Уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаална

Twitter Print
2014 оны 09-р сар 25-нд 15:44 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаална

2013 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 67.3 хувь, экспортын 81 хувийг уул уурхайн салбар бүрдүүлжээ. Уул уурхайгаас улсын эдийн засагт оруулах хувь нэмэр өсч, ажлын байр нэмэгдэхийн хэрээр энэ салбар дахь хөдөлмөр эрхлэлтийг хариуцлагажуулсан зохицуулалт шаардагдаж байна.

Олон улсад уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн доод хэм хэмжээг тогтоож өгдөг бодлогын суурь баримт бичиг болох "Уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" 176 дугаар конвенцид Монгол Улс нэгдэн орох талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд хуулийн төслийн үзэл баримтлалыг баталлаа.

Конвенцийг Олон улсын хөдөлмөрийн 82 дугаар бага хурлаар баталж, 1998 онд хүчин төгөлдөр болжээ. Конвенцид нэгдсэн орнуудын төр, ажил олгогч, ажилчдын үүрэг хариуцлагыг тодорхой зааж, уул уурхайтай холбоотой осол гэмтлийг мэдээлэх, шалтгааныг илрүүлэх, тайлагнах үүрэг хүлээлгэдэг.

Манай орны хувьд, уул уурхайн салбарын ажиллагсад үйлдвэрлэлийн осолд хамгийн их өртсөн болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн судалгаа харуулжээ. Сүүлийн 6 жилд уул уурхайн үйлдвэрлэлийн осолд 510 хүн өртсөний гуравны нэг нь нас барж, 49 хүн тахир дутуу болжээ. Энэ салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулснаар тэнд ажиллагсдын төдийгүй нийт иргэдийн аюулгүй амьдрах эрхийг хамгаална гэж Засгийн газар үзлээ.

Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно

Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай хэлэлцээд, тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмших "Эрдэнэс-Гацуурт" хамтарсан компани байгуулж, уг компанид төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиар тогтоох саналыг Засгийн газраас УИХ-д оруулж байна. Гацууртын ордыг ашиглах "Эрдэнэс-Гацуурт" ХХК-ийн өөрийн хөрөнгө дэх төрийн эзэмшлийн 20 хувьд ногдох 20 мянган ам.долларын санхүүжилтийг хуулийн дагуу "Эрдэнэс МГЛ" ХХК-аас гаргуулах юм.

"Эрдэнэс-Гацуурт" ХХК нь холбогдох хуульд заасны дагуу төрийн оролцоотой үйл ажиллагаа явуулах зохион байгуулалтад шилжих, энэ ордыг ашиглах хугацаанд уг төслийн санхүүжилт болон бусад зардлыг хувь нийлүүлэгчдэд ачаалалгүйгээр шийдэх үүрэг хүлээнэ. Харин Засгийн газраас орд ашиглахад шаардагдах санхүүжилт босгоход дэмжпэг үзүүлж ажиллана.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт алтны үндсэн орд нь оршдог Гацууртын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь "Сентерра гоулд Монголиа" ХХК юм. Энэ ордод 1970-1991 онд шороон ордын судалгаа хийгдэж, 1992 онд алтны шороон ордын олборлолтыг эхлүүлсэн. Шороон ордын олборлолтын явцад 1997 онд алтны үндсэн судлыг олж тогтоосноор 2002-2003 онд хайгуулын ажлыг эрчимжүүлж, 2004 онд нэмэлт хайгуул хийжээ. Ордын нөөцийг Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд 2005 онд бүртгэж, 2008 онд ТЭЗҮ-ийг хүлээж авч байв.

Гацууртын орд 27,6 сая тонн хүдэр, 75,9 мянган кг алтны нөөцтэй. Монгол орны алтны металлогены мужлалаар энэ орд Хойт Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд бөгөөд алтны өндөр агуулга бүхий хүдэртэй юм.

Эцэх эх, асран хамгаалагчдыг зөв дадалд сургах хэрэгтэй байна гэв

Бага насны хүүхдийн эндэгдлийг бууруулахад нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх тухай Эрүүл мэндийн сайд Н.Удвал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан салбарын бодлогодоо нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг тусгаж ажиллахыг холбогдох яамдын сайд нарт даалгалаа. Түүнчлэн, Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс саяхан баталсан "Хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх үндэсний стратеги (2014-2016)"-д тусгагдсан чиг үүргийнхээ дагуу тодорхой ажлууд хэрэгжүүлэхийг яам, агентлаг, нийслэл, нутгийн захиргааны байгууллагуудад үүрэг болголоо.

Төрөөс явуулсан бодлогын үр дүнд 2000 оноос хойш 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл тогтвортой буурсан ч Говь-Алтай, Өмнөговь, Ховд, Увс, Сүхбаатар, Баян-Өлгий, Баянхонгор, Өмнөговь, Увс аймгуудад улсын дунджаас өндөр байна. Нийслэлд 160 мянган өрх тус бүр жилд 5 тонн нүүрс түлж, 60 хувь нь гэртээ тамхи татдаг бол хөдөөгийн өрхийн дөнгөж 17% нь ундны цэвэр усны эх үүсвэртэй байгаа нь хүүхдийн өвчлөлийн анхдагч шалтгаан болж байна. Хүүхдийн эндэгдлийн зонхилох шалтгааны 2-рт ахуйн осол, золгүй тохиолдол орж, гэмтэж бэртсэн 5 хүүхэд тутмын нэг нь эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барж байна.

Энэ мэтчилэн судалгаа, дүнгээс харахад ахуйн зөв дадал зуршил болон нийгмийн хариуцлагаас хүүхдийн эрүүл мэнд, эндэгдлийн түвшин хамаарах хандлага байгаа тул хүүхдийг асран хамгаалах чиглэлээр ухуулга, мэдээллийн ажлыг өргөжүүлэх шаардлагатай юм. Ерөнхий сайдаар ахлуулсан Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс саяхан баталсан "Хүүхдийн осол гэмтлээс сэргийлэх үндэсний стратеги” бодлогын баримт бичигт энэ чиглэлээр ажил хэрэгжүүлэх салбар дундын хамтын ажиллагааг зохицуулж өгсөн юм.

Засгийн газар 2014 оны эхний 9 сард 49 удаа хуралджээ

Засгийн газрын хуралдааны 2014 оны эхний 9 сарын нэгдсэн мэдээллийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар 2014 онд хэлэлцүшүлж шийдвэрлүүлэх асуудлын биелэлтэд хяналт тавьж, эрчимжүүлж ажиллахыг сайд нарт даалгалаа.

Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох Засгийн газрын ээлжит хуралдааныг 2014 оны эхний 9 сард 38 удаа, ээлжит бус хуралдааныг 11 удаа, нийт 49 удаа хийж, нийтдээ 144 цаг 06 минут үргэлжилсэн байна.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Засгийн газрын тогтоол 310, Ерөнхий сайдын захирамж 117-г албажуулж, 104 асуудлыг УИХ-д өргөн мэдүүлж, 7 асуудлыг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр, 15 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар тус тус шийдвэрлэжээ.

 Товч мэдээ:

- Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн төслийн талаар дэлгэрэнгүй хэлэлцлээ.

- Хууль зүйн дэд сайдаар Ц.Уугангэрэлийг томиллоо. Тэрбээр ЗХУ-ын Дотоод явдлын яамны академийг хуульч мэргэжлээр төгсч, цагдаа, тагнуулын байгууллагад удирдах алба хашиж ирсэн туршлагатай. Хамгийн сүүлд Гаалийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.