Завхан аймгийн 9 гайхамшиг

Twitter Print
2023 оны 07-р сар 18-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

Манай улсад аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ Монгол Улсын онгон байгаль, нүүдлийн соёл иргэншил, эзэн Чингис хааны түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнт газрыг үзэхээр манай улсыг зорин ирдэг жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна.

Монголын байгалийн гайхамшиг бүрдсэн, цогц үзэсгэлэнт газруудыг www.mongolcom.mn сайт эрхэм уншигч танд цуврал болгон хүргэхээр бэлтгэлээ. Монгол хүн болж төрсөн хүмүүн та Монгол орноо бүтэн тойрч, аялахыг мөрөөддөг л байлгүй. Зөвхөн зурган дээрээс хараад дараа нь харамсах бус өөрийн нүдээр очиж үзээсэй гэж та бүхэндээ Монгол орны заавал очиж үзэх байгалийн дурсгалт газруудыг нэрлэж байна.

Цуврал 9: Завхан аймгийн 9 гайхамшиг

1. Отгонтэнгэр хайрхан

Монголчууд энэ хайрханаа эртнээс тахиж шүтэж ирсэн ба анх 6-8р зуунд Түргүүд тахидаг байжээ. Түүнээс хойш 1779 онд сэргээн тахиж байгаад мартагдан 1911онд Богд хаан жил бүр ламын шашины ёсоор тахиж байж байгаад мөн мартагдан 1995 онд төрийн тахилгатай болж 4 жилд нэг удаа тахидаг уламжлал тогтсон байна. 

Энэ хайрхан нь эргэн тойрон битүү ой хөвч, ширүүн урсгалт, нуураар элбэг ойр орчмын уулсууд байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд, ан амьтан биосфер, экосистемийн бүрдэл маш сайн бүрдсэн, ховор ургамал амьтан элбэг, олонд алдаршсан рашаан сувилал, хойд талаас нь эх авч урсах Богдын голын баруун эрэгт байдаг. Завхан аймгийн Отгон, Цагаан хайрхан, Алдархаан, сумдын нутгийн заагт оршдог Аймгийн төвөөс Отгоны амралт хүртэл 78 км, Отгон сумаас Хайрханы өвөр Бадархундаг нуур хүртэл 65 км байдаг байна.

Хангайн нурууны Ноён оргил Отгонтэнгэр уулыг “Богд Очирваань” хайрхан хэмээн хүндэтгэн нэрлэдэг. Отгонтэнгэр уулыг онгоцоор нар зөв тойрч харахад яг л жанчаа нөмрөөд заларч суугаа Очирваань бурхны дүр харагдаж байдаг ажээ. 

Газар зүйн судалгаанаас үзвэл Отгонтэнгэр уулыг Дундад Азийн хамгийн отгон галт уул гэж үздэг. Очирваанийг тойрсон 8 цэнгэг нуур буй. Эдгээр нуурууд нь найман бэлгэдэл ажээ. Отгонтэнгэр хайрханы зүүн бэлд баруун өмнө зүг чиглэн аварга том яст мэлхийн хэлбэр бүхий харлаг хад бий. Түүнийг мэлхий хад гэдэг бөгөөд Очирваань хайрханыг хамгаалан оршдог гэсэн домог буй. Отгонтэнгэр хайрханы баруун урд байх Бадархундага уулын орчимд хадан халивтай, хадан тогооноос шавхаад шавхаад дундардаггүй, дүүрээд бас хальдаггүй “Мөнхийн ус” хэмээх рашаан мэлтэлзэнэ. Энэ уснаас уухад ходоодны хүчил нь ихэдсэн хүн илааршина. Мөн “мэндэр” гэж нэрлэдэг улаан чулууг шавар болгон нухаад түлэнхийд түрхэхэд төдөлгүй эдгэрдэг. Отгонтэнгэр хайрхан түүний ойролцоох уулсыг оролцуулан 955 хавтгай дөрвөлжин талбай бүхий газрыг 1992 онд төрийн хамгаалалттай дархан цаазат газар болгожээ. 

Отгонтэнгэр уулын ноён оргил далайн төвшнөөс дээш 4021 метр өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 метрээс дээш өндөрт мөнх цастай билээ. Очирвааний оргилд ил байдаг уулсууд бүгдэд нь хормой, энгэргүй бүрхэж таван зүйлийн өнгө үнэр сүлэлдсэн арц ургадаг. Тэр дундаа хонин арц нь бүүр ч үнэр тансаг ажгуу. Арцыг гишгэх, мөчрийг нь гэмтээхийг эрс цээрлэнэ. Арцыг авахдаа ном ёсоор нь Очирвааний зүрхэн тарни хэлж хормой дэвсэн сөхөрч суугаад алга хавсран мөргөн гуйж авдаг уламжлалтай. Вансэмбэрүү хэмээх гайхамшигт ихэр цэцэг царам асга бараадан найман сарын дундуур дэлгэрэн ургана. Тэр бүр эрсэн хүнд олдохгүй. Үзэгдэх хүндээ 20, 30-аараа үзэгдэнэ гэж ярьдаг.

Даян хайрхан: Отгон тэнгэрийн баруун талд харуул мэт сүндэрлэх Их даян, Бага даян гэсэн 2500м өндөртэй 2 сүрлэг хайрхан бий. Даянгийн 2 талд хөх, цагаан гэсэн 2 нуур байх ба энэ ууланд Отгонтэнгэрийн бүсийн ховор ургамал болох вансэмбэрүү, хонин арц, алтан гагнуур, жамянмядаг зэрэг эмийн бусад ховор ургамалтай. Орой дээрээ хэсэг хавтгай газартай ба голд нь тайхар чулуу байдаг. Уулын дээрээс тэртээд харагдах Алтайн хөх уул, Монгол элс зэрэг ойр орчмын өндөр хайрхан уулсууд алган дээр тавьсан мэт үзэсгэлэнтэй харагдах нь эртнээс нааш нутгийн ард түмэн Даян хайрхан дээрээс дэлхий харагдана гэж ярьцгаадаг байсан байна.

Цагаан нуур: Даян хайрханы баруун бэлд хөх нуураас холгүй 2230 м өндөрт оршдог, Морены хурдсанд хөөгдөж тогтсон Цэнгэг устай 3.1 км.кв талбайтай, 3.6км урт, 1.6км өргөн гүн нь 28м, Их бага даян хайрханд тулж хошуу хойг булан тохой үүсгэх тул эргийн хэрчигдэл ихтэй, урт нь 12км , өмнөөс нь нуурын хоолой хэмээх гол хэдэн булгйин хамт цутгадаг.

Ногоон нуур: Овоот уулын бэл. Тусгалтын ар бэлээр урссан Идэр голын зүүн талд байрлаж тогтсон нуур. Ногоон нуур гэсний учир нь Овоотын өвөрт байгаа эрдэнийн туяа энэ нуурт туссанаас нуурын ус ногоон харагддаг гэсэн домог яриа байдаг. Нуурын ус нь аль ч талын эргээсээ дотогш 5-8м орчмын зайд хар харагдаад үүнээс цааш ногоон өнгөтэй харагддаг байна . Энэ нь эргэн тойрны ногоон ой модны тусгал байж болох юм. Яг хажууд нь очиход нуурын ус нь маш тунгалаг бөгөөд дотор нь явж буй загас тод харагддаг байна. Нуурын эргээс ус байнга шүүрч усны түвшингөө хадгалдаг ба нуураас жижиг цутгал урсан гарч Идэр голд нийлдэг байна.

2. Хар нуур 

Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80 км, Аймгийн төвөөс 110 км оршдог. Хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн, урд талаараа эрэг орчмын шанаанууд зэгстэй жаахан нуур Товхошийн сүрлэг уулаар хүрээлэгдсэн байдаг. Гүнээрээ 48 м, уртаашаа 30 орчим км, өргөн нь 5-10 км сунаж тогтсон нуур омоль, пельд загас үрждэг бөгөөд нуурын голд далайн түвшнээс дээш 2600м өргөгдсөн их, бага 2 авгаш байдаг. 

Нуур нь хойд талаараа элсээр хүрээлэгдсэн Хангайн сувд гэгддэг нуур. Урьд талаараа Товхош, Намаржаа, Хар хад гэсэн өндөр уулсаар хүрээлэгдсэн. Энд 13 төрлийн нүүдлийн шувууд ирдэг. Мөн нуурын дээгүүр шунх хэмээх цэцэг ургаж гарч ирсэн нь сайхан  үзэсгэлэнтэй харагддаг.

Нуурын ус баруун өмнөөс хүрээлсэн манхан элсэн доогуур шурган, 10 гаруй булаг болон ундран шүүрч, Хүнгүйн голд нийлэх учраас ийнхүү давсгүй хужиргүй байдаг онцлогтой.

3. Загастайн давааны хүн чулуу

Эрт урьд цагт Монголчууд хятадад ноёрхож байхад юм гэнэ. Хятадууд бослого гарган Монгол хааны аминд хүрээд зогсохгүй үр удмаар нь хүйс тэмтрэх хорон санаа өвөрлөжээ. Хааны эхнэр нэгэн ламын туслалцаатайгаар Чингис хааны хойчийг залгамжлах бяцхан нуган үрээ аван санд мэнд зугтаж амжиж гэнэ. Босуул гурав тэмээ унан говь цөлийг туулан эх Монгол нутгаа тэмцжээ. Хятад түшмэд тэднийг барьсан хүнд их хэмжээний шагнал амлан 300 морьтон цэрэг илгээн тэдний араас мөрдүүлж гэнэ. 

Хөөн ирсэн дайсанд гүйцэгддэгийн даваан дээр лам тэнгэр бурханд залбиран хур гуйсанд их цас орж морь унасан хятад цэрэг урагшилж үл чадан ард хоцорчээ. Ийнхүү тэд явсаар Загастайн даваанд дөхөж байтал мөрдөн хөөгчид дахин ойртож иржээ. Оргодол гурван Монголын толгойг тасдан аваачиж өндөр шан хүртэхийг горьдсон хятадуудын баясан хашгирах дуу араас нь улам ойртсоор л. Гэтэл давааны оройд гараад тамир нь барагдсан ламтан үхэдхийн унаж бурхны оронд оджээ. 

Яахаа мэдэхээ байсан залуу хатан бяцхан хүүгээ дээш өргөн “Монгол газрын этүгэн эх дэлхий, бурхад минь ээ! Монгол хэмээх нэрийг даян дэлхийд цууриатуулсан агуу их хүний удмыг энэрэн соёрхож хайрла! Чингис хааны яс махны тасархайг үхлээс хэлтрүүлж соёрхооч! гэж гуйн хашгирсан байна. Тэгтэл түүний хажууд нэгэн бяцхан цагаан хулгана гарч ирээд хүний хэлээр намуухан дуу гарган: “Чамайг авруулахаар намайг илгээсэн болой. Айж тэвдэлгуй аян замаа үргэлжлүүлсүгэй. Хүүг чинь гайхамшигтай суу алдар, харин мөрдөн хөөгч нарыг үхэл хясал хүлээж буйг мэдтүгэй! хэмээжээ.

Хатан хулгана руу үл итгэсэн харцаар харж “300 морьтон дайчныг өчүүхэн жижиг хулгана дийлнэ гэж үү” хэмээн асууужээ. Гэнэт тэнгэр нижигнэж аянга цахилан асар том хадан цохио хагаран нурж доороос өгсөн ирж байсан морьтон эрсийг бяц даран хаман оджээ. Тэгээд өнөө бяцхан хулгана хадан дээр үсрэн гараад:

- Би бол Загастайн эзэн савдаг байна. Би бурхадын ивээлд байдаг хүчирхэг нэгэн билээ, харин чи ид шидэт хулгана миний хүч чадалд эргэлзсэний чинь төлөө Загастайн даваа энэ өдрөөс зөвхөн нүгэлт хүмүүст ч бус, басхүү буянт хүмүүн нарт саад тотгор учруулах болмуй” гэжээ.

Энэ цагаас хойш үүгээр явагсад Загастайн даваанаас аюун сүрдэх болжээ. 

4. Бор хярын их элсэн манхан 

Баруун Зүүн Монгол хэмээх хоёр уулын өмнөхөн байдаг бөгөөд Завхан аймгийн Ургамал сумын араар зүүн тийш үргэлжлэн, Хунгийн голыг хөвөөлдөг. Тэндээс Эрдэнэ хайрхан сумын хойгуур өгсөж, Яруу нутаг хүртэл тэлж тариан шаргал үтрэм шиг санагдах 300 орчим км урт үргэлжилнэ. Эл манхан элсийг хөндлөн туулах Монгол хотгор. 

Олгой, Цэцэний сүв гэж бий. Элсэн манхан далай болсон энэ алтан шижир элсийг ирээдүйн Монголын барагдашгүй алтан чулууд гэж нутгийн олон хэлцдэг.

Мухартын гол: Уг гол нь Эрдэнэ хайрхан Сумын төвөөс зүүн хойд зүгт Бор хярын элсний өмнө талд далайн түвшнээс дээш 450м өндөр элсэн манханаас эх авч урсдаг, хөвөөгөөрөө бургасан шугуйтай, гоньд, дэгд, улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс жимсгэнтэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий цогцолборт газар. 

5. Их Хайрхан уул

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт байх, эртний далайн ёроол бүхий тогтоцтой, шохойн чулуун уулыг Их Хайрхан уул хэмээдэг. Уг уул цавчим өндөр байц хад бүхий хавцлуудтай, 10-15 метр урт аж. 108 хадан агуй, төрөл бүрийн модлог бутлаг ургамал, олон зүйлийн ан амьтантай, унаган төрхөө жинхэнээр нь хадгалсан байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ уулыг зоригсдын тоо жилээс жилд нэмэгдсээр буй аж.

Нутгийн ард иргэд ч уг уулыг Манзушир бурхны орон буюу Алтан тэвш уул хэмээн хүндэтгэн нэрлэж тахин шүтсээр иржээ. Түүний 108 агуйн дотроос хамгийн том нь Эхийн, Намширын, Бага гэж нэрлэгддэг агуйнууд юм. 

Эхийн агуй нь 137 метр урт бөгөөд агуйн аман дээр хадаг яндар бүхий том овоо босгосон байдаг. 70 орчим метр газрыг босоогоор явж, цаашлах тусам бөхийж, мөлхөж явсаар мухарт хүрэх ба агуйн адагт сэндэр шороо байх аж. Энэ шороог эртнээс нааш Монголчууд яр шарханд түрхэх байдлаар хэрэглэж ирсэн аж.

Эхийн агуй нь Их  Хайрхан уулын баруун хойд аманд оршино. Эхийн агуйн аманд хадаг яндар бүхий том овоо байна. Мөн агуйд ирсэн хүмүүс нэр ус, хаягаа үлдээдэг жижиг дэвтэр бий. Агуйд орохдоо лаа болон бамбар хийж ордогтой холбоотойгоор агуйн хана, адар тортог болсон байна. Их Хайрхан ууланд агуй үзэхээс гадна Хайрханы байгалийн өвөрмөц тогтоц ханан хад цохионууд нь үнэхээр гайхамшигтай байдаг.

6. Дааган дэлийн буган чулуун хөшөө

Завхан аймгийн Шилүүстэй сумын нутаг Дааган дэл уулын хойд энгэртийн уужим дэвсэг дээр хоёр эгнээ найман буган хөшөө бий. Эдгээр хөшөө чулууд нь Завхан аймгаас Баянхонгор орох төв замын дагууд байрлах бөгөөд холоос тод харагдана. Үүнийг Дааган дэлийн буган хөшөө гэж судлаачид нэрлэдэг.

Эдгээр найман хөшөөний хоёр нь газарт ойчсон байна. Хөшөөнүүдийг ягаавтар өнгийн боржин чулууг сайтар засч, бугын дүрсийг гоёмсогоор дүрсэлсэн байх нь хөшөөнүүд дээр ажиглагддаг. Мөн хөшөө чулуунуудын доод бие буюу бүслүүрт нь нум сум, чинжаал хутга, бамбай, сүх мэтийг дүрсэлсэн байгаа нь тод ажиглагдана.

Хөшөө чулуунуудын ерөнхий хадгалагдаж үлдсэн байдал нь нилээд сайн, зураг дүрслэлүүд нь тод сайн харагдаж байлаа. Дааган дэлийн хөшөө чулуунаас холгүй мөн 8 ширхэг хөшөө чулуу тал дээр байдаг. Эдгээр найман хөшөө чулуу нь хэмжээгээр жижиг, мөн л ягаавтар өнгийн боржин чулууш засч хийсэн байх бөгөөд зураг дүрслэлийн хадгалагдаж үлдсэн байдал нь нилээд тааруу, бараг мэдэгдэхгүй шахам байдаг. Дааган дэл орчим энэ жижиг бүс нутагт мөн буган чулуу хөшөө хиргисүүр тархсан байдал нь нь нилээд өндөр, мөн Завхан аймгийн Отгон сумын төв дээр нилээд олон буган чулуун хөшөө, хиргисүүрүүдийг үзэж харж болно.

7. Цайз хэрмийн туурь 

Завхан аймгийн Тэс сумын Дооно багын нутаг сумаас баруун хойш 5км зайд уулын оройд байдаг түүх соёлын том өв болсон газар, 14-17-р зууны барилга, архитектурын ховор дурсгал, цэрэг шашин зориулалттай ашиглагдаж байсан ул мөртэй. Харуулын цамхаг ч болж байсан, уулын доод бэл хийдийн туурь, гэрийн буурь байдаг.

Хийдээр ашиглагдахдаа сүмийн оройд 2 дугана байсан, урд үзүүрт 1 жижиг суврагатай, хойд талд нь арай том суврагатай дуган байсан байна. Нутгийн ард Сүмт толгой гэж нэрлэдэг. Сүмт толгойн доод бэлд 2 гэрийн буурь байдаг.

8. Дуут чулуу 

Завхан аймгийн Сантмаргац суманд байдаг. Сумын төвөөс Зүүн хойно 23 кмт байдаг. Уг дурсгал нь одоо байгаа төрхөөрөө дуут буюу дэрэн чулуу гэж нэрлэдэг. Учир нь 3ш жижиг чулуун дээр хар хөх чулууг хэвтээгээр нь байрлуулсан, чулууны хэмжээ нь урт нь 85см, өргөн нь 55см, зузаан нь 32см ба чулууны дээд хэсэгт 23 хонхор цэгэн тойргон бүслүүртэй, хоёр хажуу талд яг ижил хэмжээтэй дугуй хэлбэрийн хонхойлгож дүрсэлсэн нь МЭӨ 3000 жилийн үеийн хүрлийн үеийн буган чулуу. Уг чулууны нэг онцлог нь мод чулуугаар цохиход яг хөндий төмөр шиг дугардаг байна.

9. Долоон товгор

Тэлмэн сумын төвөөс 20 кмт оршдог үзэсгэлэнтэй сайхан элсэн уул бөгөөд бүх төрлийн мод, бут сөөг ургадаг, уулын бэлээс өвөл хөлддөггүй хүйтэн рашаан ундардаг, рашааны ундаргыг дагасан хангайн байдлыг санагдуулам битүү ногоон мод, жимс жимсгэнэ, ан амьтантай. Уулаас зүүн урд талд долоон товгор элсэн манхан байдаг. Үүний хоёр манханы орой дээр Замбага цэцэг ургадаг. Маш нарийн ширхэгтэй, уусдаг элстэй. Манханы хойд талд үзэсгэлэнт Ангирт нуур оршдог.

Архангай аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/12193

Баян-Өлгийн аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/12257

Баянхонгор аймгийн байгалийн 10 гайхамшигт газар http://mongolcom.mn/read/12393

Булган аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/12634

Говь-Алтай аймгийн 10 гайхамшиг http://mongolcom.mn/read/12755

Говьсүмбэр аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/24546

Дархан-Уул аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/23438

Дорнод аймгийн 10 гайхамшигhttp://mongolcom.mn/read/13221

Дорноговь аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/13007

Дундговь аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/13698

Өвөрхангай аймгийн 8 гайхамшиг http://mongolcom.mn/read/14270

Өмнөговь аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/14550

Сүхбаатар аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/14862

Сэлэнгэ аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/15170

Төв аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/15844

Увс аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/16501

Ховд аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/21534

Хөвсгөл аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/22266

Хэнтий аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/22499

Эх сурвалж: www.mongolcom.mn 

Бэлтгэсэн:

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.