ингээд хагас жилийн дараа арваннэгдүгээр сард Л.И.Брежнев нас баржээ.
1982 оны хавар Брежневт ёстой ёр удсан нэгэн явдал болжээ. Тэрээр Ташкент орж Узбек ССР-т Лениний ордон гардуулах ёстой байлаа. 1982 оны тавдугаар сарын 23-нд тэрээр нисэх онгоцны үйлдвэр очих ёстой байсан ч арга хэмжээг цуцалсан байв. Брежневийн хувийн бие хамгаалагч Владимир Медведевийн өгүүлснээр бүхий л арга хэмжээ маш богино хугацаанд эрчтэй зохион байгуулагддаг байтал тэр удаагийнх ер бүтэлтэй юм байхгүй байсан учир Брежнев саатсан газраа эргэж ирээд: «Хүмүүс уулзалтад бэлтгэчихээд хүлээгээд байхад очихгүй бол болохгүй, муухай!» гэснээр хөдлөх болж. Харин түүний хамгаалалтын албаны дарга, генерал Александр Рябенко эсэргүүцэж: «Завод руу очиж болохгүй, хамгаалалтаа авчихсан байгаа, тэгээд ч таны муур галзуурсан мэт үсчиж байгаа тухай утсаар бидэнд мэдэгдлээ. Түүнийг барьж уясан хүн бүхнийг хазаж гэмтээсэн байна» гэж хэлжээ.
Брежнев хариуд нь тоомжиргүй: «Чи тэгвэл харуулаа буулгахгүй юу, харин муур бол миний л хэрэг» гэж хэлээд нисэх онгоцны үйлдвэр дээр явж очжээ. Брежнев дагалдан яваа хүмүүсийн хамт угсралтын цехэд ороход нисэхэд бараг бэлэн болтол угсраад байсан нисэх онгоцны эргэн тойронд нь босгосон асар том өргөн тавцан дээр олон ажилчид зогсож байж. Гэтэл тэр олон хүнийг даагаагүй модон тавцан гэнэт нурж төлөөлөгчдийн дээрээс унаж ирсэн байна. Брежневийн зэрэгцээ явсан Узбекийн коммунист намын нарийн бичгийн дарга Рашидов толгой хагарсан байв. Генерал Рябенко энэ явдлын дараа тэр даруй газраас босохдоо яагаад ч юм бугуйн цагаа харахад яг 13 цаг 23 минут болж байжээ. Энэ тоо түүний санаанд насан туршид нь хадагдан үлдсэн байна. Золоор Ерөнхий нарийн бичгийн дарга гэмтээгүй байв. Хамгаалагчид нь түүнийг нилээд хүч гаргаж байж хөл дээр нь босгож авсаны дараа Брежнев эмнэлэгт очихоосоо татгалзсан учир ордонд хүргэжээ. Гэнэтийн уг осол азаар гэмтэл бэртэлгүй өнгөрсөнд баярлаж байсан хамгаалагчид нь дараа нь даргаа удахгүй алдахаа мэдсэнгүй. Яг 13 цаг 23 минутад түүний муур төмөр гинжээ тас мэрээд гудамжинд гүйж гараад автомашинд дайруулан тэр дороо нам үхжээ. Амийг амиараа хамгаалсан нь энэ аж. Леонид Ильичэд хамгаалагчид нь уг харамсалтай мэдээг дуулгахад тэрээр, генерал Рябенког тэвэрч, нүдэндээ нулимстайгаар: «Чиний зөв байжээ, нисэх үйлдвэр рүү явах хэрэггүй байж!» гэж хэлж байсан байна.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505