ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Цогт-Очир яагаад халагдав

Twitter Print
2014 оны 09-р сар 23-нд 12:12 цагт
Мэдээний зураг,

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Цогт-Очирыг өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ус цаг уур, орчны хүрээлэнгийн захирлаар тавьжээ. Харин энэ долоо хоногт Засгийн газрын хэрэг эрхлэх газар дахин хоёр ажилтнаа үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэсэн сураг ажиг гарлаа.

Энэхүү үйл явдлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дотоод мэдээлэл, санхүүгийн бичиг баримт үе үе алдагдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэл ам удах болсноор тайлбарлаж болох юм. Аливаа Засгийн газар бүрдмэгцээ боловсон хүчний өөрчлөлт хийж, ажилтан ажиллагсадаа өөрсдийн итгэлтэй хүнээр бүрдүүлдэг нь нэгэнт тогтсон жаяг ч Н.Алтанхуяг Ерөнхий сайд болоод өөрийн аппаратдаа хуучин засгийн үед ажиллаж байсан хүмүүсийг намчирхалгүй үлдээсэн нь байгууллагын дотоод нууц, санхүүгийн бичиг баримт алдах эх үүсвэр болсон гэж үзэж болох нөхцөл байдал үүсээд байсан. 

“Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт бичсэн нууц захидал, Засгийн газрын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хийсэн хаалтын гэрээ, “Монос” группийн охин компани "Монос фарм трейд" хэмээх тоног төхөөрөмжийн компанийн 10.1 тэрбумын тендерийн мэдээлэл, өнгөрсөн долоо хоногт сэтгүүлч Б.Ганчимэгийн бичсэн "Ерөнхий сайд аа, эхнэр хүүхдийнхээ зугаацах зардлыг ядаж өөрөө дааж болохгүй юу" нийтлэлд дурдагдсан олны анхаарлын төвд байсан Ерөнхий сайд эхнэр, хүүхэдтэйгээ Солонгос улсад төсвийн мөнгөөр зугаалсан гэх баримтууд энэхүү алдагдсан гэх баримт бичгүүдэд багтаж байгаа ажээ.

Харин сүүлийн асуудлаар ЗГХЭГ-ын Санхүү, хөрөнгө оруулалт, үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Бямбасүрэн "Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны 3 дугаар сарын 8-13-ны хооронд Солонгос улс руу явсан нь үнэн. Гэхдээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэр бүлийнхэнийхээ зардлыг өөрөө төлсөн байгаа. Зардлаа өөрөө төлсөн баримтууд нь манай санхүүгийн баримтанд байна. Харин хэвлэлээр цацагдсан баримт нь манай баримт биш. Бид санхүүгийн дүрэм журмын дагуу албан томилолтын төсвийг боловсруулж албаны  удирдах албан тушаалтнуудад танилцуулж эцсийн хувилбараар төсвөө хийдэг. Үндсэн нотлох баримтууддаа үндэслэн гүйцэтгэлийг гаргаж төлбөрийн гүйлгээг хийдэг. Хэн хаанаас тийм зохиомол зүйл үйлдэж тараасныг би мэдэхгүй байна" гэсэн тайлбарыг албан ёсоор өгсөн юм. 

Л.Отгонбат

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.