Мэргэжлийн бус хүмүүс ажиллуулж байгаа нь осол гарах үндэс болж байна

Twitter Print
2014 оны 09-р сар 24-нд 16:25 цагт
Мэдээний зураг,

Барилгын компаниудын хэл ам хэзээ тасрах вэ гэж иргэд холбогдох байгууллагаас нь байнга асуудаг. 2012 оны есдүгээр сард “Тэнгис” кино театрын урд баригдаж буй барилга дээрээс тулгуур төмөр унаж 18 настай залуу амиа алдсан. Мөн “Макс” компанийн барилга дээрээс төмөр унаж, гэрэл солигдохыг хүлээн машиндаа сууж байсан бас л нэгэн сайхан залуугийн амийг авч одсон. Тэр цагаас хойш иргэд байнгын айдастай явах боллоо. Зөвшөөрөлтэй үгүй нь мэдэгдэхгүй олон барилгууд чанаргүй баригдаж, Хятад ажилчид ажиллуулдаг гээд дандаа хэл аманд өртөнө. Хамгийн гол хор уршиг нь хөдөлмөр, аюулгүй ажиллагааг сайн хангаагүйн улмаас хүний амь нас, эд хөрөнгө сүйдэж нийгэмд аюул учруулж байна. Ядаж байхад машин болон явган хүний зам руу яг тулгаж байгаад, яг толгой дээр барилгын ажлаа хийх юм. Аймшигтай. Тухай бүрд нь хууль хяналтын байгууллага торгууль төлүүлж сануулга болгоод өнгөрдөг нь осол дахин гарахад нөлөөлж байна.

Өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд байгаа барилгуудад хийсэн шалгалтын тухай мэдээллийг олон нийтэд хүргэлээ. Улсын хэмжээнд төрийн өмчит 1243 сургууль, цэцэрлэгийн барилгад өнгөрсөн онд хяналт шалгалт хийсэн байна. Үүнээс 652 сургуулийн 242 нь буюу 36.9 хувь нь үйл ажиллагаа явуулахад шаардлага хангахгүйд хүрчээ. Тухайлбал Гадаад хэлний дээд сургууль, Монгол улсын Боловсролын их сургуулийн “Г” байр, ШУТИС-ийн хоёрдугаар байрны үйл ажиллагааг яаралтай зогсоох шаардлага тулгарчээ. Мөн СУИС-ийн хичээлийн төв байрны аюулгүй байдалд анхаарахгүй бол ямар нэгэн эрсдэл учирч болзошгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байна.

Улсын хэмжээнд 686 төрийн өмчит цэцэрлэг байгаагаас 251 буюу 36.5 хувь нь хүүхэд хүмүүжүүлэх ажлын байр нь хангалттай бус байгааг тогтоожээ. Эмнэлгийн байгууллагуудын тухайд төрийн өмчит 532 эмнэлгийн барилга байгаагаас 161 нь буюу 30.1 хувь нь өнөөдөр үйл ажиллагаа явуулах боложмгүй гэсэн улсын байцаагчийн дүгнэлт гарчээ.

Иргэдийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй асуудал нь орон сууцны барилгын чанар, стандарт билээ. Нийслэл хотод 3000 гаруй орон сууцны барилга байгаагаас 300 шахам нь чанарын шаардлага хангаагүй гэдгийг онцолж байлаа. Мөн улсын ахлагч байцаагчийн дүгнэлтээр 152 барилга, байгууламжийн үйл ажиллагааг яаралтай зогсоох, 48 барилга нурах аюултай байгааг холбогдох газруудад мэдэгдсэн байна.

Он гарсаар Улаанбаатар хотод барилгын өргүүртэй холбоотой гурван хүний амь нас хохирч, лифттэй холбоотой хоёр, крантай холбоотой гурван осол гарчээ. Өргүүрийг аюулгүй ашиглах дүрмийг 2010 онд БХБЯ-аас гаргасан байдаг аж. Гэтэл барилгын ажлын явцад өргүүрийг дүрмийн дагуу ашиглахгүй, мэргэжлийн бус хүн ажиллуулж байгаа нь ослын шалтгаан болж байна гэж МХЕГ-ын улсын байцаагч Н.Буйдан хэллээ. Сүүлийн дөрвөн жилд тус байгууллагаас барилгын мянга орчим өргүүрийг улсын бүртгэлд авч, ашиглах зөвшөөрлийг өгчээ. Гэсэн ч одоогийн байдлаар барилгын 200 орчим дүүжин өргүүр зөвшөөрөлгүй ашиглагдаж байна. Тиймээс барилгын дүүжин өргүүртэй холбоотой осол гарч, хүний амь нас эрсдэх нь зогсохгүй байгаа аж.

Баянзүрх дүүргийн 26-р хороонд баригдаж буй барилга дээрээс дүүрэн өргөгч унаж фасадны өнгөлгөөний ажил хийж байсан 18 настай охин амиа алдсан  хэрэг өчигдөр гарсан. Энэ үед ашиглаж байсан өргүүр нь улсын бүртгэлтэй, тусгай зөвшөөрөлтэй байсан хэдий ч зөөвөрлөж суурилуулахдаа мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй болох нь тогтоогджээ. Мөн тухайн үед дүүжин өргүүрийн мэргэжлийн оператор ажиллаагүй, дүүжин өргүүрийн ган татлагын гогцоорсон хэсэг байсныг анзааралгүй доош нь хүчээр буулгах гэж удаан дарснаар шахдаг роликонд ган татлага тасарсан гэж урьдчилсан дүгнэлт гарсан байна.

Тус барилгын гүйцэтгэгчээр “Зуншин” ХХК ажиллаж байгаа бөгөөд өмнө нь мөн тус компанитай холбоотой барилгын осол гарч байсан. МХЕГ-ын зүгээс энэ  оны нэгдүгээр сард “Зуншин” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлж байсан ч яамнаас өнөөг хүртэл хариу ирүүлээгүй байна. Мөн хүйтний улирал эхэлж байгаа учир барилга гүйцэтгэгч компаниуд үйл ажиллагаагаа эрчимжүүлж, ингэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахгүй байгаа нь осол гарах тохиолдол нэмэгдэх нэг шалтгаан болж байна гэсэн юм.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.