
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хүү Монголд аргаль агнасан талаар олон улсын хэвлэлээр мэдээлсэн. Зөвшөөрөлтэй байсан уу?
-Энэ асуудал хоёр талтай. Нэгдүгээрт, маш сайн талтай. Монгол Улсыг сурталчилж, Монголд аргалийн агнуур байдаг гэдгийг дэлхий нийтэд харуулж, мэдээгүй хэсэг нь мэдэж байгаа байх. Нөгөө талаар Монгол Улсад хууль бус үйл ажиллагаа явуулах болсон юм шиг сөрөг мэдээлэл гаргасан. Трампын хүү Монголд ирж айлчилж ан агнасан нь хууль журмын дагуу хийгдсэн. Иргэдийн дунд тарсан тэр мэдээлэл бол худлаа. Тусгай зөвшөөрөл, квотоо авсан байсан. Аливаа зөвшөөрлийн квот нь гараад тусгай зөвшөөрөл авсан ан хийдэг компаниуд хууль дүрмээ хэрэгжүүлдэг. Хууль бус зүйл байхгүй.
-"Эко алтан заамар" компанид 300 гаруй лиценз байхад яагаад хаахгүй байгаа юм бэ. Дахин хүний амь эрсэдсэн. Яагаад үйл ажиллагааг нь зогсоохгүй байна вэ?
-Нутгийн иргэдийн гомдол үндэслэлтэй байгаа эсэхийг ажлын хэсэг гаргаад шалгаж байна. Цуцлагдсан нь ч байгаа. Батлагдаагүй төлөвлөгөөтэй газар ч байгаа. Тусгай зөвшөөрлийг цуцлахаас илүүтэй ямар дүрэм журам заалтыг зөрчсөн бэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Тухайн шатны засаг дарга нар ерөнхий юмыг дээд түвшний байгууллага руу өгчихдөг. Тодруул гэхээр буцаа гэсэн гэж асуудлыг буруу зөрүү тайлбарлах байдал байгаа. Тиймээс засаг дарга, шат шатны дарга нар нь үүргээ биелүүлэх ёстой. Түүнээс биш Байгаль орчны яам шууд үйл ажиллагаанд нь тэг ингэ гэж заадаг, иргэдийн бүрдүүлээд ирсэн материалыг хүлээж аваагүй асуудал байхгүй. МХЕГ-ын дүгнэлтээр үйл ажиллагааг зогсоох дүгнэлт гаргавал зогсоож болно. БОАЖЯ хамгаалаад байгаа зүйл байхгүй. Мэргэжлийн хяналтын байгууллага хүний амь нас эрсэдсэн бол байцаагчийн албан дүгнэлтээ гаргах хэрэгтэй. Бид байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй бол цуцлах саналыг УУХҮЯ-нд явуулдаг. Байгаль орчны менежмент БОАЖЯ-нд, аюулгүй байдлын ажиллагааг МХЕГ хариуцдаг.
-Үйл ажиллагааг нь зогсоох дүгнэлт ирээгүй гэсэн үг үү?
-Байгаль орчны менежментийн төлөвлөгөө БОАЖЯ-нд, аюулгүй байдлын ажиллагааг МХЕГ хариуцдаг. Эрүү үүсгэн шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Эцсийн шийдвэр гараагүй байгаа гэсэн мэдээлэл бидэнд өгсөн.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.