Уйгаруудын талаар үзэл бодлоо илэрхийлсэнтэй холбоотойгоор Арсенал клубын тоглолтыг нэвтрүүлэхээс татгалзжээ

Twitter Print
2019 оны 12-р сар 17-нд 12:35 цагт
Мэдээний зураг,

Английн Арсенал багийн хагас хамгаалагч Месут Озил өөрийн нийгмийн сүлжээнд уйгаруудыг "Хятадын эрх баригчдын хавчлагыг сөрөн зогсч буй баатрууд" хэмээн тодорхойлж, Хятадын эрх баригчдыг шүүмжилсэн агуулга бүхий пост нийтэлсэн нь хятадуудын бухимдлыг төрүүлжээ.

Үүнтэй холбоотойгоор Хятадын төрийн өмчит CCTV суваг өнгөрсөн ням гарагт Английн премьер лигийн Арсенал-Манчестер Сити багийн тоглолтыг дамжуулах хуваарьтай байснаа цуцалж оронд нь өөр багуудын тоглолтыг нэвтрүүлэхээр болжээ. Арсенал клубын зүгээс тус клуб нь "улс төрөөс ангид байсаар ирсэн" гэдгээ мэдэгдсэн бол Хятадын Глобал Таймс сонин Месут Озилийн бичсэн зүйл нь "худал хуурмаг" байгаад зогсохгүй салбарын удирдлагуудын "урмыг хугалсан" явдал байлаа хэмээн онцолжээ.

Түүнээс гадна Хятадын Хөлбөмбөгийн холбоо Месут Озилийн бичсэн зүйлийг "байж боломгүй" хэмээн тодорхойлж, бичсэн зүйл нь Хятадын шүтэн бишрэгчдийнх нь "сэтгэлийг гонсойлгосон" гэжээ. Лалын шашинтай уйгаруудыг хавчин дарамталдаг хэмээн олон улсын зүгээс Хятадын эрх баригчдыг буруутгаж байгаа ч Хятадын эрх баригчид үүнийг няцаасаар байгаа билээ. Хүний эрхийг хамгаалах байгууллагуудын мэдээлж байгаагаар Хятадын эрх баригчид Шиньжаан мужид 1 сая орчим уйгаруудыг ямар нэгэн шүүхийн шийдвэргүйгээр өндөр хамгаалалт бүхий засан хүмүүжүүлэх төвүүдэд хорьж байгаа аж.

Ozil's social media post on China's Uighurs 'entirely personal opinion', say Arsenal зурган илэрцүүд

Өнгөрсөн 10-р сард АНУ-ын Сагсан бөмбөгийн холбооны Хьюстон Рокетс багийн менежер өөрийн твиттер хуудаснаа Хонгконгийн иргэний хөдөлгөөнийхнийг дэмжсэн утга бүхий зүйл бичсэнээс болж АНУ-ын сагсан бөмбөгийн холбоо Хятадын томоохон спонсоруудаа алдаж, санхүүгийн алдагдалд орсон билээ. 

Эх сурвалж: France24

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.