Монголчууд Казахстанаас хийн хоолойг нь “мулталж” дөнгөх үү ?

Twitter Print
2014 оны 09-р сар 23-нд 15:44 цагт
Мэдээний зураг,

Казахстан улс Оросоос Хятад руу тээвэрлэх байгалийн хийн хоолойноос ашиг олж авч чадалгүй хоцорч магадгүй болоод байгаа аж. Өнгөрсөн тавдугаар сарын 21-ны өдөр Хятад улсад гучин жилийн турш байгалийн хий нийлүүлэх гэрээнд ОХУ болон БНХАУ гарын үсэг зурсан. Жилд 38 тэрбум шоо метр хэмжээний хий нийлүүлэх хариуцлага хүлээсэн уг гэрээний дагуу цаашид нийлүүлэлтээ 60 тэрбум шоо метрт хүргэх зорилт тавигдаж байгаа билээ. Энэ их хэмжээний хийг Казахстаны нутаг дэвсгэрээр дамжуулан хүргэх тухай асуудал яригдаж, тус улсын төсөвт нэмэгдэх ашиг орлого төлөвлөгдөж байтал харин тэс өөр нэгэн өрсөлдөгч гарч ирж нөхцөл байдлыг эсрэгээр эргүүлэх болоод байна. Казахын хэвлэл мэдээллүүд эл нөхцөл байдалд ямар үнэлэлт дүгнэлт өгч байгааг сонирхоё.

 Капитал.kz гэх цахим хуудсанд Оросоос Хятад орох хийн хоолойг Монгол улс Казахстанаас “мулталж” дөнгөх үү? гэсэн нийтлэл тавьжээ.

Уг ниийтлэлд, Монгол улс Казахстанаас өрсөж, Хятадын баруун бүс нутагт хүргэх байгалийн хий дамжуулах хоолойг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулах саналыг «Газпром»-д тавьсан. ОХУ-ын ерөнхийлөгч  Владимир Путиныг өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатарт айлчлах үеэр Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ тухай саналыг хөндөж, «Энэ шийдвэрийн давуу талыг манай талаас тодорхой тайлбарласан» гээд аюулгүй байдлын талаасаа болоод харьцангуй богино зам туулах, тал нутгийн өргөн боломжтой нөхцөлд хий дамжуулах хоолой тавигдах давуу тал харагдаж байгааг онцолсон байна. Харин Владимир Путин үүний хариуд өөрийн талаас тодорхой тайлбар өгөөгүй аж.

Гэхдээ Оросын байгалийн хийг Монгол улсаар дамжуулан Хятадад нийлүүлэх боломж байгаа гэдгийг олон улсын санхүүгийн FIBO Group холдингийн шинжээч Богдан Заруцкий хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд газар зүйн байрлалын хувьд тус улс тун ашигтайн дээр хийн хоолойн байгуулалтын ажил тасралтгүй, эрчимтэй үргэлжлэх боломжтой үзэж байгаа аж. Монгол улсын нутаг дэвсгэр бүхэлдээ тал хээрийн бүсэд хамаарагдах учир хийн хоолойн дэд бүтэц байгуулах асуудал харьцангуй хялбар. Казахстан улс ч мөн ийм газар зүйн ижил төстэй байрлалтай, харин тус улсын өмнөд хэсгийн газар нутагт уг төслийг хэрэгжүүлэх  материал-техникийн бааз суурь ямар байгааг анхаарч үзэх шаардлагатай. «Тиймээс Казахстаны талд одоохондоо өрсөлдөх чадвар арай илүү байна» гэж Богдан Заруцкий тэмдэглэсэн байна.

Энэ бол Орос болоод Монгол улс, Казахстаны хоорондын чадамжтай хамтын ажиллагаа, улс төр, эдийн засгийн түвшинд яригдаж байгаа асуудал. Энэ зэрэгцээ ОХУ-ын талаас Монгол улсын зах зээлд автомашин нийлүүлэх, төмөр замын өргөн цариг тавих үндсэн дээр худалдаа эргэлтийг нэмэгдүүлэх сонирхол төрүүлж байгаа юм. ОХУ хэрвээ одоо дамжин өнгөрүүлэх газар орноор Монгол улсыг сонговол энэ зах зээл дээр бусад бараа бүтээгдэхүүнээ гаргах илүү өргөн боломжтой болно. «Хамтын ажиллагааны энэ чиглэл нь Монгол улсад хийн хоолойн асуудлыг улам өндөр ач холбогдолтой болгож цаашид урт хугацааны нягт  харилцаанд хүргэх үндэс болох юм» гэж FIBO Group-ийн шинжээч үзэж байгаа аж.

Гэвч үүний хамт Орос, Хятадууд хий нийлүүлэх асуудал дээр дундын ямар ч дамжлагагүйгээр тохиролцоонд хүрч болох талтайг мартаж болохгүй. ОХУ болоод БНХАУ-ын шууд хил залгаа газар нутаг болох Алс Дорнодын болон Баруун Сибирь байна. Энэ тохиолдолд Оросын байгалийн хийг Хятадын баруун хязгаарт хүргэсний хойно Хятадын дотоодын хий дамжуулах хоолойгоор салбарлуулан тараах боломжтой аж.

Өнгөрсөн тавдугаар сард «Газпром» болон Хятадын CNPC компанийн байгуулсан гэрээгээр бол жилд 38 тэрбум шоо метр хийг Эрхүү мужийн«Сила Сибири» хий дамжуулах хоолой болон Якутаас бол Благовещенск-ээр дамжуулан 30 жилийн хугацаанд нийлүүлэх  тухай асуудал яригдаж байсан. Арван жил үргэлжилсэн энэ  яриа хэлэлцээрийн явцад Оросын тал эхлээд Хятадад хоёр чиглэлээр зэрэг нийлүүлэх буюу зүүн талаараа «Сила Сибири» болон баруун талаараа Ямалаас хий дамжуулах «Алтай» хоолойг ашиглах санал тавьж байсан аж. Хийн эдгээр хоолойнуудыг  Монгол улс болон Казахстаны хоорондуур буюу Орос-Хятадын хилийн шугам нийлсэн зурвасхан газраар тавих тухай асуудал яригдаж байсан бол хэлэлцээрийн явцад Хятадын талаас баруун нутгийнхаа хэрэгцээг Дундад Азиас хангахаар болж, харин байгалийн хий хомсдолтой байдаг зүүн хэсгийнхээ  бүс нутагт хий хүргэх санал «Газпром»-д тавьсан байдаг аж. Энэ дагуу 2006 онд «Газпром», «Алтай»-н хий хооойн барилга байгууламжид 363 тэрбум рубль, «Сила Сибири» (тэр үедээ Якут – Хабаровск – Владивосток гэсэн чиглэлтэй байсан) хоолойд 2011 оны эцсийн байдлаар 333 тэрбум, одоо бүр 770 тэрбум рубль төсөвлөөд байгаа бол Казахстаны нутаг дэвсгэрээр хий хоолойн дамжуулбал энэ бүх өндөр алдагдал зардлаас зайлсхийх боломжтой гэж үзэж байгаа юм байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр Казахстаны Эрчим хүчний сайдын орлогч Узакбай Карабалин, ОХУ-д тус улсаас Хятадад нийлүүлэх байгалийн хийг дамжуулах орон болох санал тавьсан. Уг саналын дагуу нийслэл Астанагаар дайран өнгөрөх уг хоолой Хоргос, эсвэл Алашанькоу бүс нутгаар дамжин Хятадад гарах аж. «Газпром» -ын төлөөлөгчийн мэдэгдсэнээр уг саналыг авч хэлэлцсэн, гэвч одоогоор боловсруулах шатны инкубацид («зачаточном состоянии») байгаа юм байна.

Энэ сарын эхээр Якутскт «Силы Сибири» хийн хоолойнуудыг гагнаж эхэлсэн аж. «Эрх чөлөө» радио станцын мэдээлсэнээр Оросын «Газпром» компани есдүгээр сарын 1-нээс Хятад байгалийн хий нийлүүлэх «Сила Сибири» хоолойн барилгын ажлыг эхлүүлжээ.

Оросоос нийлүүлэх байгалийн хийг Хятадад гаргаж өгөх хоолойг дамжин өнгөрүүлснээрээ Казахстан улс хэдий хэр ашиг олох (дивидент) нь одоо тодорхойгүй байгаа хэдий ч Богдан Заруцкийн үзэж байгаагаар Хятад улс анхаарлын төвд байгаа энэ үед Казахстан Оросоос хий дамжуулах боломжийг алдаж болзошгүй байгаагаас өөр нөхцөл боломжуудыг давхар хайж үзэх хэрэгтэй гэнэ. «Ирэх онд гэхэд Казахстан Карачаганакаас Хятад руу байгалийн хий экспортлох тухай асуудал яригдаж байгааг» уг шинжээч тэмдэглээд Хятадад худалдаалах Казахстаны байгалийн хийн нэг мянган шоо метр нь 300 ам.доллараар үнэлэгдэж байгаа бол Орост гаргах юм бол нэг мянган шоо метрийг 200 ам.доллараар үнэлэхээс өөр аргагүйд хүрэх аж. Ийм нөхцөл байдалд хий дамжуулах хоолойг дамжуулан өнгөрүүлэх улс орны тухай асуудал Казахстанд нэн чухал тулгамсан асуудал болж байгаа гэнэ дээ. Тиймээс энэ боломжоо алдахгүй тулд өрсөлдөгч Монгол улсаас түрүүнд дэд бүтэц, материал техникийн давуу талаа илтгэн ахруулахыг чухалчилж байгаа юм байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.