
(Та нар манай намыг түрүүчийн сонгуулиар эртэй бяртайдаа 65 суудал авсан гэж бодож байна уу?! Хар машинаар тоолсонд хамаг учир бий гэж мэргэжлийн хүмүүс үздэг юм билээ)
Түрүүчийн сонгуулиар гэв гэнэтхэн 65 суудал авч төр засгийн эрхийг үнэмлэхүй их хүчээр барих болсон манай нам МАН–ын удирдлага өнөөдөр ямарч үнээр хамаагүй, гадаадаас санал тоолдог хар машин үхэн хатан зүтгэсээр авчирч байгаагийн цаад учрыг та нар нарийн ойлгож байна уу. Хэн ч төсөөлөөгүй байхад 65 суудал авчихсандаа зоригжсон У.Хүрэлсүхийн Засгийн газрын “Aвралын дээд бурхан тэнгэр” нь санал тоолдог хар машин болсон бололтой юм.
Цар тахал дэлгэрсэн энэ хүнд үед, аж ахуйн нэгжүүд нь хаалгаа бариад, ард түмэн нь өлсгөлөн гуйланчлалд автаж байхад ”Заавал сонгууль явуулна” гэж муйхарлан зүтгээд АНУ –аас нэг бүр нь 2000 гаруй ам.долларын үнэтэй 250 хар машин авчирч байгаагийн цаана учир явдал их байна аа. Хар машинаараа тоолсон болоод 76 суудал авчихаж ч чадна гэсэн бардам дээрэлхүү байдлаар хандаж байгаа нь нууц биш. Тэгээд л учир мэдэх хүмүүс хар машиныг сэжиглэж, саналыг хар машинаар тоолохоос татгалзъя гээд байгаа юм. Ер нь хар машин гэдэг чинь юу юм бэ?!
Анх, барууны эрдэмтэд сонгуулийн саналыг түргэн шуурхай үнэн зөв тоолдог, шилдэг сайн машин бүтээсэн юм. Машин л юм хойно, яаж ч ашиглаж болно гэсэн үг. Сүүлдээ энэ хар машинд ямарч программ суулгаад залилан хийчихэж болдог болгосон. Дэлхийн нэлээд оронд ийм луйвар гарах болсноор, улс орнууд анхааралтай хандах болж, зарим нь эрс татгалзсан, үгүй хийсэн баримтууд бий. Тэр болгоныг бичих боломжгүй учраас хоёрхон баримт авахад л ойлгомжтой болов уу. 2012 онд АНУ–ын Пенсильвани мужид хар машинаар тоолсон санал будилснаар, санал тоолдог хар машиныг бүгдийг хурааж байлаа. Энэ дагуу том шалгалт явагдаж гэм буруутанд арга хэмжээ авсан.
Тэгтэл өнгөрсөн жил АНУ–ын Ардчилсан намын сонгуулийн сунгааны үеэр нэгэн муж улсад хар машинаар тоолсон тооллого будлиантаж Байдан, Сандерс хоёр тэгтлээ хойно хаягдаж мужийн намын хорооны дарга залуу тасархай гарч ирэн олныг гайхшруулсан явдал бий. Ингээд, сонгуулийн санал тоолдог хар машинд олон улс итгэл алдраад байгаа л даа. Тэгтэл , манай улсад хар машины үнэ хүнд улам өсч, У.Хүрэлсүхийн засгийн газар энэ машиныг оруулж ирэхийн тулд үхэн хатан зүтгээд байгаагийн цаана ноцтой явдал бий гэж би хувьдаа харддаг хүн. 2016 оны УИХ-ын сонгуулийн 65 суудал ч юу л болдоо, нарийн шалгаж хянасан газар байдаг юмуу?! Би сэтгүүлч хүний хувьд энэ сонгууль зарлагдаснаас хойш жирийн иргэдээс эхлэн мэргэжлийн хүмүүс, төр засгийн удирдлагын хүмүүстэй уулзан санал бодлоо хуваалцаж явна. Энэ тухайгаа ч түрүү хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр товч дурдаж байсан. Сонгуулийг заавал одоо явуулж, саналыг хар машинаар тоолох гэж улайран зүтгээд байгаагийн цаана хэд хэдэн бохир арга байгаа гэж үзэхээс өөр аргагүй.
1. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, тодорхой үндэс шалтгаануудаар энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулъя гэсэн. УИХ, Засгийн газар энэ саналыг хүлээж аваагүйгээр үл барам улам “довтолгож” эхлэсэн.
2. Ер нь яагаад, цар тахалын өндөржүүлсэн бэлэн байдал зарлачихаад байгаа өнөөгийн нөхцөлд олныг хамарсан, бөөгнөрүүлсэн сонгууль явуулах гээд байгаа юм. Өнөөдөр орон даяар бужигнаж байна. Хурал цуглаан хийхгүй, 4-өөс дээш хүн цуглуулахгүй гэсэн чинь алив? Улаанбаатар палас гэдэг том ордонд манай намаас нэр дэвшсэн Н.Лүндээжанцан, Ж.Ганбаатар, Х.Ганхуяг нар уулзалт зохиоход хүмүүс бараг л “хэлхэлдээд” суучихсан байна билээ. Намын дарга У.Хүрэлсүх маань бараг бүх аймаг хотод хүн цуглуулж, үнсэж үнгэлдээд, залуу хүүхэн налж хүртэл зурагаа татуулсан байна. Тэр битгий хэл зарим намын удирдлага иргэдийг ачиж аваачин амралтанд үнэгүй амраагаад одон медаль тараасан явдал ч бий. Энэ чинь цар тахалын өндөржүүлсэн бэлэн байдлын үед хийж болдог ажил юмуу. Биднийг болохоор гэрээсээ гарч болохгүй гэж хорьчихоод, та нар болохоор хот хөдөөгүй үнсэлцээд тэврэлдээд явж болдог юм уу?!
3. Сонгуулийн Ерөнхий хороо гэж эрх баригчдад үйлчилдэг “тоглоомын” байгууллага байгааг сонгуулийн өмнө нэг бол татан буулгая, эсвэл бүрэлдэхүүнийг нь өөрчлөе. Энд МАН-ын угшилтай, энэ намд зүтгэж байсан хүмүүс зонхилж байгаа. Бас, Ардчилсан намаас сууж байгаа том дарга нь эхнэрээ УИХ-д суулгачихаад, одоо нэрийг нь дэвшүүлээд явуулж байх юм. Ер нь, Сонгуулийн Ерөнхий хороо гэдэг чинь МАНАН-мафийн дуулгавартай газар болсон байна. Сэжигтэн, яллагдагч, хулгайч худалч, тэр битгий хэл яллагдагчаар татагдаад шоронд хоригдож байгаа хүний нэрийг сонгуульд дэвшүүлчихээд байхад дуугүй зөвшөөрсөн хэрнээ, аль эрт ялаа эдлээд гарсан жирийн хүний сонгогдох эрхийг хасч байгаа нь хаанахын хууль, хэний явууллага юм?! Нэг хүн хоёр газраас нэр дэвшлээ гээд шудрага дайчин залуу Л.Наранбаатарыг хасчихлаа. Ийм үлгэн салган удирдлагатай СЕХ-гоор удирдуулан, Улсын их хурлын сонгууль явуулна гэвэл би хувьд зөвшөөрөхгүй.
4. Цар тахалтай холбогдуулан, өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож хилээ хаасан, хөл хорьсон ийм нөхцөлд мэдээж энэ сонгуулиар гадаадын ажиглагчид, сурвалжлагчид ирэхгүй. Тэднийг ирүүлэхгүй, үнэн нүүр царайгаа харуулахгүй, гарч болзошгүй будлианаа дэлхий нийтэд харуулахгүй гэхдээ, зориуд энэ хөл хориотой цаг мөчийг сонгож авлаа гэж олон хүн ярьж байна билээ. Үнэний хувьтай л байх.
5. Би хувьд нэг зүйлд сэжиглэж байгаа. Засгийн газрын шийдвэрээр яарч сандран сонгуулийн Ерөнхий хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан. Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Иргэний бүртгэл мэдээллийн газрын дарга хоёрыг СЕХ-ны орон тооны бус гишүүн болгосон. Энэ чинь булхайгаа булах гэсэн нууц бодлого биш юм уу? Өнөөх “царцааны нүүдэл”-ээ нууцалж хав дарах гэсэн башир арга хэмээн гадуур шуугиж байгаа. Та нар хар даа! “Царцааны нүүдэл” аль хэдийнээ эхлэчихсэн. Зарим яам тамгынхан амралтаа авсан нэрээр аймаг сум, тойрог руугаа явцгаачихсан байна билээ. Тэгтэл өнөөх итгэл хүлээлгэн СЕХ-ндоо авчирсан хоёр дарга маань эрх баригчдын хийж байгаа энэ үйлдэлд чимээгүй л байгаа. Ер нь харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг байх нь л дээ.
Энэ бүхнийг би юуны учир бичээд байна гэвэл, нэг бол Ерөнхийлөгчийнхөө санал гаргаснаар сонгуулийг хойшлуулж, өвчин зовлон намжсан хойно, намрын налгар өдрүүдэд орон нутгийн сонгуультайгаа хамт явуулъя.
Хүчтэй нь хүчгүйгээ дардаг болохоор Засгийн газар нь ард түмнийхээ үгийг авалгүй хүчээр сонгууль явуулахад хүрвэл, санал тоолдог хар машинаас татгалзъя. Олон зуун сая сонгогчдынхоо саналыг Энэтхэг улс гараар тоолж байна. Тэхэд хоёрхон сая сонгогчийн саналыг гараар тоолж болноо доо. Гараар тооллого явуулаад, хар машин худалдаж авчирсан үнэ хөлсийг зохих эздээр нь төлүүлье. Хэрвээ албаар хар машинаар тоолоход хүрвэл хяналтын гар тооллогыг, тэр доор нь намуудын төлөөллийг байлцуулан бүх хэсэг дээр явуулъя.
Ер нь тэгээд энэ сонгуулийн явц дунд юмуу, өвчин тахалтай холбоотой ноцтой асуудал үүсвэл, ард түмнийхээ бодол саналыг хэрэгсэхгүй муйхарлан зүтгээд байгаа эрх баригчид, СЕХ-ны удирдлагууд хариуцлагыг хүлээнэ гэдгийг эртхэн сануулж баймаар байна.
Г.ЖАМЬЯН
(Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч)
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(103.57.92.225) 2020-12-18 18:44Сайн Байна
Хариулах