Та хүүхэддээ ном уншиж өгөх зайлшгүй 9 шалтгаан

2017 оны 04-р сар 14-нд 12:05 цагт
Мэдээний зураг,

Та хүүхдээ ном үзэхэд арай балчирдана гэж бодож байна уу? Харин ч эсрэгээрээ, ном үзэж эхлэхэд эртдэнэ гэж байдаггүй гэдгийг эрдэмтэд баталсаар байна. Хүүхэд аавынхаа эсвэл ээжийнхээ өвөр дээр нь суугаад хамтдаа номын зураг үзэн өөрсдөд нь хандсан яриаг сонсож байхдаа тэднийхээ хайр, итгэлийг мэдэрч зөв харилцаанд суралцахын зэрэгцээ олон чухал чадваруудыг эзэмшиж чаддаг байна.

Бид ээж аавууддаа зориулан хүүхдийн оюун ухаан, сэтгэхүйн хөгжлийн үе шатуудын онцлог, хамтдаа ном үзэж, харилцан ярилцаж хэвших нь ямар чухал ач холбогдолтой болох, ингэж хэвшихийн тулд юуг анхаарах хэрэгтэй талаар энэхүү зөвлөмжийг бэлтгэлээ. Зураг болон үгийн шидэт ертөнцөөр хамтдаа аялж, олон сайхан мөчийг хамтдаа өнгөрүүлэхийг таны гэр бүлд хүсье.

1. Хүүхэдтэйгээ тухлан суугаад хамтдаа ном үзэх энэ хэсэгхэн цаг халуун дулаан харилцааг үүсгэн, эерэг зан төлвийг таны хүүхдэд төлөвшүүлж байдаг.

Хүүхэд зөвхөн өөрт нь зориулж цаг зав гарган сонирхолтой зүйлс хамтдаа үзэж байгааг анзаарч бусдаар хүлээн зөвшөөрөгдсөн бие хүн гэдгээ ухамсарлан өөртөө итгэх итгэл нь нэмэгддэг байна. Номын үйл явдлаас хөндлөнгийн хүмүүсийн тухай сонсож, нийгмийн доторх хүмүүсийн олон янзын харилцааг таньж мэдэн, бусдын хүсэл сонирхолыг хүлээн зөвшөөрч сурдаг. Мөн өөрийнхөө сэтгэлийг бусдад зөв илэрхийлж сурдаг.

2. Хэл ярианы хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Хүний хөгжлийн хамгийн хурдацтай үе нь эхний гурван жил байдаг бөгөөд үүний нэг чухал хэсэг нь хэл ярианы хөгжил юм. Зурагт ном үзэж, сонсож, ярилцах явцад өгүүлбэр бүрээс, зураг бүрээс хүүхэд үгийн сангаа баяжуулж байдаг. Ном уншиж өгснөөр хүүхэд үгийн баялагтай болоод зогсохгүй дүрмийн дагуу хэл ярианы зөв хэрэглээг эзэмшиж эхэлдэг юм шүү.

3. Анхаарал төвлөрөлт сайжирна.

Ном уншихыг сонсох явцдаа зураг ажиглаж, харилцан ярих нь анхаарал төвлөрөлтийг сайжруулах хамгийн шилдэг дасгалуудын нэг юм. Тэвчээргүй, хөдөлгөөн ихтэй хүүхдэд тайван сууж анхаарлаа төвлөрүүлж сурахад тус болдог. Ялангуяа үйл явдлаас ургуулан зураг зурах, баримлаар гол баатруудын дүрсийг урлан хийх зэрэг нь хүүхдүүдэд сайн дасгал болж өгнө!

4. Ой тогтоолтын дасгал болно.

Хүүхэд өөрийнхөө дуртай номыг олон дахин уншуулсаар үйл явдлыг нь цээжилж тогтоосон байдаг. Энэ нь сонсголын болон харааны ой тогтоолтод давхар суралцаж байна гэсэн үг. Тиймээс хүүхэд нэг л сэдвийг дахин дахин уншуулахыг хүсч байвал битгий төвөгшөөгөөрэй. Хүүхэд нэг номыг 3-6 сарын турш дахин дахин үзэх нь ердийн хугацаа юм шүү.

5. Сэтгэхүйн үйлдлүүдийн дасгал болно.

Номын үйл явдлыг хүүхэд тархиндаа зураглан төсөөлөхөөс гадна улам ургуулан баяжуулж, хийсвэрлэн сэтгэдэг бөгөөд энэ байдлыг нь томчууд хөхүүлэн дэмжих хэрэгтэй. Мөн сэтгэхүйн үйлдлүүд болох нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, мэдээллээс чухал хэсгийг нь сонгон ашиглах чадвар, логик сэтгэлгээ зэрэг нь ном их уншдаг хүмүүст илүү хөгжсөн байдгийг судлаачид тогтоожээ.

6. Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг.

Хүүхдэдээ ном уншиж өгөхдөө асуусан асуултыг нь дэмжин, бүрэн гүйцэд хариулт өгч, өөрөөр нь тэр түүх ямар байдлаар үргэлжлэхийг төсөөлүүлэх, уншиж дууссаныхаа дараа хамт ярилцах, хүүхдэд зориулсан нэвтэрхий толиос тухайн сэдвийг лавшруулан унших эсвэл зураг зурах гэх мэтээр идэвхийг нь улам бадрааж өдөөж өгвөл ирээдүйд бүтээлч санаачлагатай хүн болж төлөвшихөд нөлөөлдөг.

7. Хүүхдэд асуудал шийдвэрлэх арга зам болно.

Хүүхдүүдэд элбэг тохиолддог төвөгтэй асуудлуудыг тусган, түүнийг шийдвэрлэсэн агуулгатай ном нь эцэг эхчүүдэд дотны туслагч болдог. Жишээлбэл: хүүхэд хоёр нас хүрэхийн алдад бүхий л зүйлийг сониучирхаж, бас хамтын амьдралын холбоо харилцааг анзаарч, мэдэрч эхэлдэг. Гэхдээ үүнийг өөрийн хүсэлтэй зохицуулж хараахан сураагүйгээс зөрүүд зан гаргадаг. Энэ насны хүүхдэд буруу, зөвийг тайлбарлаж ойлгуулах нь томчуулд амаргүй байдаг. Харин ойлгуулах гэж буй зүйлтэй холбоотой сэдвийн ном, зураг байвал хүүхэд уг асуудлыг тэнд хэрхэн шийдсэнийг аяндаа ойлгож, зүгээр тайлбарлаж хэлснээс илүү үр дүнтэй байдаг.

8. Хүүхдийг тайвшруулах нойрсуулах нөхцөл бүрдүүлнэ.

Хүүхдүүд үдэш унтахаар орондоо орохдоо тийм ч дуртай байдаггүй. Тэд ядарснаа анзаардаггүй тул шууд унтахыг хүсдэггүй. Энэ үед тэднийг аажмаар тайвшран унтахад тохирсон ном уншиж өгөх нь гайхалтай үр дүн өгдөг. Оройн хоол идсэний дараа хэсэг хугацаанд тоглох, дараа нь юмаа эмхэлж цэгцлээд шүдээ угааж, орондоо орж хамтдаа ном үзэн үлгэр түүх ярих гэсэн дараалалтай байж болно. Энэ нь бусад оронд аль хэдийнээ шүд угаахтай адил өдөр тутмын хэвшил болсон байдаг. Үдэш хүүхдүүддээ үлгэр домог ярьж өгдөг байсан ардынхаа уламжлалыг сэргээн шинэчилж та ч бас хүүхдийг тайвшруулан унтуулах энэ гайхалтай аргыг амьдралдаа хэрэгжүүлээрэй. Хэдийгээр хүүхэд тань сургуульд орж өөрөө уншиж чаддаг болсон ч хааяа дуртай зохиолыг нь уншиж өгч байгаарай. Тэдэнд нэг ёсны амралт болдог юм шүү.

9. Гоо сайхны мэдрэмжийг хөгжүүлдэг.

Эцэст нь хэлэхэд хүүхдэд зориулсан зурагт ном бол төрөл төрлийн мэргэжлийн хүмүүсийн хамтран бүтээсэн урлагийн цогц бүтээл болдгоороо онцлог юм. Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан мэргэжлийн хүмүүсийн бүтээсэн номын үйл явдал, зураг, хэлбэр дүрс, материал зэрэг нь хүүхдийн анхаарал сонирхлыг татаж тэдний гоо сайхны мэдрэмж хөгжихөд багагүй нөлөө үзүүлдэг байна.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.