
Дэлхийн банк Монгол Улсын эдийн засаг 2017 оноос өсөж, тэр өсөлт нь ойрын 2-3 жилд хадгалагдахаар байна гэсэн өөдрөг мэдээлэл өгч байна.
Өнгөрөгч 2018 онд эдийн засаг 6,8 хувийн өсөлттэй байсан бол энэ 2019 оны эхний хагас жилийн байдлаар гэхэд 7,3 хувьд хүрээд байна. Харин жилийн эцэст ялимгүй саарч 6,9 хувь хүрнэ гэсэн тооцоог Дэлхийн банкны эдийн засагчид таницуулж байна. Түүнчлэн 2020 онд 6,3 хувь, 2021 онд 5,9 хувийн өсөлт үзүүлнэ гэсэн прогноз хийжээ. Үүнээс харвал 2021 он хүртэл өсөлтийн хувь ялимгүй буурахаар байгаа ч хамгийн гол нь өсөлт хэвээр хадгалагдах аж. Үүнийг сайн төлөв хэмээн тодотгож байна билээ.
Нэг зүйлийг тодотгоход ирээдүйн өсөлт бол тооцоолол болохоос биш, яг таг энэ хэмжээнд байна гэсэн хатуу заалт биш. Гэхдээ маш тодорхой тоо баримт мэдээлэл, нөхцөл байдал, чиг хандлагыг тооцож гаргасан таамаглал учраас хол зөрөхгүй. 2016 оны дунд үед тартагтаа тулчихаад байсан эдийн засагт ийнхүү өсөлт авчирахад нөлөөлсөн олон хүчин зүйл бий. Зөв бодлого, хариуцлагаас гадна уул уурхайн салбар , тэр дундаа нүүрсний салбарын гүйцэтгэл өсөлтийн том хүчин зүйл болжээ.
Өөр нэг онцолж байгаа нөлөөлөл гэвэл хувийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн явдал гэж байна. Хөгжлийн түнш байгууллагуудын 5,5 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэгийн хүрээнд хөрөнгө оруулагчдын итгэх итгэл эерэг нөлөөлсөн гэдгийг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев тодотгосон. Дэлхийн банкны эдийн засагчид Монголын төсвийн менежмент оновчтой байсан, бүтцийн шинжтэй бодлогууд үргэжлэн хэрэгжиж байгаа нь эдийн засаг эрүүлжих том хүчин зүйл болсон гэдгийг хэлж байна билээ. Энэ мэт эерэг дүн байна. Гэхдээ энэ нь бүх зүйл сайн сайхан болчихсон гэсэн үг биш бөгөөд эрсдэлт хүчин зүйлүүд байсаар байна. Дэлхийн банкны тайланд Монголын эдийн засагт нөлөөлж болохуйц 4 эрсдэлт зүйлийг доорхи байдлаар нэрлэжээ. Үүнд:
Улс төрийн тогтворгүй байдал
Хил дээр гарч болзошгүй эрсдлүүд
Банкны салбарын шинэчлэлт хэтэрхий удаашралтай байгаа
Мега төслүүдийн хэрэгжилт хэмээн нэрлэжээ.
Дэлхийн банк Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв богино болон дунд хугацаанд эерэг хэвээр байна гэдгийг онцоллоо.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.