
“Буруу ѳссѳн хүүхэд бухын хүзүүнээс ч хатуу” хэмээн монголчууд хэлэлцдэгсэн. Хүүхэд эцэг эхээ сонгодоггүй, олж тѳрнѳ гэдэг нь тавилан байх. Энэ ертѳнцѳд ариухнаас ч ариухан сахиусан тэнгэр болж тѳрчихѳѳд, хэн болж тѳлѳвших нь эцэг эх биднээс, бас сургууль багш нараас, тэднийг хүрээлэн буй нийгмийн харилцаанаас шалтгаалдаг.
ХҮҮХЭД
Хүүхэд тѳрѳѳд энэ ертѳнцтэй танилцахдаа гэрийн орчиндоо байгаа эд зүйлсээсээ мэдрэмж авч, аав ээжийнхээ харилцаанаас хайр энхрийллийг мэдэрч, гэр бүл дотор ѳрнѳж буй ярианаас ойлголт авч эхэлдэг. Гэр орон нь заваан бохир бол хүүхэд хожим нь тийм байх ёстой гэдэг ойлголтондоо дасна. Аав ээж нь загнаж зандраад хориглоод байвал тэр бяцхан зүрх аймхай хулчгар, дорой нэгэн болж торнино. Магадгүй хүчирхийлийг хэвийн үзэгдэл гэж ойлгоно. Хэрвээ аав ээж нь гэртээ дандаа уурлаж уцаарлаад, хэн нэгнийг муулаад байвал тэр бяцхан зүрх амьдралыг муугаар тѳсѳѳлж, хүмүүсээс айж ширвээтдэг болно. Тэгэхээр бид хэн нэгэнд гэнэт дурлаад гэр бүл болж, яаран сандран хүүхэдтэй болох нь тийм ч зѳв шийдэл биш байх.
1. Бид гэр бүл болоод эдийн засгийн хувьд хэнээс ч хараат бус амьдарч чадах уу?
2. Хэрвээ хүүхэдтэй болбол бид тэр хүүхдийг эрүүл саруул, бас сайхан орчинд ѳсгѳж чадах уу?
3. Бид ѳѳр хоорондоо сайн ойлголцож, аль болох хэрүүл маргааныг эвээр шийдэж чадах уу?
Энэ асуултуудыг ѳѳрсдѳѳсѳѳ асууж, бас хариулах гээд оролдоорой. Секс хийгээд хүүхэдтэй болох амархан ч, ѳѳрсѳд дээр тань сахиусан тэнгэр болж ирж буй бяцхан зүрхийг аз жаргалтай байлгах нь тийм ч амархан биш гэдэгт хамаг шалтгаан байгаа юм. Та ѳнѳѳдѳр тэр бяцхан зүрхэнд яаж хандана, хожим таныг хѳгширѳхѳд тэд яг л тэгж хандана гэдэг нь амьдралын бодит үнэн.
ЭЦЭГ ЭХ
Саяхан нэг оюутан охин ѳѳр нэг охины толгой дээр халуун кофе асгаснаас болж нийгэм даяар эгдүүцэв. Монголын ѳнѳѳгийн нийгэмд баян ядуугийн ялгаа гаарч, энэ ялгаа нь хүүхдүүд залуус бие биенээ ялгаварлан гадуурхах байдлаар илэрч буйн нэгэн жишээ. Тэр охины гэр бүл дэх харилцаа нь ѳѳрийгѳѳ ихэд дѳвийлгэн, хууль бус ямар ч үйлдэл хийсэн аргалаад гарч болно гэдэгт бардамналд хүргэсэн хэрэг. Бид ил ярьж зүрхлэхгүй байгаа болохоос ялгаварлан гадуурхалт бүх шатны сургууль дээр ѳрнѳж байгаа. Солонгос киноны нѳлѳѳгѳѳр охидууд бие биенээ зодож дарамтлан, хѳвгүүд нь уйлж унждаг болсныг анзаарч болно.
1. Та хүүхдээ бусдаас ялгарч илүү тансаг хэрэглээтэй байлгахыг хүсч байгаа юу?
2. Ta хүүхдийнхээ дэргэд ѳѳрсдийн баян байдлыг сайрхан ярьж, хэн нэгнийг залилсан тухайгаа, бас аргалсан талаараа ярьдаг уу?
3. Бусдаас баян байх нь давуу байдал, их мѳнгѳ амьдралд тохиолдож болох бүх эрсдлийг шийдэх боломж гэж хүүхэддээ ойлгуулдаг уу?
Үгүй яахав дээ, ѳнѳѳдѳр бүх зүйл сайхан байгаа мэт боловч энэ нь ирээдүйд муу үзэгдлийг танд авчирдаг. Зѳвхѳн мѳнгѳѳр шийдэж болохгүй маш олон үнэт зүйлс энэ амьдралд байдаг гэдгийг хүүхэддээ ойлгуулж чадаагүй бол хожим нь та ч тэдний хувьд хүн биш мѳнгѳ болж үнэлэгдэнэ. Яг үнэндээ хүүхдүүдийн буруу үйлдэлд багш сургуулийг буруутгадаг атал ѳдрийн 24 цагийн 16 цагийг эцэг эхийн хяналтад ѳнгѳрѳѳдѳг гэдгийг бид тооцдоггүй. Нѳгѳѳ талдаа нийгмийн харилцаанд эцэг эхчүүд үүрэг гүйцэтгэдэг юм шүү дээ.
СУРГУУЛЬ БАГШ
Бяцхан шавийнхаа гар руу цохисоны тѳлѳѳ бага ангийн багш бүсгүй нийгэмд үзэн ядагдав. Тэр багшийг ажлаас нь халуулж байж олон хүний санаа амрав. Социализмын үед багш нь сурагчаа зодож байсны муу гэж байсангүй хэмээн зарим нь эгдүүцлээ. Цаг үе ѳѳрчлѳгдсѳн. Одоо бол сурагчаа зодож дарамтлах юм бол урдаас нь лайв хийгээд сошиалд тавьчихдаг болсон цаг үе. Яг үнэндээ багш нар сурагчидаа аргадаж, эцэг эхэд нь зусардаж ажилладаг болсон. Багш сургуулийг муулаад шүүмжлээд байх нь дийлэнх болохоос тэдний ажиллах нѳхцѳл боломжийн талаар хэн ч анхаардаггүй. Сайд дарга нар нь олон нийтэд таалагдахыг хичээхээс бус асуудлыг углуургаар нь ѳѳрчлѳх талаар бодож зүрхлэхгүй байгаа.
1. ЕБС-ыг тѳгсѳгчид сурлагын чанараар нь жагсаахад МУИС, ШУТИС, СЭЗДС гэх мэтчилэнгийн дараа багшийн мэргэжлийг сонгож байна
2. ЕБС-ын багш нар нэг ангид чихэлдэж буй 50-60 сурагчдад хичээл зааж байна. Тэр тусмаа бага ангийн багш нар хамгийн хүнд ачааллыг тэсдэг
3. Ийм нѳхцѳлд багш нар ѳѳрсдѳѳ сурагчиддаа гологдоод эхэллээ. Сошиалд нүүрномын хэмжээнд ашигладаг багш нараас дуртай мэдээллээ хайлт хийгээд олчихдог сурагчид илүү болоод байна
Монгол улсын ирээдүйн иргэд болох хүүхдүүдийг зѳв хүн болгон тѳлѳвшүүлэх үүрэгтэй боловсролын салбрын шинэчлэлийг энэ цаг үедээ таацуулж хийх цаг нь болсон. Тѳр, сургууль нь багш нараа хайрлаж ѳмѳѳрѳхгүй юм бол тэднийг хэн ч ѳмѳѳрѳхгүй болох нээ. Тэгээд бидний үр хүүхдүүдийг хэн сургаж тѳлѳвшүүлэх юм бол? Энэ бол эцэг эхчүүдэд хамаатай асуудал. Хүүхэд тань ямар орчинд сурч байгаа, хэн сургаж байгаа, сургуулийн орчинд хүүхдүүд адил тэгш эрхтэй байх боломж ямар байгаа зэрэг асуудлууд хүн бүхэнд хамаатай. Яагаад гэвэл, энэ хүүхдүүд биднээс хойш ч энэ нийгэмд хамтдаа аж тѳрѳн, хамтдаа ажиллах болно.
…Бид хүүхдүүддээ хайртай мѳртлѳѳ олон асуудлуудаас санаатай болон санамсаргүй байдлаар зугатаад байна. Яг үнэндээ Монгол улсын хѳгжил дэвшил та бидний хүүхдүүдээс шалтгаална. Та бидний хийж зүйцэтгэж амжаагүй бүхнийг тэд хийж гүйцээнэ. Бас та бидний хулчгар, арчаагүй байдлаасаа шалтгаалан гаргасан алдаа бүхнийг тэд залруулах болно. Буруу ѳсгѳсѳн таны хүүхэд хожим нь таныг зовоогоод зогсохгүй олон олон хүнийг залхаан зовоох болно. Таны хүүхдүүд ѳдѳр бүхэн таны хэлж буй үг, хийж буй үйлдэл бүхнийг шууд дуурайдаг болохоор та ч бас ѳѳрчлѳгдѳн зѳв тѳлѳвших шаардлагатай болно. За тэгээд зовлон их байгаа боловч ѳѳрсдийн хэмжээнд ѳѳрчилж болох асуудлууд байгаа. Тэр нь та сайн эцэг эх байхаас эхэлнэ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.