Шинээр барьж, байгуулагдаж буй 95 барилгыг дулаанаар хангана

Twitter Print
2014 оны 09-р сар 25-нд 08:58 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр /2014.09.24/ “Амгалангийн дулааны станц”, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК, “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-иудад ажиллаж эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

УИХ-ын дарга эхлээд “Амгалангийн дулааны станц”-ын барилга угсралтын ажилтай танилцсан бөгөөд энэхүү станц ашиглалтад орсноор Баянзүрх дүүргийн 20 гаруй мянган айл өрхийн дулаан хангамжийг шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм. Төслийн ажил өнгөрсөн оны наймдугаар сарын 23-нд эхэлсэн ч газар чөлөөлөлтөөс шалтгаалан хугацаа алдсан байна. “Амгалангийн дулааны станц”-ын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийг импортлоход Гаалийн албан татвараас чөлөөлөх хууль батлагдаж 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн нь ихээхэн үр дүнгээ өгчээ.  Тус станцын эхний хэсгийг энэ ондоо багтаан хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар ажлын явц 75 хувьтай байгаа талаар албаны хүмүүс мэдээлэв.

Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн 50 мВт-ийн өргөтгөлийн төслөөр хийгдсэн ТГ-9, станцын шинээр баригдсан ус хөргөх цамхагтай танилцлаа.

Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал 50 мВт-аар нэмэгдсэнээр Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн найдвартай ажиллагаа дээшилж Хан–Уул, Баянзүрх дүүрэгт шинээр барьж байгуулагдаж буй 95 барилгыг дулаанаар хангах боломж бүрдэж байгаа юм.

Харин “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК дээр цахилгааны 123 мВт өргөтгөл хийгдсэн бөгөөд станцын сүлжээний утасны болон эргэлтийн усны шугамын шинэчлэлийн ажилтай танилцлаа.

УИХ-ын дарга З.Энхболд эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтын ажлыг дүгнэж хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын зүүн талыг дулаанаар хангах энэхүү бүтээн байгуулалтын ажил цаг хугацаандаа дуусч  тун удахгүй үйл ажиллагаагаа эхэлнэ гэдэгт найдаж байна. “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК байгуулагдсан цагаас хойш ийм томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй. Социализмийн үед станцууд 800мВт-тай ажиллаад болдог байсан бол эдийн засаг хөгжихийн хэрээр жилдээ 60 мВт-аар хэрэгцээ нэмэгдэж байна. Тиймээс хуучин станцууддаа шинэчлэлт хийх зорилго тавин ажиллаж байгаа юм. Чойбалсан, Дархан, “Дулааны цахилгаан станц-3”, Эрдэнэт гэх мэт дарааллаар шинэчлэлийн ажил хийгдэнэ. Шинэ станц баривал ихээхэн цаг хугацаа шаардлагатай учраас жил тутам нэмэгдэж буй хэрэгцээг хуучин станцуудаа өргөтгөх замаар шийдвэрлэх нь хамгийн оновчтой стратеги юм. Энэ стратеги зөв алхам болсон гэдэг нь “Дулааны цахилгаан станц-3”-ийн өргөтгөл 6 дугаар сарын 13 ний өдөр ажиллаж эхэлснээр харуулж байна. Амгалангийн дулааны станц мөн ашиглалтад орох хугацаанаасаа нэг сарын өмнө буюу 11 дүгээр сарын 15-нд орж Улаанбаатар хотын зүүн хэсгийг дулаанаар хангах гэж байгаад баяртай байна. Ирэх 10 дугаар сард БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын үеэр урд хөрш улстай цахилгаан эрчим хүчний ерөнхий гэрээ байгуулан манай улсад үйлдвэрлэгдсэн цахилгааныг борлуулах талаар хоёр тал хэлэлцээ хийнэ.” гэлээ.

УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил, УИХ-ын гишүүн Д.Арвин, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо нар болон албаны бусад хүмүүс ажиллав.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.