
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ирэх лхагва гарагт Украин улсын тусгаар тогтносны 31 жилийн ой баяр тохиож буйтай холбоотойгоор украинчуудыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.
Тэрээр ирэх лхагва гарагт болох ойн баяртай холбоотойгоор Москва иргэдийг "уйтгар гуниг, айдас хүйдэст автуулах"-ыг оролдоно, харин украинчууд үүнийг зөвшөөрөх ёсгүй гэдгийг онцолжээ. В. Зеленский, "Ирэх долоо хоногт ОХУ ямар нэг хэрцгий, харгис зүйл хийхийг оролдоно гэдэгт бид бүхэн бэлтгэлтэй байх хэрэгтэй." хэмээн мэдэгджээ.
Украины хоёр дахь том болох Харьковт ирэх лхагва гарагт бүтэн өдөржин хөл хорио тогтоох талаар Харьков мужийн амбан захирагч Олег Синегуб мэдэгджээ. Харьков хот нь ОХУ Украин руу довтолсноос хойш Оросын зэвсэгт хүчний цохилтонд тогтмол өртөж байгаа билээ. Олег Синегуб өөрийн телеграм хуудсандаа ирэх лхагва гарагт иргэдийг, "Гэр гэртээ байж, анхаарал болгоомжтой байгаарай!" хэмээн бичжээ.
Өнгөрсөн бямба гарагт Запорожье АЦС-ын ойролцоох ОХУ-ын зэвсэгт хүчний цохилтын улмаас 14 хүн шархдсан байна. Өмнөд Украины АЦС-ын ойролцоох Вознесенк хот болон Запорожье АЦС-ын орчимд бөмбөгдөлт үргэлжилсээр байгаа нь цөмийн осол гарах эрсдлийг бий болгож байна хэмээн Украины тал анхааруулсаар байна.
Сүүлийн хэдэн өдрүүдэд Крымд болсон халдлагуудын заримыг нь Украины тал өөрсдийн шинэ зэвсгээрээ үйлдсэн хэмээн ажиглагчид үзэж байна. Украины тал одоогийн байдлаар Крымд халдлага зохион байгуулсан эсэх талаар мэдэгдэл хийгээгүй байгаа юм.
Нөгөө талаас Украины Ерөнхийлөгч В. Зеленский оросууд Крымийн хойгийг эзэлсэн нь түр зуурын явдал, украинчууд удахгүй Крымийн хойгийг буцаан авна хэмээн мэдэгдээд байгаа юм. Хамгийн сүүлд л гэхэд Севастополь хотод ОХУ-ын Хар тэнгисийн флот дроны халдлагад өртсөн байна.
Севастополь хотын дарга Михаил Развожаевын мэдээлснээр ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн дроныг даруй устгаж чадсан ба флотод ямар нэг ноцтой хохирол учраагүй аж.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn