
АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден энэ мягмар гарагаас эхлэн Хойд Виржиниягийн коллежид бүтэн цагаар багшилж эхэлжээ. Тэрээр сүүлийн нэг жилийн турш оюутнуудад цахимаар хичээл зааж байсан ба энэ мягмар гарагаас эхлэн танхимаар хичээл зааж эхлэх аж.
Тэрээр АНУ-ын анхны тэргүүн хатагтайн ажлыг карьертайгаа хослуулж, Цагаан ордны уламжлалыг эвдэж байна. АНУ-ын өмнөх тэргүүн хатагтай нар Цагаан ордноос гадуур ажил хийж байгаагүй ба тэд уламжлал ёсоор эх нөхрүүдийнхээ ажлыг дэмжиж, үр хүүхдүүдээ өсгөж, гэрийн эзэгтэйн үүргийг гүйцэтгэж байсан юм.
70 настай Жилл Байден Жо Байденыг дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Хойд Виржиниягийн коллежид багшаар ажиллаж байсан ба нөхөр нь АНУ-ын Ерөнхийлөгч болж, өөрөө АНУ-ын тэргүүн хатагтай болсон ч карьераа орхихыг хүссэнгүй. Тэрээр багшаараа олон жил ажиллаж байгаа ба багшлах нь түүний амьдралын утга учир хэмээн, уг мэргэжлээрээ ажиллахаа хэзээ ч болихгүй гэдгээ өмнө нь удаа дараа дурдаж байсан билээ.
Америкийн багш нарын хамгийн том үйлдвэрчний эвлэлийн тэргүүнүүд АНУ-ын тэргүүн хатагтай багшаараа ажилласнаараа боловсролын салбарын бодлогод нөлөөлж, сүүлийн жилүүдэд үнэлэмж нь буураад буй багшийн мэргэжлийн үнэ цэнийг өсгөхөд тусална хэмээн үзэж байна.
Ерөнхийлөгч Жо Байден багш нартай хийсэн уулзалтынхаа үеэр эхнэр Жилл Байденийхаа ачаар багш нарт цар тахлын үед ажиллахад ямар бэрхшээлүүд тулгарч буйг ойлгосон хэмээн дурдаж байсан билээ.
Тэргүүн хатагтай Жилл Байдений хувьд 1976 оноос багшийн мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн ба багшаараа ажиллаж байхдаа боловсролын удирдлагаар 2 удаа мастер хамгаалсан аж.
Тэрээр өөрийнхөө улс төрийн албан тушаалын тухай оюутнууддаа ярьдаггүй ба түүний ангид сурч байгаад төгссөн оюутнуудын дийлэнх нь түүнийг АНУ-ын дэд ерөнхийлөгчийн эхнэр байсныг мэдээгүй байжээ.
Түүнийг ажилд нь нууц ажилтнууд дагаж явдаг ч тус ажилтнууд нь энгийн хувцас өмссөн байдаг тул хүмүүсийн анхаарлыг татдаггүй аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn